Төвөгтэй ТУЗ уу, эсвэл... | News.MN

Төвөгтэй ТУЗ уу, эсвэл…

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Төвөгтэй ТУЗ уу, эсвэл…
Монголын хэвлэлийн хүрээлэнгээс эдийн засгийн сэтгүүлчдийн дунд компанийн засаглалын асуудлаар сургалт зохион байгуулсан талаар мэдээлсэн. Эндээс үүдээд өнөөгийн Монголын компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн талаар сонирхолтой “өнцөг” харагдаж байна.

Төлөөлөн удирдах зөвлөл гэж юу вэ?

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга утсаа аван “Би гүйцэтгэх захиралтайгаа нягт хамтын ажиллагаатай байгаа болохоор санаа зовох зүйл огтхон ч байхгүй” гэж ярьж буй шог зураг байдаг. Гэвч тэр Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал нь юм. Энэ бол Монголд одоо ч нийтлэг байж болох л дүр зураг. Хувьцаат компаниуд цөөн, ихэнх компаниудын үүсгэн байгуулагчид нь удирдлагаа гартаа чанга атгасан байдаг болохоор. Магадгүй зарим талаар гүйцэтгэх удирдлагадаа хяналт тавьж, компанийн хэтийн төлвийг тодорхойлж байх ёстой ТУЗ нь үйл ажиллагаандаа хэт орооцолдож байдаг жишээ Монголд өнөөдөр олон байдаг болохоор. Тэгвэл олон улсад

-Тамгалагч – /зөвхөн гүйцэтгэх удирдлагын шийдвэрийг баталгаажуулагч/
-“За дарга аа” – /ТУЗ-ын шийдвэрийг л идэвхгүйгээр даган баясагч/
-Хуучин андууд – Монголд олон тааралдаж болох жишээ. Бие биеэ сайн мэдэх найзын хүрээний ТУЗ, хатуу хяналт тавих, шийдэмгий чанараа алддаг.
-Цомын ТУЗ-Алдар цуутнуудаар чимэглэгдсэн ТУЗ. Олон нийтэд танил эрхмүүдийг ТУЗ-даа сонгох.
-Клубын ТУЗ-Ажил хэрэг биш, сонирхол, зан араншин зэргээрээ ижил ойролцоо хүмүүсийн нэгдэл. Хөлбөмбөг сонирхдог найзууд ч гэдэг юм уу.
-Зохиомол – /зөвхөн цаасан дээрх зохиомол ТУЗ/ гэсэн хэлбэрүүд байдаг гэж үздэг. Гэвч ТУЗ тухайн компанийн үндсэн ноён нуруу, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, цаашилбал компанийн ажилтан ажиллагсад, харилцагсад, хамааралтай эдгээдүүдийн удирдан чиглүүлэгч байх ёстой болохоор дээрх дүр зураг тун хөгжилтэй ч компанийн засаглалын хувьд хорт “дайснууд” гэж үзэж болохоор юм. ТУЗ-ын хамгийн сонгодог бүтэц нь
-Гүйцэтгэх гишүүн-3
-Гүйцэтгэх бус гишүүн-3
-Хараат бус гишүүн-3 байх нь тохиромжтой гэж үздэг байна.

 “Оюутолгой”-ын “хараат бус” этгээд нь хэн бэ?

“Оюутолгой” ХК-ийн ТУЗ-ийн есөн гишүүнд Монгол Улсын Засгийн газар буюу Төрийн өмчийн хороо, хөрөнгө оруулагч “Айвенхоу майнз лимитед” болон “Рио тинто” тус бүр гурван гишүүн санал болгосон. Хөрөнгө оруулагчдын төлөөллийн хувьд бүгд “Рио тинто” болон “Айвенхоу майнз”-д тодорхой албан тушаал хашдаг болон Хөрөнгө оруулалтын гэрээнд ажиллаж байсан хүмүүс байдаг, зөвхөн “Рио тинто”-гоос санал болгосон Канад улсад элчин сайдаар ажиллаж байсан Ч.Батсүхийг эс тооцвол. Түүнийг Канад Монголын харилцаанд үлэмж хувь нэмэр оруулсан. “Рио тинто”-г Монголд танилцуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан гэж тайлбарлаж байсан. Үүнийг хүмүүс Элчин сайдаар ажиллаж байхдаа “Рио тинто”-д үүрэг гүйцэтгэж байсан юм уу гэсэн хэл яриа үүсгэсэн. Үүнийг эс тооцоод сонгодог утгаар нь харвал “манай” гурав л /Монгол Улсын Засгийн газраас санал болгосон екс Ерөнхийлөгч Н.Багабанди, ХАС банкны ТУЗ-ийн гишүүн Ч.Ганболд, Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан/ л болж таараад байх шиг. Гэвч тэд төрийн эзэмшлийн 34 хувийг төлөөлөх ёстой байдаг. Гэтэл төрийг төлөөлөх ямар нэгэн албан тушаал тэдэнд үгүй. Сонирхолтой л санагдмаар, компанийн засаглалын сонгодог бүтцээр авч үзвэл.

Гэвч энэ бол дэлхийд жишиг болсон сонгодог бүтэцтэй жишвэл шүү дээ. Яг ийм байх ёстой гэж хуульчлаагүй болохоор Оюутолгойн ашиглалтын Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан ёсоор байгуулсан ТУЗ гэсэн үг. Харин компанийн засаглал, ТУЗ –д тавигдах шаардлага тэргүүтний талаар Компанийн засаглалын төвийн захирал ноён Ж.Үнэнбат “Үүнийг заавал мөрдөх ёстой бус. Мөрдвөл сайн. Мөрдөхгүй гэвэл тэд өөрсдөө хөгжихгүй бизнес томрохгүй үйл ажиллагаа нь томрохгүй байж л байна биз” гэж гашуун мөртлөө үнэнээр тодорхойлно лээ. Хэн бизнесээ өргөжүүлэхийг, хөрөнгө оруулалтыг татах гэж байна, тэр аливаа бүхнийг соргогоор харж, компанийн засаглалын сайн тал болгоныг өөртөө “нааж” авахыг чармайж байгаа ажээ . Эднийх  Компанийн засаглалын кодексийг ингэж мөрдөж байгаа гэх тусам тэдний нэр хүнд өснө. Яг л ISO-гийн шалгуурыг хангасан гэнгүүт нэр хүнд нь өсөөд явчихдаг шиг.

“Монгол 999”-ийн ТУЗ “но”-той юу?  

Бас л нэг анхаарал татсан шуугиант мэдээлэл. Тавантолгой олборлолтод оролцоно, гадаадын хөрөнгийн биржүүдээс хөрөнгө босгоно гэж буй “Монгол 999 үндэсний нэгдэл”-ийнхэн хэр “шанс”-тай бол гэж эдүгээ хүн болгон сонирхож байгаа. Харамсалтай нь, тэдний дунд эрүүгийн хэрэгт холбогдож байсан гэж буруутгаад амжсан. Үнэхээр ч олон улсын хөрөнгийн зах зээлүүд арилжаанд оролцох гэж байгаа компанийнхаа ТУЗ, гүйцэтгэх удирдлагын талаар маш нарийн мэдээлэл өгөхийг шаарддаг байна. Мэдээлэл болгон ил тод байх ёстой гэдэг утгаараа. Энд нэг жишээ татахад Оросын маш том компанийн гүйцэтгэх удирдлага компаниа биржид бүртгүүлэхдээ оюутан байхдаа нэгэнтээ нударга зөрүүлж, хэрэгт холбогдох шахаж байснаа “мартчихжээ”. Дараа нь тэрбээр биржийн удирдлагад хандан уучлал гуйж ийн мэдээлэл нуун дарагдуулснаа олон нийтэд мэдээлэх шаардлагатай эсэхийг асууж. Биржийн арилжаанд төдий л хамааралтай асуудал биш учраас хэрхэхийг өөрсдөө л шийдэхийг зөвлөжээ. Захирал ч энэ бүхнээ олон нийтэд мэдэгдэх хэрэгтэй гэж үзэн, хэвлэлийн бага хурал зарлаж, уучлал гуйв. Гэтэл тэдний биржийн хувьцааны үнэ навс унасан гэж бодож байна уу. Эсрэгээрээ, хувьцааны үнэ суга өсөв. Ийм мэдээллийг ч гэсэн дарагдуулсандаа хүлцэл өчиж байна гэдэг, үнэхээр ил тод хариуцлагатайн илэрхийлэл болж байна гэж олон нийт үзжээ. Энэхүү жишээг зүгээр л сонирхолтой байх үүднээс нь дурдлаа. “Монгол 999”-ийн хувьд яг одоо биржид бүртгэлтэй компани биш. Биржид гартал дор хаяж нэг жилийн хугацаа шаардлагатай. Төлөөлөн удирдах зөвлөлөө нэг жилийн хугацаатай байгуулаад байгаа. Тэгээд гэмт хэрэгт холбогдож байсан нь хар толбо биш, мэдээллийг нуун дарагдуулсан эсэх нь асуудал болох бололтой. Энэ бүхэн эцэстээ хэрэглэгч, оролцогчдын эрх ашгийг хангах үүднээс шүү дээ.
А.ТУЯА  
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж