Дуурь бүжгийн эрдмийн театрт өчигдөр нэгэн гайхамшигтай тоглолт болж өнгөрлөө. Байгуулагдсан цагаасаа хойш зургаа дахь тоглолтоо хийсэн “Мемори поп оркестр”-ын тоглолт бүхэлдээ тансаг болж өнгөрөв. Харамсалтай нь энэ гайхамшигтай үдшийг дуучин Ц.Хулан гутаах шиг болов. Хоолойны чадалтай ч тайзны соёлгүй дуучин бүсгүй олныг гайхшруулаад авлаа. Тус тоглолтод ардын жүжигчин А.Долгор, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа, Г.Шижирболд, Ө.Уянга, хөгжимчин П.Баттөр, төгөлдөр хуурч С.Алимаа нар оролцож, дэлхийн сонгодгуудыг тайзнаа эгшиглүүлсэн. Гэхдээ дуучин Ц.Хулан тайзнаа гарч ирсэн цагаасаа эхлэн ярвайж дуулсаар үзэгчидтэй ч ёслохгүй шууд л муухай харсаар гүйгээд орчихов. Үзэгчид ямар сайндаа л “ямар бүдүүлэг дуучин бэ, сонгодог урлагийн энэ их тайзыг үл хүндэтгэсэн соёлгүй хүүхэн бэ” хэмээн ярилцаж байв.
М.Анир