Бизнес эрхлэгчид ”Ашгийн төлөө ажиллахгүй” гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Бизнес эрхлэгчид ”Ашгийн төлөө ажиллахгүй” гэв

Монгол Улсын Засгийн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Бизнесийн байгууллагын менежментийн чадамж” үндэсний анхдугаар зөвлөгөөнийг өнгөрсөн баасан гарагт зохион  байгууллаа. Манай худалдаа аж үйлдвэрийн танхимын байранд болсон зөвлөгөөнд Монголын томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын  захирлууд, тэргүүлэх мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид нийлсэн  250 гаруй  хүн оролцсон юм.  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд зөвлөгөөнийг нээж, үг хэлсэн.  Тэрбээр “Бид ирэх 20 жилээ их бүтээн байгуулалтын үе гэж тодотгон томъёолсон. Мөн манай улсын эрчимтэй хөгжлийн гарааны жил эхэлж байгааг олон улсын төдийгүй хувийн санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагын судлаачид ярьж тэмдэглэх болсон. Тиймээс биднийг агуулга, мөн чанарын хувьд ч хүрээ далайцын талаасаа ч өмнөхөөсөө илүү нарийн төвөгтэй, оюун ухаан, эрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадвар шаардсан зорилго зорилтууд тосон хүлээж байгаа. Манай улс байгалийн баялагтаа тулгуурлан эдийн засгийн хурдацтай өсөлт, их бүтээн байгуулалтын, үйлдвэржүүлэлт хөгжлийн том гараанд ирснийг нийтээрээ ойлгон ухамсарлаж байна. Дэлхийн банкнаас саяхан боловсруулсан Монгол улсын эдийн засгийн төлөв байдлын тоймд манай улсын хөрөнгө оруулалтын төслийг удирдах чадвар, менежментийн чадавхи сул байгааг анхааруулсан байсан. Дэлхий дээр баялагтай мөртлөө хөгждөггүй улс орнууд байхад баялаггүй мөртлөө хөгжсөн улс орнууд байна. Үүний нэг том ялгаа нь засаглалын ялгаа юм. Тиймээс төр, засгийн төдийгүй дотоодын компани, бизнес эрхлэгчид хөгжлийн шаардлагыг хангаж чадахуйц удирдлага,  менежментийн тогтолцоог төлөвшүүлж, хөрөнгө санхүү, хүний нөөцийн хувьд баттай сууриа бүрдүүлж чадах ёстой” хэмээсэн юм.  Зөвлөгөөнд оролцсон аж ахуйн нэгжийн төлөөллүүд энэ үеэр ажилд нь саад бэрхшээл болдог асуудлуудын талаар Ерөнхий сайдтай санал бодлоо солилцож, үүнээс хэрхэн ангижрах арга замыг хайх хэрэгтэйг ч сануулж байсан. Бизнесийн байгууллагын төлөөллүүд бизнес эрхлэхэд татварын орчин, төрийн  байгууллагын хяналт, шалгалт дарамт сөргөөр нөлөөлж буй талаар нэлээн шүүмжлэлтэй хандаж байгаагаа ч энэ үеэр дуулгасан. Мөн тэд менежментийн чадамж, бизнесийн амжилтад хүрэх зам, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаан дахь эрсдлийн менежмент  зэрэг сэдвээр мэргэжлийнхний тавьсан илтгэлийг сонсч, нэгдсэн дүгнэлтэд хүрч чадсан. Энэ нь ашиг олохын төлөө бус байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй нөхцөл байдлыг өөрчилж, байгальд ээлтэй менежмент хийн, ажиллах хүчнийхээ хөдөлмөрийг үнэлж, цаашид тэднийг  улам хөгжүүлэх ёстой гэдэг байр суурьт санал нэгдэж чадсан юм.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж