
Хүн төрөлхтний гайхамшигт нээлт Олимпийн наадмаас 19 медаль хүртэж, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орныхоо нэрийг спортын олон төрөлд мандуулан дуурсгасан Монголын тамирчид өнөөдөр “Тамирчдын баяр”, “Олимпийн өдрийг хамтатган тэмдэглэж байна. Жилийн өмнөх яг энэ өдрөөс хойшхи нэг жилийн хугацаанд Монголын спортын салбарт ахиц дэвшил авчрах, Монголын тамирчдын амьдрал ахуй, нийгмийн халамж, амжилт ялалтад түлхэц болох олон ажил биелэлээ олж, хэрэгжиж эхлээд байна. Монгол Улс анх удаа Биеийн тамир, спортод төрөөс баримтлах бодлоготой болов. Монгол улсын Засгийн газраас Биеийн тамир, спортын “Цогц хөтөлбөр”-ийг батлахаар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дагуу 7-64 насны иргэд “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-д хамрагдлаа.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын баг тамирчид дэлхий, тив, олон улсын томоохон тэмцээнээс 17 алт, 23 мөнгө, 43 хүрэл, нийт 83 медаль хүртсэн амжилтаар бид Тамирчдын баяраа угтаж байна. Мөн Булган аймгийн Хялганат сумын нутагт байрлах “Эрдэнэт-Олимп” бэлтгэлийн баазын өмч хөрөнгийг Биеийн тамир, спортын газарт эзэмшүүлэх тухай шийдвэр гарснаар цаашид Монгол Улсын Үндэсний шигшээ багийн болон өндөр зэрэглэлийн тамирчдын бэлтгэл сургуулилтыг хангах “Бэлтгэл сургалтын төв”-тэй боллоо. Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотноо тив, дэлхийн зэрэглэлийн спортын уралдаан тэмцээн, нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах “Цэнгэлдэх хүрээлэн” цогцолбор байгуулах тухай чиглэл өгөгдөж, энэхүү цогцолборын зураг, төслийг боловсруулаад ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулахаар шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
Эрүүл чийрэг, эрч хүч, цог жавхаа, амжилт ялалтын хөтөч манлай болсон Монгол орны нийт тамирчиддаа халуун баяр хүргэж, гүн талархал илэрхийлье.
Тамирчдын алдар мөнхөд мандан бадарч байх болтугай.
Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар