Хүний эрхийг зөрчсөн гэж дүгнэлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Хүний эрхийг зөрчсөн гэж дүгнэлээ

МАХН-ын төв байрны өмнө 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний улмаас 700 гаруй иргэд баривчлагдан саатуулагдаж, 200 гаруй нь шүүхээс ял авсан билээ. Шүүх хуралдааны үеэр яллагдагчид хуулийн байгууллагынхан хүний эрхийг зөрчсөн, хүчээр байцаалт явуулсан, хэрэг тулган хүлээлгэсэн талаар гомдол гаргасан ч Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Солонго “Баривчлан саатуулах болон мөрдөн байцаалтын үед хүний эрх зөрчсөн зүйл гараагүй” гэдэг мэдэгдэл хийсний улмаас энэ хэрэг хаагдсан. Гэвч ХЭҮК-ийн 2008 оны илтгэлийн “2008 оны долдугаар сарын 1-ний өдөр нийслэл Улаанбаатар хотод үүссэн олон нийтийн эрх замбараагүй байдал ба хүний эрх” гэсэн нэгдүгээр бүлэгт “Цагдаагийн байгууллагаас явуулсан баривчлах ажиллагаа холбогдох хууль, журмыг зөрчиж хүний эрхэнд халдсан” гэж дүгнэсэн байдаг аж. Тиймээс өнгөрөгч 2009 оны долдугаар сарын 1-нд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос ажлын хэсэг гарч, иргэд болон гэрчүүд, өмгөөлөгчдийн мэдээллийг хүлээн авч, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар гаргуулсны үндсэн дээр өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр “Долдугаар сарын 1 ба хүний эрх” сэдвээр парламентын Нээлттэй сонсголыг анх удаа явуулсан билээ. Нээлттэй сонсголын үеэр,

-Иргэдийг хоморголон баривчилсан, саатуулагдсан иргэдэд хүч хэрэглэж, иргэдийн нэр төр, халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн эсэх,

-Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад иргэнийг зодож, айлган сүрдүүлж, хууран мэхлэх замаар нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлж, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх болон хууль зүйн туслалцаа авах, эрүүдэн шүүлтээс ангид байх иргэний эрхийг нь зөрчсөн эсэх,

-Прокурор, шүүх нэг талыг барьсан, хэргийн талаар урьдчилсан дүгнэлттэй, холбогдох хууль болон шүүгчийн ёс зүйн дүрмийг баримтлаагүй, дээрээс өгсөн заавар, чиглэлийн дагуу хэргүүдийг шийдвэрлэсэн иргэний шударга шүүхээр шүүлгэх болон халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн эсэх гэсэн гурван бүлэг асуудлаар мэдээлэл сонссон билээ. Нээлттэй сонсголын үеэр хэлэлцэх ёстой байсан дөрөв дэх асуудал нь “Онц байдал зарласан үеэр галт зэвсэг хэрэглэсэн нь хууль зөрчсөн эсэх” талаар мэдээлэл сонсох байсан ч тухайн үед Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас энэ хэрэгт холбоотой цагдаагийн ажилтнууд албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан тул мөрдөн байцаалтын нууцад хамаарна гэсэн шалтгаанаар хэлэлцүүлгийг хойшлуулсан.

Харин өнөөдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдаж, Нээлттэй сонсголын үр дүнтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргах дүгнэлтийн тухай дэд хорооны тогтоолыг баталлаа. Хүний эрхийн дэд хорооны гишүүд долдугаар сарын 1-ний үеэр баривчлагдсан иргэдийг саатуулах, мөрдөн шалгах, шүүн таслах явцдаа хүний эрхийг зөрчсөн байна гэдэг дүгнэлтийг санал нэгтэй гаргаж, холбогдох байгууллагуудад хандан зөвлөмж гаргав. Энэ талаарх дэд хорооны тогтоолыг ирэх долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо. Мөн УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжин саяхан Улсын ерөнхий прокурорын зүгээс галт зэвсэг хэрэглэсэн цагдаагийн ажилтан, удирдах албан тушаалтнуудын хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаасан тул уг асуудлаар Хүний эрхийн дэд хорооноос хийх Нээлттэй сонсгол тодорхойгүй хугацаагаар хойшилж байгааг гишүүдэд хэллээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж