Тэгвэл Канадын хөрөнгө оруулагчид юуны учир Цөмийн энергийн газрын олон улсын арбитрын шүүхэд дуудаж, “Алтан дорнод Монгол” компанийн адил Монголын талыг донсолгох болов гэдэгт дараах хариулт гарах аж. “Алтан дорнод Монгол”-ын хувьд Монголын Засгийн газарт татвар төлөхгүй гэдэг хуулийн үндэслэлийг барьж шүүхдэлцэж байгаа. Харин “Хан ресурс” “Дорнод-Уран”-ы ордын ашиглалтын лицензийг төрийн эрх мэдлийн хүчээр булааж авчихаад эргүүлээд хүчингүй болгосон нь хууль бус үйлдэл хэмээн үзэж буй.
Үүний тайлбарыг тус компанийн Монгол дахь төлөөлөгчөөс тодруулахад “Цөмийн энергийн газар УИХ-аас Цөмийн энергийн тухай хууль болон дагаж мөрдөх журмыг батлахтай зэрэгцээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсад олгосон бүх ураны хайгуулын болон ашиглалтын лицензийг хурааж авсан. Тухайн үед энэ талаараа лицензийн бүртгэлийг шинэчлэх зорилготой хэмээж тайлбарласан бусад компанийн лицензийг эргүүлж өгөөд манайхыг өгөөгүй. Тэр бүрт нь манайх лицензээ бүртгүүлэх санал тавьсан ч хүлээж аваагүй. Эцэст нь лиценз эзэмших эрхийг хууль бусаар цуцалсан. Хэрэв лиценз цуцлах ёстой гэж үзсэн бол эхлээд тухайн компанийн нэр дээр шинэчилсэн бүртгэл хийгээд дараа нь цуцлах ёстой. Шинэчилж бүртгүүлэхээр өгсөн лицензийг бүртгэхээс татгалзаж, улмаар шууд цуцална гэдэг бол байж болохгүй үйлдэл” гэдэг тайлбар өгч байна.
Мөн нэгэн сонирхолтой санаа дэвшүүлсэн нь “Манай компанийн хувьцааг Оросын талаас төрийн өмчит “Атомредметзолота” компани худалдаж авах санал дэвшүүлэхэд Монголын төр ямар ч байр суурь илэрхийлээгүй. Гэтэл Хятадын CNNC групп манайхаас хувь эзэмших хүсэлтээ тавихад үүнийг улстөржүүлж, “Хан ресурс”-ын лиценз хүчингүй гэдэг гэнэтийн мэдэгдэл хийсэн. Оросын талын хувьд манай лицензийг Цөмийн энергийн газарт шинээр бүртгэж авна гээд хураачихсан байх үед тавьсан. Хятадын тал ч адилхан. Тэгэхэд нэгэн дээр нь чимээгүй байгаад нөгөө дээр нь бидэнд ч хэлээгүй лиценз цуцалсан гэдэг мэдэгдэл хийсэн” гэдэг дүгнэлт байв. Нэг ёсны энэ эрх ашгийг Ерөнхий сайд асан С.Баяр болон Оросын “РосАтом”-ын төлөөлөгчид “Дорнод-Уран”-ы ордтой танилцаж, “Хан ресурс”-ын төв байрнаа сэм уулзсан уулзалтын дараахнаас өрнөсөн гэх хардлагыг Канадын тал зөвхөн өнөөдөр бус тухайн цаг мөчөөс эхлэн тавьж байсан юм.
Мөн Монголын Засгийн газраас “Хан ресурс”-ын удирдлагуудад “Бид ураны талбарт Японтой хамтрах сонирхолтой байгаа. Тийшээ хамтрагч судал” гэдэг үүрэг өгч байсан нь ч бий. Үүнийх нь хүрээнд “Хан ресурс”-ынхан Японы “Марубени” корпорацитай хамтрах гэрээнд гарын үсэг зурж байсан. Гэтэл энэхүү үйл явдалтай нь давхцаад Оросын Ерөнхий сайд В.Путин Японд айлчилж, “Монголын ураныг хамтарч ашиглана” гэдэг тохиролцоог хийчихээд Монголд үдлээд буцсан нь бий.
Ийнхүү Торонтогийн хөрөнгийн биржээр хувьцаагаа арилждаг тус компани Монголын Засгийн газрыг олон улсын шүүхэд дуудлаа. Тэдний хувьд өнгөрсөн хугацаанд 22 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг “Дорнод-Уран”-ы ордод хийсэн бөгөөд цаашид хөрөнгийн зах зээлээс хөрөнгө төвлөрүүлөх замаар эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг тооцоотой байсан юм. Торонтогийн хөрөнгийн бирж дээр Дорнод ураны ордын хөрөнгө оруулалтыг олохын тулд 54 сая ам.долларын хувьцаа гаргаж, өдөрт 3500 тонн хүдэр тээрэмдэн, боловсруулах уурхайд жилдээ 4,5 сая тонн фунт ураны исэл үйлдвэрлэх замаар 15 жилийн хугацаанд үйлдвэрлэл явуулах төлөвлөгөө тэдэнд бий. Харин олон улсын арбитрын шүүхэнд хандах хөрөнгө оруулагчийн байр суурийн талаар Цөмийн энергийн газраас тодруулах гэсэн боловч “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэдэг тайлбарыг хийж байсан. Харин тэд “Хан ресурс”-т “Бид Засгийн газраас өгсөн үүргийн дагуу ажлаа хийсэн” гэдэг хариулт хэлжээ.
Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Засгийн газар “Хан ресурс”-ын үйл ажиллагаанд дахин шалгалт хийж, зөрчил илрүүлэх ёстой гэдэг үүрэг өгсөн нь ч нууц биш. Харин тус газрын удирдлагууд анхнаас нь энэ асуудлыг шүүхэд очно гэдгийг мэдэж байсан тул хуулийн талаас нь хэрхэн унахгүй байх вэ гэдэг гарцыг хайж, шалгалтын дүнгээ давж гарах хүчтэй болгохын тулд хараахан мэдээлэл өгөхөөс татгалзаад буй. Нэг ёсны энэ оны дөрөвдүгээр сард багтаж Засгийн газраар хэлэлцэх ёстой байсан ч асуудлыг ул суурьтай боловсруулах хэрэгтэй гэдэг зарчмаар өнөөдрийг хүртэл сэдвийг хаалттай үлдээсэн гэхэд болно. Ийнхүү Монголын ураныг тойрсон маргаан мэтгэлцээн өнөөдрөөс эхэлж буй нь энэ.
Үүнийг хөрөнгө оруулагчийн зөв, аль эсвэл Засгийн газрын Орост итгэх итгэл нь оновчтой хэмээн дүгнэх боломжгүй. Гагцхүү Тавантолгойн төслийг эхлүүлэх бэлтгэл ажлаа бацааж, хэзээ мөдгүй хөрөнгө оруулагчдыг “Монголд ирээч” хэмээн уриалахад бэлэн болсон Засгийн газарт эл асуудал нэг их таатай үр дүн ирэхгүй л болов уу. Мөн Канадын тал ил тодоор Монголын Засгийн газрын байр суурийг оросуудтай хамаатуулж, уранаа оросуудад эзэмшүүлэх сонирхолтой байгааг нуухгүй байгаа нь хамгийн гол асуудал байж мэдэх юм. Энэ нь “Хан ресурс” хөрөнгө оруулалт хийсэн 22 сая ам.доллараа зах зээлийн зарчмаар хүүтэй бодож нэхэхээс ч аюултай үр дүнд хүргэж магадгүй бололтой. Гол нь тус компанийн ерөнхийлөгч болоод ерөнхий захирал Мартин Квик хэдийгээр өөрийн ажлыг өгөх гэж байгаа ч “Хан ресурс”-ийг энэхүү шүүхийн үйл ажиллагаанд хатуу байр суурь баримтална гэдгийг мэдэгдсэн байна билээ.
Г.Отгонжаргал.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.