“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 1.5 тэрбум ширхэг хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд хуваарилах ёстой. УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасны дагуу хувьцааг энэ оны эхний улиралд багтаан хуваарилах ёстой байсан. Гэсэн ч одоогоор хувьцааг олгох ажлын бэлтгэлийг хийж байгаа аж. Тогтоолд заасан хугацаанд олгоогүй байгаагийн шалтгааныг холбогдох хүмүүс нь “Шат дараалсан арга хэмжээнүүдийг авч байгаа” хэмээн тайлбарлаж байна. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн хувьцааг иргэдэд хэрхэн, ямар шалгуураар олгох вэ гэдгийг хэлэлцэх юм байна. Хувьцаа эзэмшихэд тухайн иргэнд ямар шалгуур тавих вэ гэдгийг холбогдох хүмүүс нь боловсруулаад Засгийн газраас дэмжлэг авчээ.
Харин аж ахуйн нэгж, компаниудад нарийн шалгуурыг тавих ёстой гэдэг дээр олон хүн санал нийлж байгаа. Болсон, болоогүй компани байгуулчихаад 30 мянган ширхэг хувьцаа эзэмших гэж байна хэмээн хардах хүмүүс ч захаас аваад гарч ирсэн. Гэсэн ч хувьцааг иргэдэд үнэгүй эзэмшүүлэх бол компаниудад нэрлэсэн үнээр зарна гэдгийг холбогдох хүмүүс онцолж байлаа. Түүнчлэн 2010 оны зургадугаар сарын 1-нээс өмнө компанийн гэрчилгээгээ авч, бүртгүүлсэн, гадаадын хөрөнгө оруулалт нь 25 хувиас доош, татвараа төлсөн компаниудад дээрх эрх нээлттэй болох юм. Дээрх шалгууруудаас шалтгаалж хувьцаа эзэмших аж ахуйн нэгжийн тоо өөрчлөгдөх бололтой. Гадаадын хөрөнгө оруулалт нь 25 хувьтай тэнцсэн компани одоогийн байдлаар 400 орчим байгаа бөгөөд эдгээрт хувьцаа олгох эсэхийг хэлэлцэж байгаа ажээ.
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугараас дараах асуултад хариулт авлаа.
-Иргэд, аж ахуйн нэгжид хуваарилах хувьцааны нэрлэсэн үнэ хэдэн төгрөг байх вэ. Хүмүүс үүнийг их сонирхож байна?
-Иргэдэд олгох 550 ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг заавал одоо зарлана гэсэн хуулийн заалт байхгүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлж байна. Гэхдээ энэ оны нэгдүгээр улиралд багтаан зарлана. Мэргэжилтнүүд өөрсдийн аргачлалаар нэрлэсэн үнийг тооцоод гаргачихсан байгаа.
-Хувьцааны нэрлэсэн үнийг зарлахгүй хойшлуулж байгаагийн шалтгаан нь юу юм бэ?
-Холбогдох бэлтгэл ажлуудыг хийж байна. Хувьцааны нэрлэсэн үнийг энэ оны эхний улиралд багтаан зарлах байх. Түүнээс өмнө хөрөнгө оруулалтын банк, хуулийн зөвлөх компани, аудит хийх олон улсын нэр хүндтэй байгууллага, нөөцийн үнэлгээг хийх техникийн зөвлөхүүдийг шалгаруулах ёстой.
-Хувьцааг иргэдэд хуваарилах явцад ямар нэгэн алдаа гаргах вий гэсэн болгоомжлол байна?
-Монгол Улсын Засгийн газарт ч ийм болгоомжлол байгаа. Иргэдэд олгох хувьцаа эрт орой хэзээ нэгэн цагт энгийн хувьцаанд хөрвөнө. Түүнээс өмнө хувьцааны ач холбогдол, үнэ цэнийг ойлгуулах хэрэгтэй.
Харин “Эрдэнэс МГЛ” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Энэбиш “Хувьцааны нэрлэсэн үнийг аж ахуйн нэгж, компаниуд худалдан авахад хүндрэлгүйгээр боломжийн хэмжээнд тогтоох байх” хэмээн хариуллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьцааг хуваарилахын өмнө 1-2 жилийн дараа олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр ямар үнээр арилжаалах, үнэлгээ нь ямар байх вэ гэдгийг тооцох ёстой. Харин эдгээр ажлыг хэрхэн хийх зөвлөгөөг олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банкууд өгдөг аж. Одоогийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компаниас хөрөнгө оруулалтын банк, аудитын компаниудад хамтран ажиллах хүсэлтээ явуулжээ. Улмаар хамтран ажиллах саналыг хүлээн авч байгаа бөгөөд хуулийн зөвлөхийн сонгон шалгаруулалтыг удахгүй эхлүүлэх юм байна. Улмаар энэ оны эхний улиралд дээр дурьдсан үндсэн зарчмуудыг тодорхойлж энэ оны эхний хагас жилд хувьцааг иргэдэд олгоно хэмээн холбогдох хүмүүс хэллээ.
Иргэдэд хувьцааг хэрхэн олгох брокер, дилерийн компаниудтай хэрхэн хамтрах, мэдээлэл солилцох, иргэдийн бүртгэл, дансыг яаж нээх зэрэг ажлуудыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж, тооцооны төвөөс хийж байгаа юм байна. Засгийн газраас иргэдэд хувьцааг олгохдоо брокер, дилерийн пүүсүүдээр дамжуулах эсэхийг шийдвэрлэх учиртай. Хэрвээ брокер, дилерийн компаниуд дээрх ажилд бэлэн биш байвал арай өөр хэлбэр сонгохыг үгүйсгэхгүй хэмээн Л.Энэбиш захирал хэлж байсан. Тиймээс уг ажилд арилжааны банкуудыг оролцуулж магадгүй аж.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин