Хэн нь “Тархины түгжээ мултлагч” вэ

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Хэн нь “Тархины түгжээ мултлагч” вэ

“Донж” төвийн тэргүүн гэх тодотголтой Б.Түвшин дээхнэ үед гаргасан номынхоо нэрээр “Тархины түгжээ мултлагч” гэдэг ярилцлагын нэвтрүүлэг явуулдаг. Сэтгүүлчид ярилцах гэж байгаа хүнээ ч судалдаггүй гэж шүүмжилдэг байсан мөртлөө “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгээс “Танай аав чинь юу билээ…” гэж бараг амьд уу л гэж байгаа юм уу гэмээр асуулт асууж цочоож байсан. Уг нь Лхагваагийн аав хошин урлагийн анхдагчдын нэг жүжигчин СТА Хатанбаатар гэдгийг хэн хүнгүй мэддэг байхад…   

Бараан өнгө голчилсон тайз засалтай, нэвтрүүлэг дээрээ Б.Түвшин өөрөө бодлогоширсон нухацтай төрхөөрөө гоёх “тактик” баримталдаг юм уу гэмээр нэвтрүүлэгт нь үе үе үнэхээр сонирхолтой зочид оролцдог. Өчигдөр уг нэвтрүүлэгт “Гүн” шим сургалтын төвийн захирал, “Cooк time” нэвтрүүлгээрээ бас нэлээд олны танил болсон тогооч н.Эрдэнэбаяр оролцон “тархиныхаа түгжээгээ мултлуулав”. Заримдаа нэвтрүүлгээрээ “Аливаа хүнсний бүтээгдэхүүнийг шарах процесст оруулснаараа тухайн бүтээгдэхүүний өнгө, хэлбэр, дотоод шинж чанарт өөрлөлт орох процесс явагдан…” гэх мэтчилэнгээр орооцолдсон юм ярьдаг мань эр энэ удаа Б.Түвшинг асуулт асуухын зуургүй дуржигнуулж, нэвтрүүлгийг нь харин ч сонирхолтой болгож байв. “Тархины түгжээ мултлагч” Б.Төгөлдөр “Намууд нэгдлээ, Оюутолгой, Тавантолгой бүтэлгүйтлээ гээд сонин хэвлэлээр яриад байгаа зүйлсийг та юу гэж хүлээж авдаг вэ, Та далд ертөнц байдаг гэдэгт итгэдэг үү…” гэх мэтчилэн аминдаа л их нухацтай асуулт тавих гэсэн ч “Асуултаас займчуулаад байгаа ч юм биш. Би тэртэй тэргүй их стресстэй байдаг. Өөрийнхөө ажил төрөл, ажилтнууд, суралцагчдынхаа ажлыг зохицуулах гээд надад зөндөө асуудал байна. Би өөрөө өөрийгөө авч явахаас гадна олон хүний ажил, амьдралыг хариуцаж яваа хүн” гэсэн хариулт сонсов. “Танд ямар стресс байна” гэсэн Б.Төгөлдөрийн асуултад ч мань хашир маргахын аргагүй өмнөх ажлаа сайн хийх ёстой, өөрөө өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх нь илүү чухал гэсэн санаагаа товхийтэл ойлгуулж чадав. Сүүлдээ тогооч эр залхсан уу, яасан “Ингэхэд ер нь та бид хоёрын хэн нь хэнийхээ тархины бөглөөг мултлаад байгаа юм бэ? Ер нь хэн хэний тархины бөглөөг мултлах ёстой юм бэ” гэж шулуухан хэлээд амжина лээ. Ингэхэд ер нь хэн нь хэнийхээ тархины бөглөөг мултлах гээд байгаа юм бол доо?

А.АНУ    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж