Энэ талаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-д ард түмний төлөөлөл болж орсон Ж.Батзандангаас тодрууллаа.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурал дахиад л хойшиллоо. Шалтгааныг нь танд хэрхэн тайлбарласан бэ?
-Би ТУЗ-ийн хурал хойшилсныг мэдээгүй. Энэ тухай өөрөөс тань л сонсч байна. Хуралдаа оролцох гээд ТУЗ-ийн дарга Д.Сугарыг утасдахыг хүлээж байлаа.
-ТУЗ-ийн хурал хойшилж байгаа нь хурлаар шийдэх асуудлуудад ямар нэгэн лобби орох вий гэсэн хардлага дагуулж байна. Та ард түмний төлөөлөл болж ТУЗ-д сонгогдсоны хувьд энэ бүхэнд ямар хяналт тавьж байна вэ?
-Төрийн өмчийн хороо болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн материалаас гадна 2011 оны төсөв, ажлын төлөвлөгөөг уншиж байна. Тендерийн санал авах хугацааг хойшлуулж байгааг хүмүүс хардаж байгаа ч бүх юм хууль журмын дагуу явж байгаа гэж хэлмээр байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин