“Монгол гоёл” аяны шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

“Монгол гоёл” аяны шилдгүүд тодорлоо

Монголын уламжлалт их баяр “Цагаан сар”-ыг угтаж, Монгол ёс заншил, соёл уламжлал, үндэсний хувцсаа олон нийтэд сурталчлах, хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэн өвлүүлэх зорилгоор Баянгол дүүргийн Засаг даргын санаачлагаар “Монгол гоёл” нэртэй нэг сарын аяныг нэгдүгээр сарын 3-наас эхлүүлсэн билээ. Уг аянд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, Засаг даргын Тамгын газрын харьяа газар хэлтэс, алба хороод, ЕБС, цэцэрлэг, их дээд сургууль, коллежууд хамрагдсан юм. Өчигдөр энэхүү аянаа дүгнэн “UB Palace”-ын “Royal” танхимд “Монгол гоёл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан үндэсний хувцас хэрэгсэл, соёлын өвийн үзэсгэлэн худалдаа шаргаж Хамгийн сайхан үндэсний хувцас, гоёлтой эрэгтэй, эмэгтэй, хос, хүүхэд гэсэн төрлөөр шилдгүүдээ  шалгарууллаа.

 Үүнд:
“Үндэсний шилдэг эрэгтэй хувцас”-ны төрөлд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн мэргэжилтэн Ш.Жамц

“Үндэсний шилдэг эмэгтэй хувцас”-ны төрөлд Баянгол дүүргийн есдүгээр хорооны иргэн Н.Сүхээ

“Үндэсний шилдэг хос хувцас”-ны төрөлд “New Star” зочид буудлын ажилтан н.Баттулга, н.Давааням

“Үндэсний шилдэг хүүхдийн хувцас”-ны төрөлд 57 дугаар цэцэрлэгийн Болор-Эрдэнэ, 164 дүгээр цэцэрлэгийн Тогтохбаяр нар шалгаран Баянгол дүүргийн засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

Нэг сарын хугацаатай үргэлжилсэн аяны хүрээнд харьяа хэлтэс албадаас нэгдүгээр байрт Баянгол дүүргийн Татварын хэлтэс, хоёрдугаар байрт Нийгмийн даатгал, гуравдугаар байрт дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс шалгарчээ.

Энэхүү аяны гол зорилго нь залуу үе, хүүхэд багачуудад үндэсний дээл, хувцсаа сурталчлах, ёс заншлаа өвлүүлэн үлдээх оршжээ.

“Монгол гоёл” аянд Баянгол дүүргийн төр захиргааны байгууллагуудаас гадна хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд  идэвхтэй оролцсон юм. Уламжлалт сайхан дээл хувцсаараа гоёж үндэсний ёс заншлаа сурталчилсан сайн аж ахуйн нэгжээр Аялал ХХК, Мон девелопмент ХХО-ийн “White house” зочид буудал, “T&G” ХХК-ийн  “New Best” зоогийн газар, Дүүхээ ХХК тус тус шалгарч дүүргийн засаг даргын өргөмжлөл мөнгөн шагналын эзэд болов. Мөн “UB Palace”-ын “Royal” танхимд Монгол дээл хувцсаараа гоён ирсэн үзэгчдээс хамгийн зөв, ёс заншлынхаа дагуу хувцасласан арван хүнийг шалгаруулж дүүргийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа. Энэхүү арга хэмжээг цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулах ажээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж