ЦАГДААГИЙНХАН ЯМАР Ч ХАМААГҮЙ ГЭВ
Түүнийг баривчилсан талаар Цагдаагийн ерөнхий газрынхан ямар ч мэдээлэлгүй байсан бөгөөд хэрэв ийм хэрэг гарсан нь үнэн байх аваас өөрсдөд нь энэ асуудал ямар ч хамаагүй болохыг сануулж байлаа.
Тиймээс түүнтэй мөр зэрэгцэн зүтгэдэг иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн нөхдөөс нь сүүлийн үед сенсаци болоод байгаа асуудлын талаар асуусан юм.
Ард түмний амлалт нэхэх холбооны тэргүүн Г.Уянга:
-Ард түмний хянан шалгах хорооны тэргүүн Д.Нинжийг ямар шалтгааны улмаас баривчилсан юм бол. Та үүн дээр ямар байр суурьтай байна?
-Ийм мэдээлэл ёстой сонсоогүй юм байна. Худлаа мэдээлэл байх аа. Хэрэв тийм зүйл болсон бол мэдэгдэх байсан биз дээ. Эсвэл тийм ч сүртэй юм болоогүй байх л гэж бодож байна.
Ардчиллыг бэхжүүлэх олон улсын сангийн Монгол дахь захирал О.Магнай:
-Нинжийг баривчилсныг та юу гэж үзэж байна вэ?
-Түүнийг яг ч баривчлаагүй л юм байна билээ. Байцаалт аваад явуулсан гэснээс өөр мэдсэн зүйл алга. Гэхдээ Эрүүгийн хуулийн шинэчилсэн төсөл батлагдвал ямар ч хүн улстөрчдийг хардаж, хэлсэн үгнийхээ төлөө шоронд орох болчихоод байна шүү дээ.
Д.Нинжтэй мөр зэрэгцэн тэмцдэг нөхөд нь түүний талаар дээрх мэдээллийг өгсөн юм.
Харин эх сурвалжуудын мэдээснээр Д.Нинжийг баримтгүйгээр улс төрийн гүтгэлэг хийсэн гэдэг үндэслэлээр Улсын мөрдөн байцаах газрынхан энэ сарын 27-нд болсон МАХН-ын онц их хурлын үеэр баривчилсан аж. Тэрбээр арав гаруй хоногийн өмнө С.Зориг агсны аллагатай холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд хандсан юм. С.Зориг агсны үхэлд хэн буруутай вэ гэдгийг баримтаар нотолно хэмээж байсан нь түүнийг ийнхүү баривчлан, байцаах шалтгаан болсон хэмээж буй юм.
Харин энэ бүхэнд Д.Нинж “Ингэж намайг баривчилж, байцаалт авсан нь Оюутолгойн гэрээг байгуулахдаа авлига авсан гэдгээ нотолж байгаа хэрэг” гэсэн тайлбар хийж, өөрийнхөө байр суурин дээр бат зогсч байгаа юм.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин