Хуулийн байгууллагууд хүний эрх зөрчжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Хуулийн байгууллагууд хүний эрх зөрчжээ

1770 онд АНУ-ын Бостон хотноо “Бостоны аллага” гэж түүхэнд нэрлэгдэж, хуулийн сурах бичигт гарын авлага болон орсон нэгэн явдал болсон аж. Тэр үед АНУ Их Британийн колони байсан ба Британийн армийнхан цагдаагийн үүргийг гүйцэтгэдэг байж. 1770 оны гуравдугаар сарын 5-нд Бостоны иргэд болон цагдаа нарын дунд мөргөлдөөн гарч, цагдаагийн дарга нь цэргүүддээ “Та нар гал нээхгүй шүү” гэсэн тушаал өгсөн ч түүний тушаалыг “гал нээ” гэж сонссоны улмаас таван хүн суманд оногдож, хоёр нь газар дээрээ, гурав нь эмнэлэгт хүрэх замдаа нас барсан байна. Энэ хэргийн буруутнууд тэр дороо шийтгэлээ хүлээж, зарим нь цааз авсан гэдэг. Хэдийгээр үймээн шуугианы улмаас цагдаагийн дарга тушаалаа хүн бүрт хүргэх боломжгүй байсныг шүүх тогтоосон ч гэсэн.

Энэ түүхийг өчигдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хо­рооны хурал дээр сөхсөн УИХ-ын гишүүн З.Энхболд “250 гаруй жилийн өмнө ийм хэргийг шийдэж, буруутай эз­нийг нь тогтоож чадаад бай­хад өнөөдөр Монголын шүүх, прокурорынхон яагаад таван хүн буудсан цагдааг олж чаддаггүй юм бэ” гэсэн асуул­тыг тавьсан юм. Өнгөрөгч 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний улмаас таван хүн алагдаж, 700 гаруй иргэд баривчлан саатуулагдаж, 200 гаруйг нь шүүхээр ялласан билээ. Шүүх хуралдааны үеэр шүүгдэггчид хуулийн байгуул­лагынхан хүний эрх зөрчиж, эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн тухай гомдол гаргасан ч тэр үед Хүний эрхийн үндэсний комиссын дарга н.Солонго “баривчлан сатуулах болон мөрдөн байцаалтын шатанд хүний эрх зөрчсөн явдал гараагүй” гэдэг мэдэгдэл хийсэн. Гэвч ХЭҮК-ийн 2008 оны илтгэлийн “2008 оны долдугаар сарын 1-ний өдөр нийслэл Улаанбаатар хотод үүссэн олон нийтийн эмх замбараагүй байдал ба хүний эрх” гэсэн нэгдүгээр бүлэгт “Цагдаагийн байгууллагаас явуулсан баривчлах ажиллагаа холбогдох хууль, журмыг зөрчиж хүний эрхэнд халдсан байна” гэж дүгнэсэн байдаг аж. Тиймээс өнгөрөгч 2009 оны долдугаар сарын 1-нд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос ажлын хэсэг гарч, долдугаар сарын 1-ний хэргээр яллагдсан хүмүүс болон гэрчүүд, өмгөөлөгчдийн мэдээллийг авч, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар гаргуулсан байдаг.

Ажлын хэсэгт иргэдээс ирсэн гомдол, мэдээлэл 47, өмгөөлөгчийн тайлбар дөрөв, хүний эрхийн байгууллагын тайлан хоёр,  сэтгүүлчдээс дөрвөн мэдээлэл ирүүлснийг өргөдөл гаргасныг гишүүд иргэд, байгууллагын төлөөлөл, албан тушаалтнуудтай биечлэн уулзаж холбогдох тайлбар, мэдээллийг сонссоны дараа буюу өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр “Долдугаар сарын 1 ба хүний эрх” сэдвээр парламентын Нээлттэй сонсголыг анх удаа явуулсан. Нээлттэй сонсголын үеэр,

-Иргэдийг хоморголон баривчилсан, саатуулагдсан иргэдэд хүч хэрэглэж, иргэдийн нэр төр, халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн эсэх,

-Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад иргэнийг зодож, айлган сүрдүүлж, хууран мэхлэх замаар нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлж, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх болон хууль зүйн туслалцаа авах, эрүүдэн шүүлтээс ангид байх иргэний эрхийг нь зөрчсөн эсэх,

-Прокурор, шүүх нэг талыг барьсан, хэргийн талаар урьдчилсан дүгнэлттэй, холбогдох хууль болон шүүгчийн ёс зүйн дүрмийг баримтлаагүй, дээрээс өгсөн заавар, чиглэлийн дагуу хэргүүдийг шийдвэрлэсэн иргэний шударга шүүхээр шүүлгэх болон халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн эсэх гэсэн гурван бүлэг асуудлаар мэдээлэл сонссон билээ. Харин өчигдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдаж, ХЭҮК-ийн 2008 оны илтгэл болон парламентын Нээлттэй сонсголын үеэр авсан мэдээлэлд тулгуурлан “Долдугаар сарын 1-ний хэргийг шийдвэрлэхдээ хуулийн байгууллагууд хүний эрх зөрчсөн байна” гэдэг дүгнэлтийг гаргалаа.

Баривчлан саатуулах байранд, мөр­­­­­дөн байцаалтын үед хүний эрх зөр­­чигдсөн гэдгийг Нээлттэй сонс­голын үеэр цагдаагийн байгууллагын зарим албан тушаалтнууд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Харин шударга шүүхээр шүүлгэх эрхээ зөрчүүлсэн тухайд илүү ноцтой тайлбар бий. Прокурорын байгууллага энэ хэргийн улмаас яллагдсан 200 гаруй хүний үйлдэл болоод учирсан хохирлын шалтгаант холбоог тогтоогоогүй гэх өмгөөлөгчдийн шаардлагыг хэрэг­сэлгүй бүгдэд нь ижил 11,2-11,3 тэр­бум төгрөгийн хохирол тооцон ял өгсөн. Харин дараа нь цагдаа нарын хүн буудсан хэрэг дээр Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны энэ зарчмыг гол болгон “хэний суманд хэн оногдсоныг тогтоож чадаагүй” гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Энэ нь хууль шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчмыг зөрчихөд хүргэсэн гэж дүгнэлээ.
Эл дүгнэлттэй холбогдуулан Ерөн­хийлөгч, УИХ, Засгийн газар болон цагдаагийн байгууллагад зориу­лан зөвлөмж ч гаргахаар болов. Тухайл­бал, УИХ-д хүний эрхийг хамгаалах талаар хууль эрх зүйн шинэчлэл хийх, Ерөнхийлөгчид хандаж шүүгчдийг томилохдоо тэдний хүний эрхийг хамгаалах хүсэл эрмэлэл, хүний эрхийн боловсролыг нь шалгуур болгохыг гэх мэтчилэн. Эдгээр зөв­лөмжүүд магадгүй өнөөдөр хаяг­лагд­сан эзэндээ очих биз.
Гэвч дэд хорооны хуралдаанд оролц­сон зарим гишүүдийн зүгээс өөр байр суурьтай байлаа.

Д.Чойжилсүрэн:

Нэгд, ажлын хэсгийн дүгнэлт Нээлт­тэй сонсголын үеэр хэлэлцэх ёс­той байсан дөрвөн асуудлыг бүрэн ха­марч чадаагүй байна. Галт зэвсэг ашиг­ласан асуудлыг сонсголын дөрөв дэх сэдэв болгон оруулах ёс­той байсан ч энэ асуудлаар сонсгол явуулаагүй байгаа. Хоёрт, Ө.Энхтүвшин гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн онц байдлын үеэр хуулийн байгууллагууд хэрхэн ажилласан талаарх дүгнэлтийг бид үзээгүй байна, ҮАБЗ дээр байгаа энэ дүгнэлттэй гишүүд эхлээд танилцах ёстой. Гуравт, үймээний үеэр СТӨ-г тойрсон маш олон байгууллага, иргэд галдан шатаалтын улмаас эд хөрөн­гөөрөө хохирсон, цагдаагийн 570 гаруй ажилтан эрүүл мэндээрээ хохирсон байхад Нээлттэй сонсгол дээр энэ асуудлыг яриагүй. Тиймээс дүгнэлтийг хэлэлцэхээ хойшлуулья гэсэн санал гаргасан. Д.Чойжилсүрэн гишүүний энэ ”ойлголтын зөрүүг” арилгахын тулд гишүүн Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин нар нэлээд олон удаагийн тайлбар хийх шаардлага гарсан юм.

Х.Тэмүүжин:

-Нэгдүгээрт, цагдаагийн ажилтнууд галт зэвсэг хэрэглэсэн асуудлыг Улсын ерөнхий прокурор дахин шал­гуу­лахаар сэргээсэн тул энэ асууд­лыг Нээлттэй сонсголд оруулах боломж­гүй болсон. Ерөнхий прокурор энэ асуудлаар чиглэл өгөөд ажиллагаа эхэлсэн учраас Нээлттэй сонсгол хийх боломжгүй гэсэн хариултыг өгч байгаа. Хоёрдугаарт Ө.Энхтүвшин гишүүний ахалсан ажлын хэсэг хүний эрх хэрхэн зөрчигдсөн талаар дүгнэлт гаргах биш, таны яриад байгаа онц байдлыг үеэр хуулийн байгууллага хэрхэн ажилласан бэ, галт зэвсэг хэрэглэсэн нь зөв байсан уу гэдэгт хариу өгөх ёстой. Тиймээс та энэ асуултыг Ө.Энхтүвшин гишүүний ажлын хэсгээс тодруулах хэрэгтэй. Гуравдугаарт, цагдаагийн байгууллага, иргэд хохирсон гэдэг нь үнэн. Гэхдээ цагдаа нарын тухайд ажил олгогчийн хувиар Засгийн газар хариуцаж, асуудлыг шийдвэрлэх ёс­той. Би энэ асуудлаар тухайн үед нь цаг­даагийн удирдлага болоод Хууль зүй, дотоод хэргийн сайдад асуулга тавьж байсан. Цагдаагийнхан энэ талаар ямар ч ажил хийгээгүй гэдэг хариулт өгсөн бол ХЗДХЯ “Асуудлыг шийдвэрлэж байгаа” гэж хариулсан. Та санаж байгаа бол нэг их удалгүй ХЗДХЯ-наас цагдаагийнханд нөхөн олговрыг нь өгч эхэлсэн тухайгаа нэлээд “пиар” хийсэн шүү дээ. Иргэ­дийн хувьд ч эд хөрөнгийн хохирлоо төрөөс барагдуулсан. МАХН-ын байр­ны мөнгийг төсвөөс гаргсан гэдэг хариултыг өгсөн.

Ж.Сүхбаатар:

-Иргэд иймэрхүү жагсаал цуглааны үеэр, үүнээс үүдэн эмх замбараагүй байдал гарвал биеэ яаж авч явах талаар мэдлэг муутай байна. Гадаад оронд бол цагдаа жагсаал цуглааныг тараахаар хүч хэрэглэснийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй, тушаал өгсөн дарга нар нь хариуцлагаа хүлээдэг. Ир­гэд ч үүнийг эсэргүүцэх эрхгүй бай­даг гэлээ. Харин Х.Тэмүүжин ги­шүүн “Жагсаалыг тараах үедээ цаг­даагийнхан хууль зөрчөөгүй. Энэ үеэр цагдаад зодуулсан, эрхээ зөрчүүлсэн гэж ирсэн бүх гомдлыг бид буцаасан. Бидний хийсэн шалгалт зөвхөн иргэдийг хуулийн байгууллагын ха­раанд очсон хойно, баривчлан саа­туулсан цагаас эхлэн хүний эрхийг нь зөрчсөн тухай асуудал юм” гэсэн тайлбарыг хийлээ.

Ж.Сүхбаатар гишүүний бас нэг анхаарал татсан асуулт нь “Хуулийн байгууллага хүний эрх зөрчдөг гэдгийг ямар тооцоо судалгаагаар гаргасан юм бэ?” гэдэг асуулт. Энэ тухайд ажлын хэсгийн дүгнэлтийг боловсруулсан дэд хорооны дарга Х.Тэмүүжин “Эдийн засгийн асууд­лыг статистикаар үнэлдэг бол хуу­лийн байгууллагын асуудлыг то­хиолд­лоор үнэлдэг. 100 хүний нэг нь эрхээ зөрчүүлсэн байвал хүний эрх зөрчих явдал байна гэж үнэлдэг” гэ­сэн юм. Эцэст нь ажлын хэсгээс боловсруулсан эл дүгнэлтийг Хүний эрхийн дэд хорооны тогтоол болгон баталж, үүнийгээ УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулахаар бо­лоход хуралдааны туршид дуугүй суусан байнгын хорооны дарга анх удаагаа ам нээв.

Б.Бат-Эрдэнэ:

-Энэ асуудлыг дэд хороон дээрээ ингээд шийдчихвэл яасан юм. Байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудал тэртэй тэргүй овоор­чихоод байна. Прокурорын бай­гуул­­лагууд хүн буудсан хүмүүсийг олж тогтоох ёстой гэсэн З.Энхболд ги­шүү­ний санал ч байна. Хэрэг шалгагдаж дуу­саагүй байхад ийм улстөржсөн шийд­вэр гаргаж болохгүй хэмээн нэлээд бухимдангуй гарч яллаа.
Харин дэд хорооны гишүүдийн олонхи нь ажлын хэсгийн дүгнэлтийг дэмжин тогтоолоор баталж, Хууль зүйн байнгын хороонд танилцуулахаар болж, харин байнгын хороо уг асууд­лаар шийдвэр гаргах эсэхээ өөрсдөө ший­дэг хэмээн орхилоо. Гэхдээ тэд­ний ач холбогдол өгч буй нэг зүйл нь хэрвээ Хүний эрхийн дэд хорооны дүгнэлт Хууль зүйн байнгын хорооны дүгнэлт болон гарч чадвал зөвлөмж авч байгаа хүмүүсийн хувьд илүү үр дүнтэй юм даа гэдэг санаа.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж