
-Та бүхэн “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Г.Уянгыг генсекээрээ томилсон нь танай намд багагүй хэл ам дагуулах шиг боллоо. Ялангуяа танай намын эмэгтэйчүүд нэлээд бухимдалтай байх шиг байна?
-Манай нам анхнаасаа үндэсний үзэлтэй, энэ үзлийн төлөө тууштай явдаг хүмүүсийг нэгтгэе, улс төр хийх гэж байгаа хүмүүс, залуучуудад гүүр болъё гэсэн зорилт тавьж байсан. Г.Уянгын хувьд урьд нь “Улс төрийн сонин” гаргаж, энэ сэдвээр бичиж, нийтэлж байсан, иргэний хөдөлгөөнд ажилласан гээд улс төрийн хувьд нэлээд боловсорсон хүмүүсийн нэг гэж үзэж байгаа. Сүүлд иргэний хөдөлгөөн удирдаж ажилласан. Ингэхдээ сайн, муугаар зөндөө хэлүүлсэн. Гэсэн ч ард түмэн, үндэсний эрх ашгийн төлөө тууштай тэмцэж чадах хүн гэдэг нь харагдсан гэхэд болно. Энэ байдлуудыг харгалзаад, хоёр талаасаа ойртоод Г.Уянгааг намын генсекээр томилсон байгаа. Тэр бухимдсан гэх ярианы тухайд бол Уянгааг янз бүрээр гүтгэж байсан зүйлд итгэснээс шалтгаалсан байх. Түүнийг мөнгөний төлөө ажилладаг, урваж шарвадаг гэх мэтээр харлуулж их бичсэн шүү дээ. Тийм зүйлд хэт автагдсан зарим хүн түүнийг мөнгө төгрөгт автаад явчих юм биш биз дээ гэсэн болгоомжлол байсан байх.
Манай намд тийм ойлголттой хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Гэвч аливаа юм хүнийг тэгж элдвээр бичсэн, хэлснээр болдоггүй. Гагцхүү ажлаа хэрхэн хийхээс бүх зүйл хамаарна. Тэр элдэв хов жив үнэн худал эсэх нь яваандаа тодорхой болно. Ер нь аливаа ажлыг эхлүүлээд, эх орон, үндэсний эрх ашгийнхаа төлөө шаргуу ажиллах чадвартай гэдэг үүднээс нь бид сонгосон. Насны хувьд намын дарга, удирлагатай харьцуулахад бидний хүүхэд шиг хүн. Гэхдээ манай намд шинэ залуу үе орж ирж байгаа гэдэг талаас нь бид их олзуурхаж байгаа.
-Сонгуулийн системийг өөрчлөх тухай УИХ дээр ид ярьж байна. Таны хувьд ямар өөрчлөлт хэрэгтэй вэ. Ер нь сонгууль явуулах хэлбэрийг заавал өөрчлөх шаардлага байна уу?
-Сүүлийн 20 жилд бид зөндөө л сонгууль явууллаа. Гэхдээ дандаа будилаантай болдог. Үүндээ бүр дасчихсан байна. Сонгуулийн хуулийн талаар нэг герман хүн зөвлөгөө өгч байсан шүү дээ. Германд сонгуулиа яаж шударга явуулах вэ гэдэг дээр хүн бүр чармайдаг. Харин Монголд яавал бие биенээ илүү хуурах вэ гэж улайрдаг. Ингэж удаан явж болохгүй ээ гэдгийг зөвлөж байсан. Бид өнгөрсөн хугацаанд сонгуулийг янз бүрээр явуулж үзсэн. Бүгдэд нь луйвардъя гэснээрээ луйвардаад л өнгөрсөн. Тэгэхээр системийг өөрчлөх биш, оролцож байгаа, зохион байгуулж байгаа хүмүүсийг нь өөрчлөх хэрэгтэй юм. Нэгэнт төрийн төлөө сонгууль учраас улс төрийн намуудын гар хөл болсон хүмүүс бус, төрдөө тангараг өргөсөн төрийн албан хаагчид сонгуулийг зохион байгуулах ёстой. Намын хүмүүс бол намынхаа төлөө л зүтгэх нь тодорхой. Бие биенээсээ давж булхай хийхийн төлөө зүтгэнэ. Сайн ажиллавал эргээд намдаа үнэлэгддэг. Тэгэхээр ард түмний оролцоо, хяналт гэж байхгүй болчихоод байгаа юм. Ийм байж таарахгүй.
-Сонгуулийн булхай гэж яриад байна. Ер нь яг яаж луйварддаг юм бол оо?
-Сонгууль бүрийн дараа ярьдаг шүү дээ. Зохион байгуулж байгаа хүмүүс нь санаатайгаар, шахалт дарамтаар будилуулсан жишээ олон бий. Батаа гэдэг хүний нэр байхад Болд гэж унш гээд хүчээр уншуулах ч юм уу, янз бүрийн байдлаар л луйвардаж байна. Хэсгийн хороонд ажилласан хүмүүс “Худлаа уншиж байгааг чинь хэн харах юм бэ гээд уншуулсан” гэж ярьсан тохиолдол бий. Ер нь тогтолцооны хувьд энэ 20 жилд бид ямар ч ахиц гаргасангүй. Үүнээс болж ард түмний тал хувь нь ядуурсан. Тиймээс бид гадны хүмүүсийг дуурайж мэдэх мэдэхгүй юм хийж байснаас үндэснийхээ уламжлалд тулгуурлаад, үндэснийхээ улс төрийн системийг боловсруулаад явах ёстой гэж үздэг.
-Засаглалын хэлбэрийн тухайд та ямар бодолтой байна вэ?
-Өнөөдөр тодорхой асуудлыг хариуцах эзэн гэж алга. Үлгэрт олон толгойтой мангас дандаа ялагддаг шүү дээ. Энэ бол биднийг өнөөдөр ийм байдалд хүрчих вий гэж өвөг дээдэс сэрэмжлүүлж байсан хэрэг. Гэтэл Монголын төр 95 толгойтой болчихсон байна. УИХ-ын гишүүдийн эрх мэдлийг хэтрүүлчихсэн. Ерөнхийлөгч, гишүүн хоёр бараг адил эрх мэдэлтэй байна. Энэ олон толгой чинь эв зүйгээ олохгүйгээс гадна идэж уухдаа бүр гаргуун байгаа. Тиймээс олон толгой хол явахгүй ээ гэсэн үг.
-Тэгэхээр яаж цөөлөх ёстой вэ?
-Ерөнхийлөгч нь Засгийн газраа шууд удирдаад явдаг байх ёстой. Мөн намуудаас сонгогддог энэ УИХ-ын дээр төрийн захиргаа, аймаг орон нутгийнхаа харьяаллаар сонгогддог, ямар ч намаас хараат бус бас нэг танхим байх ёстой. Түүнийг бид Үндэсний хуралдай гэж томьёолоод байгаа. Энэ нь намуудаас сонгогдсон УИХ-ыг хянадаг, ийм тогтолцоог л бий болгох шаардлага байгаа гэж үзэж байна.
-Энэ төр тийм өөрчлөлт хийж чадах болов уу?
-Бидний зүгээс боломжийн хэрээр саналаа тавьж, шахаж шаардах ажлаа хийнэ. Уг нь ирэх 2012 оны сонгуулиас өмнө төр, засгаа ингээд цэгцэлчихвэл ард түмэнд л хэрэгтэй. Бид үндэсний хувьсгал айсуй гэдгийг жирийн иргэддээ ч, төрд байгаа хүмүүст ч сануулсаар байгаа. Яагаад үндэсний хувьсгал гээд байна гэхээр аливаа хувьсгалд дандаа гадны оролцоо байдаг. Жишээ нь, 1911, 1921 оны хувьсгалыг үндэсний гэгдэж байтал 30-аад жилийн дараа коммунист хувьсгал болгочихсон. Ерэн оныхыг ч гэсэн анхнаасаа дажгүй явж байтал Ардчилсан хувьсгал гэж нэр өгөөд, яваандаа гадныхны заавар ороод, хувиа хичээсэн хүмүүсийн тоглоом болж хувирсан. Хүний эрх, эрх ашиг гэж өнгөн дээрээ ярьдаг ч цаана нь улс орны эрх ашиг үргэлж хохирч, гадныхны дэмжлэг авсан хүмүүс нь хождог болсон. Одоо ер нь нэг л бишээ гэсэн хандлага хүн бүрт бий. Гэхдээ нэг л бишээ гэчихээд удаан явж болохгүй. Болохгүй байгаа юмыг засч залруулах л хэрэгтэй. Тэр өөрчлөлтийг хийх агуулга нь үндэсний хувьсгал байх юм гэж бид нам дотроо яриад, тодорхойлчихсон. Өөр намууд ч өөрчлөлт, хувьсгалын тухай ярьж байгаа. Саяхан Э.Бат-Үүл хэлж л байсан. Гэхдээ үндэсний шинжтэй гэж ямар ч байсан хэлэхгүй байна билээ.
-Энэ бүхнийг бодит ажил хэрэг болгохын тулд Үндсэн хуульд заавал өөрчлөлт оруулах хэрэгтэй байх тийм үү?
-Үндсэн хуульд тусгах хамгийн гол өөрчлөлт бол үндэсний эрх ашиг гэдэг зүйлийг л хамгаалсан, товойлгосон, гадны нөлөөг хязгаарласан заалтууд байх ёстой. Одоо Үндсэн хуульд эрх, эрх ашиг гэсэн үг 30 гаруй байгаа хэрнээ хариуцлага гэдэг үг ганцхан байна. Манай уламжлалд өмчилнө гэхээсээ илүү хариуцна гэсэн ойлголт байсан. Ялангуяа, нийтийн баялгийг хэн хариуцаж, ямар үр дүнд хүргэх нь тодорхой байх учиртай. Одоо жишээ нь Тавантолгойг өмчлөх л асуудлыг яриад байна. Түүний оронд хэдэн хувийг нь хэн хариуцаж, ямар үр ашиг хүртэхийг л ярьмаар байгаа юм.
-Хариуцлага хүлээх, хүлээлгэх ойлголт байхгүй болжээ дээ?
-Хэний өмнө хариуцлага хүлээх вэ гэдэг нь маш тодорхой байх хэрэгтэй. Төрийн ч бай, хувийн ч бай ямар нэг компанийг дампууруулсан бол үндэснийхээ өмнө, монголчуудынхаа өмнө хариуцлага хүлээх ёстой. Гадны жишигт компани дампууруулсан бол шоронд орж л дуусдаг. Манайд болохоор санаатай, санамсаргүй алдаа гаргачихаад хэн ч хариуцлага хүлээдэггүй. Шоронд ордоггүй юм аа гэхэд таван жил, арван жил бизнес хийх, төрийн албанд залрах эрхийг нь хязгаарлах нь зөв. Ноцтой алдаа гаргасан хүн тэр нийгэмдээ шившигтэй байдалд ордог байтал манайд банк дампууруулсан нөхдүүд бараг л бахархаад явж байна.
-Танай намаас УИХ, Засгийн газрыг хууль бус гэж үзсэн. Шүүхийн шийдвэр ч гарсан гэж байсан. Энэ асуудал юу болж байгаа вэ?
-Сонгуулийн будилаантай холбоотой факт бол хангалттай бий. Хоёр нам хоёулаа булхайтай учраас яаж ийж аргацаагаад дөрвөн жилээ өнгөрөөе л гэж бодож байх шиг байна. Үүнийгээ төр, засгаа бужигнуулаад яах вэ гэсэн байдлаар аргалдаг. Иргэд ч сонгууль биш боллоо гээд жагсаал цуглаан хийж эсэргүүцсэн. Түүнийг нь хүчээр дарсан. Тэгээд яваандаа амьдрал ахуйгаа бодоод хүмүүс ч энэ асуудлыг мартаж байх шиг байна. Айдас хүйдэст ч автагдсан байх. Санаатай болон санамсаргүй алдаа гарч болно. Хүний хорвоо угаасаа ийм л эрээн алаг байдаг. Гэхдээ алдаагаа дахин давтаад байж болохгүй.
-Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг та яаж харж байна. Сэргэж байна, баларч байна гээд төрд байгаа улсууд янз бүрээр л ярих юм?
-Ялгаа их бий. Нэг хэсгийнх нь ахуй амьдрал бага багаар дээшилж л байгаа. Бас нэг цөөн хэсэг нь хэт баяжсан. Харин тэн хагас нь ядуу байгаа. Гаднаас 30 хувийг нь зээлж, дөнгөн данган аргалдаг байсан 20 жилийн өмнөх үеийг бодвол Монгол орон биеэ даагаад явах эдийн засагтай болсон. Гэхдээ сүүлийн 20 жилд солонгосчуудын хөгжсөн темп, дайны дараах 20 жилд япончуудын хөгжсөн темп, хятадын хөгжиж буй темптэй харьцуулахад үнэхээр чамлалттай байгаа. Цаашид ийм удаан темпээр яваад байж болохгүй юм байна гэдгийг бид ойлгож байгаа.
-Стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Тавантолгойг ашиглах талаар Засгийн газрын дэвшүүлж буй хувилбарыг дэмжиж байгаа юу?
-Байгаа баялгаа ашиглах ёстой. Хэрэв байгаа юмыг үхмэл хэлбэрээр хадгалаад байвал сөрөг үр дагавар авч ирдгийг Америкийн индианчуудын түүх харуулсан шүү дээ. Нэгэнт л түүнийгээ найдвартай хамгаалах эдийн засаг, зэр зэвсгийн хүчгүй бол илүү их эрсдэлтэй гэсэн бодит жишээ. Бид ийм гашуун түүхийг давтах ёсгүй. Баялгаа ашиглаж хүмүүсээ боловсролтой, ажилтай, төрөө хүчтэй болгох ёстой. Ашиглахдаа аль болох өөрсдөө биеэ дааж ажиллах хэрэгтэй. Чадахгүй зүйлээ бусадтай хамтраад хэрэгжүүлж болно. Хамтрахдаа мөн л монголчуудад ашигтай байх зарчмыг баримтлах нь чухал.
Оюутолгой дээр бол тун муу шийдвэр гаргасан. Жишээ нь, орд ашиглах талаар хэлэлцээр хийж байгаа сайд нар өөрийн орны эрх ашгийг дээдэлсэн хувилбараа дэвшүүлээд, болохгүй бол эргэж ярилцахын оронд гадны компанийн төлөөлөгч юм авирласан нь харамсалтай. Тэд өөрсдийнхөө үүргийг ойлгоогүй юм шиг байна билээ. Бид үүнийг манайд ийм хэмжээний том гэрээг үндэсний эрх ашигт нийцүүлэн хийх чадвартай сайд нар алга гэж дүгнэсэн. Нэгэнт тийм чадвартай хүн байхгүй хойно яарах хэрэггүй байсан юм. Харин Тавантолгойн тухайд бол нүүрс гэдэг чинь зэс, алтыг бодвол харьцангуй энгийн технологитой. Манайд хангалттай туршлага бий гэдэг утгаараа бид өөрсдөө л ашиглах ёстой.
-Ард түмэнд тэнцүү ашиг хүртээх тухайд?
-Мэдээж ард түмэн баялгийн эзэн учраас үр шимийг зайлшгүй хүртэх учиртай. Гэхдээ бэлэнчлэх сэтгэлгээг дэвэргэж болохгүй. Ажил хөдөлмөр эрхэлж, улс орондоо бодитой хувь нэмэр оруулж байгаа хүмүүстээ илүү хүртээх нь зөв. Цалин хөлсийг нь хангалттай нэмдэг юм уу, ямар нэгэн гавьяа байгуулсных нь төлөө хувь өг. Харин ямар ч ажил хийдэггүй, архичин, гэмт хэрэг хийсэн хүмүүс энэ улсын иргэн гээд л ашиг хүртээд байж таарахгүй. Энэ бол манай улсын ирээдүйд хортой зүйл. Муу юм хийсэн ч сайхан амьдарч болно гэсэн ойлголт байж болохгүй.
-Та Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан хүн. Одоогийн НХХЯ-ыг зөвхөн халамжийн яам боллоо гэх шүүмжлэл бий. Ажилгүйдэл буурахгүй байна. Төрөөс ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Ер нь аливаа баялаг гэдэг хөдөлмөр, хөрөнгө хоёроос л бүтдэг. Өнөөдөр хөрөнгийг илүү шүтдэг, хөрөнгө оруулсан хүмүүс илүү ашиг хүртдэг, харин хөдөлмөр хийсэн хүн нь ядуурдаг сонин жишиг тогтчихож. Зөвхөн ажилгүйчүүд бус, ажил хийж байгаа нь ч ядуу байна. Цалин хангалтгүй байна гэсэн үг. Тиймээс хөдөлмөрийг урамшуулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар анхаарах шаардлагатай. Өнөөгийн зах зээлийн бас нэг зарчим нь төрөөс шууд цалин нэмэхдээ гол нь биш. Ажил хийж байгаа хүмүүс өөрсдөө нэхэж, шаардаж цалингаа нэмүүлэх учиртай. Үүний тулд үйлдвэрчний эвлэлийн байгууллага идэвхтэй ажиллах ёстой. Гэхдээ мэдээж хэтрүүлж, эмх замбараагүй байдалд турхираад улс орноо дампууруулж болохгүй. Ажил хийж байгаа хүн хангалуун сайхан амьдрах ёстой. Үүний төлөө бид ажиллана. Манай нам хувь хүн талаас нь биш, өрх гэрээр нь дамжуулсан нийгмийн бодлогыг чухалчилдаг. Монголынхоо бүх гэр бүлийн амьдралыг судлаад бизнес хийх гэж байгааг нь яг тэр чиглэлээр нь дэмжээд, хоногоо аргацаах хэмжээнд тулсанд нь мөн тохирсон тусламж үзүүлээд явах учиртай. Одоо энэ 70 мянгыг л гэхэд ямар амьдралтай байхаас нь үл хамаараад хүн бүрт тараачихаж байна. Баян ч, ядуу ч түр зуурын л мөнгө. Үүний оронд гэр бүлийнх нь мөнгийг анх амлаж байсан хэмжээгээрээ бөөнд нь өгчихсөн бол өрхийн амьжиргаанд маш их нэмэр болно. Харамсалтай нь эрх барьж байгаа хоёр нам энэ мөнгийг анх амлахдаа ч учраа олоогүй. Өгөхдөө ч учраа олохгүй будилаад явж байна.
-Халамжаас болж төсөв баларч байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Үгүй. Хамгийн гол нь үр ашиггүй зардал хэт их байгаагаас алдагдалд ороод байгаа юм. Шахааны тендер гэх мэт хяналтгүй зардлууд төсвөөс асар их мөнгийг салхинд хийсгэчихэж байна. Одоо хүүхдийн мөнгийг өгч чадахгүй гэж л байна. Энэ бол худлаа. Боломж байгаа. Төрийн мөнгийг иддэг олигархиуд нь ханаж цадахгүй байна. Буруу зүйлд л зарцуулахаа болих хэрэгтэй.
-Төрд бизнесмэн, олигархиуд шургаллаа гэж шүүмжлэх нэгэн байхад харин ч зөв гэж зарим нь дэмждэг. Таны хувьд?
-Бизнесмэнүүд төрд орж болно. Хууль тогтоомж гаргахдаа зовлон жаргалыг нь илүү мэддэг байж болно. Гагцхүү хувийн эрх ашигт үйлчлэх үү, нийтийн эрх ашигт үйлчлэх үү гэдэгт л учир бий. Төрийн эрх мэдлийг ашиглаж, төрийн өмчийг зарж л болохгүй. Бас нэг аюултай зүйл нь хувийн бус, гадныхны эрх ашгийг хуульд тусгах гэж зүтгээд байдаг нэг хэсэг байна. Яагаад гэвэл тэд авлига авчихсан учраас ингэж байгаа юм. Бизнес хийдэггүй хэрнээ баяжчихсан хүмүүс чинь гаднаас авлига авдаг нөхдүүд байхгүй юу. Ийм хүмүүс бизнесмэнүүдээс илүү хортой. Үндэсний эрх ашгийг үгүй хийх аюултай.
Ч.Дашдэлэг.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.