Манай улсаас энэ зах зээлд ажилладаг хэд хэдэн газраас сонголт хийн, форекс арилжааны талаар сонирхохоор очлоо. Сонирхож ирсэн мань мэтийн “фрэш” залуусыг их л дуртай хүлээн авдаг юм байна. Тэд нийлж форекс арилжааны тухай сэтгүүл хүртэл гаргаж амжжээ. Хэд хэдэн компьютер тавьсан өрөөнд залуус дүүрэн харагдана. Тоглоомоос болсон уу, Форексоос болсон уу нэг залуу байсхийгээд л “Хмм” хэмээн дуу алдах аж.
“Энэ зах зээлд ямар нэг хээл хахууль ашиглах, таньдаг мэддэг хүнээрээ дамжуулж ялагч болно гэх ойлголт байхгүй нь хамгийн шударга” хэмээн залуус ярьж байна. “Ламдуулаад ч нэмэргүй” гэж хөгжилтэйгээр хэлэх тэднийг энэхүү тоглоомын шударга чанар л соронз мэт татдаг байна. Зөвхөн өөртөө итгэж, идэвхтэй тоглогч байх ёстой. Одоогоос таван жилийн өмнө форекс-ийн талаар манайхан бараг ойлголтгүй байсан бөгөөд банкуудын дилер зэрэг цөөн хэдэн хүмүүс тоглож, үүнийхээ талаар нууцлаад өнгөрдөг байж. Харин өнөөдөр бол залуус энэ талаар харьцангуй мэдлэгтэй болж гэрээсээ бизнес эрхлэгч болсоор байна.
Форекс арилжааг эрсдэлтэй хэмээн энэ талын ойлголттой хэн бүхэн хэлдэг. Гэхдээ олохоо хүрвэл хэдхэн хормын дотор 500 ам.доллар ч олдог байна. Ер нь Outsourcing-н чиглэлийн бизнес тэр дундаа олон улсын forеign exchange-ийн бизнес интернэтийн орчинд ажиллах чадвартай залуус олон бий. Тиймээс форекс арилжаа хүмүүсийг өдөөнө гэдэгт итгэж болно.
Форекс арилжааны талаар энэ салбарт гурван жилийн турш амжилттай ажиллаж буй трэйдер Т.Ганзамтай ярилцлаа. Тэрбээр хүмүүст энэ талын анхны мэдэгдэхүүнийг олгох зорилгоор “Forex center” төвд багшилдаг аж.
– Форекс арилжаанд яагаад оролцох болов. Хүмүүсийг татах гол зүйл нь юу вэ?
-Мөнгөнд дургүй хэн байхав. Миний хувьд анх сонсоод зүгээр сууж байгаад мөнгөтэй болчих юм байна гэж ойлгосон. Эхлээд 100 ам.доллараар данс нээлгээд хэд хоногийн дотор 1000 ам.доллартай болчих юм байна гэсэн бодолтой л байлаа шүү дээ. Яг дотор нь ороод ажиллаад ирэхээр амар хоол биш байна гэдгийг мэдсэн. Залуусыг татах болсон шалтгаан нь ерөөсөө энэ бол чөлөөт зах зээл. Өөртөө найдаж өөрөө л тоглодог. Хүмүүжил, хатуужил, өөртөө итгэх итгэл өгдөг гэх зэрэг олон давуу талтай.
-Манай залуус хэр идэвхтэй байна. Мөнгө олж байна уу?
-Залуучууд эхлээд дунджаар 60, 70 мянган төгрөгийн данстайгаар арилжаанд оролцдог. Үнэхээр тоглож чадвал 200, 300 ам.долларыг сард олж болдог. Тэгж ч чадаж байна.
-Энэ арилжааны давуу тал нь юу вэ?
-Форекс арилжаа долоо хоногийн ажлын өдрүүдэд 24 цагийн турш явагдаж байдаг. Харин манай улсын хувьд гол арилжаа хийдэг улсуудаас цагийн зөрөөтэй байдаг нь нэг ёсондоо давуу тал болдог. Өдөр нь ажлаа хийгээд орой 18 цагаас хойш арилжаанд оролцож болно. Яг энэ цагаас хойш арилжаа нэлээд идэвхтэй өрнөдөг юм.
-Та нарын туйлийн зорилго?
-Хувьцааны зах зээлийн чадварлаг мэргэжилтэн болохыг зорьж байна. Ингээд ярихаар манай улсын хувьцааны зах зээл нэлээд бүрхэг шүү. Жишээ нь, АПУ компани өөрийн үйлдвэртээ шинэ технологи оруулж ирлээ гэхэд хувьцаа нь өсөх ёстой. Гэтэл АПУ компани ойрын үед ийм технологи оруулж ирлээ. Зах зээлд ийм бүтээгдэхүүн нийлүүллээ гэсэн мэдээллийг шуурхай авах боломжгүй. Тэгэхээр хувьцаа авах, зарахад хүндрэлтэй. Баярын өдөр болж байгаа юм чинь архины борлуулалт сайжирна. Одоо буурна гээд харанхуйгаар хувьцаа худалдан авч борлуулж байгаа юм. Хувьцааны график харах боломжгүй, онлайн болон утсаар шууд харилцахад хүндрэлтэй гээд олон асуудал байна. Харин энэ байдал Лондонгийн хөрөнгийн биржтэй холбогдсоноос хойш сайжрах чимээ сонсогдлоо. Millemium IT гээд программыг би сайн мэдэхгүй юм. Манайхан их л голж, шилж байна. Гэхдээ ямар ч байсан манай хөрөнгийн зах зээлд хэрэгтэй л байх.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин