Инфляцийн өсөлтөд Б.Обамаг буруутгаж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Инфляцийн өсөлтөд Б.Обамаг буруутгаж байна

АНУ-ын төсвийн алдагдал энэ онд 1.48 их наяд ам.доллар болж, дотоодын нийт бүтээгдэхүүний 9.8 хувьтай тэнцэнэ хэмээн шинжээчид дүгнэжээ. Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын дараа 2009 онд тус улсын төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэж, түүхэнд байгаагүй дээд амжилт тогтоож байсан юм. Харин одоо хямралын аюул ард өнгөрсөн хэмээн тайвширч байгаа энэ үед дахин тэр үеийнхтэй дүйцэхүйц хэмжээний алдагдал хүлээх болжээ. Конгрессийн төсвийн хорооноос энэ талаар саяхан танилцуулсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилсан эдийн засгаа дэмжих хөтөлбөрүүдэд зориулж зарцуулах хөрөнгө нь төсвийн алдагдал ийнхүү ихсэхэд хүргэснийг эдийн засагчид нотолж байгаа. Тухайлбал, үүнд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн санаачилсан татварын хөнгөлөлтийн хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгах, ажилгүйдлийн тэтгэмжийг нэмэх зэрэг арга хэмжээнүүд багтана. Татварын хөнгөлөлтийн хуулийн хүрээнд айл өрхүүд өндөр орлого олохын хэрээр татвараас чөлөөлөгдөх аж. Түүнчлэн инфляци нэмэгдэх тусам АНУ-ын Засгийн газрын зарлага ч мөн өсч байгаа юм.

Санхүүгийн хямралын дараах жил тус улс хүнд байдалд орсон банк, “Женерал моторс” тэргүүтэй томоохон компаниудаа дампуурлаас гаргахын тулд 814 тэрбум ам.доллар зарцуулсан. Харин өнгөрсөн онд татварын хөнгөлөлт, ажилгүйдлийн тэтгэмжид зориулж 858 тэрбум ам.доллар төсөвлөсөн. Ийнхүү ердөө хоёрхон жилийн дотор эдийн засгаа дэмжихийн тулд 1.7 их наяд ам.доллар зарцуулж, энэ нь АНУ-ын Засгийн газрын өр 14 их наяд ам.доллараас хол давахад хүргээд байгаа юм. Энэ байдал хэвээр үргэлжилбэл 2021 он гэхэд АНУ-ын Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 62-77 хувьтай тэнцэнэ гэх тооцоог албаны шинжээчид гаргасан байна. Мөн 2021 онд хүн амын дундаж наслалт нэмэгдэж, тэр хэрээрээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын салбарт зарцуулах хөрөнгө ихсэ­хээс өөр аргагүй болно. Ирэх 25 жилийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүний 16 хувь нь зөвхөн тус салбарт зарцуулагдах аж. Энэ бол Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогоос үл хамааран зайлшгүй бий болох зардал юм. АНУ-ын эдийн засгийн өсөлт энэ онд 3.1 хувьтай гарах тооцоо бий. Ирэх онд бүр 2.8 хувь болж буурна гэж үздэг. Гэтэл дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт иймэрхүү удаашралтай байвал шинэ ажлын байр хангалттай олныг бий болгож чадахгүйд хүрнэ. Өнгөрсөн оны байдлаар АНУ-д ажилгүйдлийн түвшин 9.4 хувьд хүрсэн. Энэхүү асар өндөр үзүүлэлтийг бууруулж, хэвийн түвшинд буюу ядаж 5.3 хувьд хүргэхийн тулд дахиад таван жилийн хугацаанд шаардлагатай байгааг шинжээчид нотолжээ. Ийнхүү АНУ-ын эдийн засгийн хэтийн төлөв байдал дунд болон урт хугацаанд сайнгүй байх бололтой. Албаны шинжээчид төдийгүй хөндлөнгийн ажиглагчид ч үүнийг нотолж байна. Тэгвэл АНУ-ын Засгийн газар энэ бүх эрсдэлээс сэргийлж, юу хийж байна вэ.

Өнгөрсөн оны сүүлчээр АНУ-ын Засгийн газар эдийн засгаа дэм­жихийн тулд 600 тэрбум ам.доллар зарцуулахаар болсон. Тус улсын төв банк болох Холбооны нөөцийн сан Сангийн яамныхаа гаргасан бондыг худалдан авахын тулд уг 600 тэрбум ам.долларыг гаргасан. Үүнийг өөрөөр тайлбарлавал их хэмжээний ногоон дэвсгэрт шинээр хэвлэсэн гэсэн үг юм. Энэ нь зах зээл дэх ам.долларын нийлүүлэлтийг нэ­мэгдүүлж, тэр хэрээрээ үнэ цэнийг нь унагасан билээ. Угтаа бол Хятадын юанийг ам.доллараас уяж, хүчээр ханшийг нь сулруулан экспортоо нэмэгдүүлсэн “мэргэн бодлогоос” суралцах гэсэн санаа. Өнөөдрийн байдлаар Хятадын Засгийн газар юанийн ханшаа америкчуудын хүсч байгаа шиг тийм богино хугацаанд чангаруулахгүй гэдэг байр суурин дээрээ хатуу зогсч байгаа. Тийм учраас хариу арга хэмжээ авч, ам.долларын ханшийг сулруулж, түүгээр дамжуулан экс­портоо нэмэгдүүлэх гэсэн бод­лого хэмээн Б.Обамагийн засаг за­хиргааны хийж буй үйлдлийг зарим эдийн засагч тайлбарлаж байна. Мөн экспорт нэмэгдсэнээр ажлын байр олноор бий болно гэх хүлээлт ч байгаа юм. Гэтэл ам.долларын ний­лүүлэлт ихсэхийн хэрээр АНУ-д инфляцийн түвшин нэмэгджээ. Импортын бараа бүтээгдэхүүн тус улсын дотоодын зах зээлд өндөр өртөгтэй орж ирж байгаа учраас тэр. Энэ тохиолдолд Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмсэнгүй. Харин ч бүр бууруулсаар байгаа. Гэхдээ санхүүгийн зохицуулагчид нь энэ сард хуралдаж, энэ оны эхний улиралд мөнгөний бодлогоо тэлэх сонирхолгүй байгаагаа мэдэгдсэн юм. АНУ-ын төв банк мөнгөний бодлогоо сулруулж байгаа тухай онцлоход ийм байна. Харин Б.Обамагийн хувьд төсвийн алдагдал ихсэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа тухай дээр дурьдсан. Түүний баталсан хуулийн хэрэгжилтэд зориулж АНУ-ын төсвөөс чамгүй их хөрөнгө хаяна. Гэтэл энэ бүхэн нь удахгүй болох сонгуулийн бэлтгэл ажил төдийхөн зүйл хэмээн Б.Обамаг буруутгах хүн ч цөөнгүй байна. Б.Обамагийн хувьд өнгөрсөн онд эрүүл мэндийн салбартаа шинэчлэл хийсэн. Харин энэ онд боловсролын салбараа орвонгоор нь эргүүлэх бололтой.

Дашрамд дурьдахад, өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Санхүүгийн хямралыг хянан шалгах хорооноос нэгэн сонирхолтой мэдэгдэл гаргасан. Үүнд 2008 онд болсон моргейжийн зээлээс үүдэлтэй санхүүгийн хямралыг цаг тухайд зогсоож, макро эдийн засагт нөлөөлөхөөргүй болгож болох байсан тухай онцолжээ.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж