“Хааны зам Вако” ХХК-ийн хохирогчид нэгдсэн байна. Эдгээр хохирогчид бүгдээрээ төрийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирч, өнөөг хүртэл хохирлыг нь барагдуулаагүй юм. Тэдний хамгийн дээд тал нь долоон жилийн турш шүүхийн хаалга татсан ч тусыг олоогүй бол хамгийн бага нь гурван жилийн турш хууль, хяналтынхныг царайчлан, бие эрүүл мэндээрээ хохирсоор байна. Уг нэгдсэн холбоо энэ сарын 28-нд төрийн буруутай үйл ажиллагааны талаарх өөрсдөд нь байгаа бүхий л баримтыг дэлгэн олон нийтэд таниулах юм байна. Энэ үеэр төрийн гурван өндөрлөгийг биечлэн уулзахыг шаардаж буй аж. Улмаар Төрийн ордонд ч энэ талаарх “үзэсгэлэн” гарахаар зэхжээ. Түүнчлэн тэд энэ бүх хохирлыг шийдвэрлүүлэхээр гүйцэтгэх засаглалын тэргүүн, МАХН-ын дарга С.Батболдод албан бичиг илгээсэн аж. Хэрэв тэдний шаардлага эс биелүүлбэл тэмцлийн бүхий л хэлбэрийг сонгохоо мэдэгдлээ. Хохирогчдын ар гэрийнхнээс эхлээд уг холбоог дэмжиж буй 100 мянга орчим иргэд байгаа учраас сар гаруйн дараа яг хэдэн гишүүнтэй болох нь тодорхой болно гэж долдугаар сарын 1-ний үймээний үеэр хохирсон иргэдийг тус холбоонд төлөөлж буй Ц.Энхбаяр хэллээ. Бид хэргийг эргэн сануулах үүднээс эдгээр хэргүүдийн талаар тоймлон хүргэж байна.
“Хааны зам Вако” ХХК-ийн хохирогчид
Монголын олон зуун иргэдийг хямд орон сууцаар хангах нэрийдлээр хулхидсан Жон Жун Хёг, Пак Сок Бун нар иргэдэд нийт 5,5 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Энэ хэргийн анхан шатны шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн шүүх танхимд хоёр жилийн өмнө болсон юм. Шүүгдэгч Жон Жун Хёг нь БНСУ-ын иргэн, 1963 онд Сөүл хотод төрсөн, хэрэг үйлдэхээсээ өмнө Богд-Ар хорооллын 9 а байрны 54 тоотод жилийн хугацаатай түрээсийн байранд түр амьдарч байсан бол хэрэгтний ширээндсуусан Пак Сок Бун нь Солонгос улсын иргэн, 1959 онд Кон Шоу мужийн Пажу хотод төрсөн, Монголд байх хугацаандаа Баянзүрх дүүрэг зургадугаар хорооны 23 дугаар байрны 90 тоотод түр оршин сууж байв. Сөүлээс өр ширэндээ баригдаж, татвараас зугтаасан, хүн амины хэрэг болон, эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдсан солонгосчууд 2000 оноос Монгол руу цувах болсон билээ. Тэдний дунд солих гуталгүй, халаасандаа 100 ам.доллараас хэтрэхгүй хөрөнгөтэй Пак, Жун гэгч хоёр эр Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудалд 2002 оны 12 дугаар сард газарджээ. Тэр хоёр Улаанбаатарт хэд хоноод нутаг нэгтнүүдтэйгээ уулзаж, хэрхэн мөнгөтэй болох тухай ярилцаж, зөвлөгөө авсан байна. Удалгүй нэг монгол залуутай танилцаж, түүнд орон сууц барих хүсэлтэй байгаагаа дуулгаж, удахгүй Тайванийн банкнаас 12 сая ам.доллар өнөө маргаашгүй орж ирнэ гэж итгүүлжээ. Монгол залуу Жон Жун Хёгт тусалж, улмаар “Хааны зам Вако” ХХК-ийн эрх авч өгснөөр тэд томоохон хөрөнгө оруулалт хийхээр ирсэн мэтээр иргэдийг мөнгийг залилан авч эхэлсэн байна. “Хааны зам Вако” Компанийн захирал Жон Жун Хёг, Пак Сок Бун нар “Загварын байшин” гэгч тохилог конторт тухлаж. 2003 оны зургадугаар сараас эхлээл орон сууцны захиалга.зар сурталчилгаагаа эхлуүлсэн байна. Тэд 93 захиалагчийг долоон жилийн турш хохироож байна. Уг хэргийн шүүх хурал ирэх сард болно.
“МИ-8”-ийн хохирогчид
Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар явсан аврагчид сууж явсан нисдэг тэрэг цаг агаар таагүй байснаас осолдож 15 хүний амь нас хохиров. Цаг агаар тааруу, нислэг хийх боломжгүй байхад хөөрөх үүрэг өгсөн албан тушаалтнуудыг эрүү үүсгэн шалгаж байсан ч Эрvvгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зvйл тухайн үед алга болгосноос албан тушаалтнуудын хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Аврагчдын ар гэрийнхэн УИХ-ын Хуульзvйн байнгын хорооныхны хариуцлагагvйн улмаас алга болсон энэхvv хасагдсан заалтаар “МИ-8”-ийн хэрэгт холбоотой этгээдvvд ял завшиж байна гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд хандаж байлаа. Мөн тухайн үеийн Хууль зvйн байнгын хорооны дарга Ц.Шаравдорж, ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил нарыг ямар шалтгаанаар хуулиас зvйл хассаныг шалгаж өгөхийг хүссэн ч өнөөг хүртэл шалгаагүй хэвээр байна. Хохирогчид эл хэргийг сэргээхийг шаардаж буй юм.
Хонгор сумын хордсон иргэд
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 6,5 мянган хүн ам “МИЧ” компани, Засаг дарга н.Батнарангийн буруутай үйл ажиллагаанаас бол цианит натрид хордсон ч өнөөг хүртэл хууль, хяналтын байгууллагууд хүлээн зөвшөөрөхгүйгээр зогсохгүй буруутай этгээдүүд нь Эрvvгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зvйл алга болсоноор ял завшаад буй юм. Гадны болон дотоодын шинжээчдийн авсан удаа дараагийн шинжилгээгээр зөвшөөрөгдөх хэмжээнээс хэт их цианит натри уурын зуухны ойр орчим, ус болон сургуулийн ойролцоо байгаа нь тогтоогдсон ч нуун далдалсаар байна. Ингэснээр Хонгор сумын 65 иргэн хордлогын шинж тэмдэгтэйгээр өнгөрчээ. Одоогоор тус суманд хавдартай гэх шалтгаанаар хөлөө тайруулсан, хагалгаа хийлгэсэн хүний тоо 28-д хүрээд байна. Мөн олон арван гахай, үхэр хорогдож, гаж хөгжилтэй хүүхэд, төл гарах нь олширсоор байна. Одоогоор тус сумаас гурван жилийн дотор гурван ч хүүхэд гаж хөгжилтэй төржээ.
Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид
МАХН 2000-2004 онд эрх барьж байхдаа ноцтой хийдэлтэй хууль батлан гаргаж санхүүгийн салбарт тавих хяналтыг санаатайгаар орхигдуулснаас болж 30 хоршооны гишүүд 66 тэрбум төгрөгөөр хохирсоноос 33 тэрбумыг нь буцаан олгожээ. Энэ бүхэн төрийн буруутай үйл ажиллагаанаас болсон учраас өөрсдийнх нь хохирлыг бүрэн барагдуулах ёстой гэж тэд үзэж буй юм.
Долдугаар сарын 1-ний хохирогчид
2008 оны УИХ-ын сонгуулийн дүнг будилаантуулсан гэж үзсэн жагсагчдын жагсаал даамжирч үймээн болох үеэр гэмгүй явсан дөрвөн иргэнийг буудан хөнөөж, нэг иргэнийг МАХН-ын шатсан байранд гавлан үлдээж амь насыг хохироосон билээ. Мөн хэд хэдэн хүнийг буудаж шархдуулан, олноор нь хоморголон ял оноосон хэргийн улмаас 250 орчим хүн ял авсан юм. Үүнд хариуцлага хүлээх ёстой Цагдаагийн удирдлагууд, иргэд рүү гал нээсэн гэх албан хаагчдын хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Харин шинээр томилогдсон Ерөнхий прокурор Д.Дорлигжав энэ хэргийг сэргээх шийдвэр гаргаад байгаа. Энэ хугацаанд хохирогчид хэд хэдэн удаа өргөдөл гаргаад байсан юм.
Л.ХАЛИУ