
Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Залаа-Уул “ЭСЯ-ны цом-2010” Канад дахь Монголчуудын спортын наадмыг нээж үг хэлэв. Тэрээр Канад Улсад оршин сууж буй монголчууд анх удаа нэг дор хуран чуулж, спортоор хүч үзэн өрсөлдөж байгааг цохон тэмдэглээд, алслагдмал хотуудаас энэхүү тэмцээнд ач холбогдол өгч хүрэлцэн ирсэн Ванкувер, Калгари, Монреаль хотын багийнхан болон хүлээн авагч Торонто хотынхонд талархал илэрхийлж Монголчуудын холбооноос зохион байгуулах аливаа үйл ажиллагааг ЭСЯ дэмжинэ гэв. 6 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Канадын Мархам хотноо зохион байгуулагдах Азийн наадмын хүрээнд болох “Азийн спортын тоглолт”-д оролцох манай баг тамирчдыг энэхүү тэмцээнээс сонгон шалгаруулжээ.
“ЭСЯ-ны цом-2010” спортын наадмын үеэр монгол иргэдэд консулын явуулын үйлчилгээ үзүүлсэн талаар Гадаад Харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.