Хувь нийлүүлэгчдийн гэрээний нууц ба 34 хувийг долоо болгосон түүх

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Хувь нийлүүлэгчдийн гэрээний нууц ба 34 хувийг долоо болгосон түүх

Хувь нийлүүлэгчдийн гэрээний нууц ба 34 хувийг долоо болгосон түүх

Монголчууд  XXI зууны эхээр  гэнэт баялаг сандайлж байснаа “нээв”. Тухайн үеийн УИХ-ын зарим гишүүн, эдийн засагч Н.Дашзэвэг, гадны эрдэмтдийн төлөөлөл “Форум” нэвтрүүлгээр энэ сэдвээр ярилцсан. Улмаар олзондоо баярлах бус “Ийм том ордыг нээчихээд хэлсэнгүй” гэж сүүлдээ зандрах янзтай болж ирж билээ. Ард түмэн яахав, итгэж ядан, хэрхэн баярлах учраа ч олохгүй гайхширч байв. Энэ яриа маш явцуу хүрээнд эхэлсэн ч сүүлдээ хэрүүлийн алим болон хувирсан. Ашигт малтмалын тухай хуульд л гэхэд зөвхөн Оюутолгойн ордын асуудлаас болж хоёр ч удаа гар хүрч билээ. Дараа нь УИХ-ын 2008 оны сонгууль болов. Сонгуульд оролцсон намууд, нэр дэвшигчид Оюу­толгойг хангалттай “ашиг­ласан”. Тэднээс хамгийн үнэм­шилтэйгээр ярьж, том ашиг олсон нь хамтарсан Засгийн газрыг бүрдүүлэгч хоёр нам юм. Оюутолгойн ордыг эргэлтэд оруулж, түүнээс Монголын ард түмэн хувь хүртэнэ гэсэн амлалтыг биелүүлэх эхний алхам нь гэрээ байгуулах явдал байлаа. Цаасан дээр мөргүй байж цангатлаа мөрөөдөн ярьсан арваад жилийн яриа ийнхүү ажил хэрэг болж эхлэв. Ингээд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто”, Айвенхоу Майнз” компани хамтран хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээнд га­рын үсэг зурсан. Яах аргагүй тэр өдөр телевизүүдээр улс орон даяар шууд дамжуулж, маргаашийнх нь хэвлэлүүдэд энэ талаар баяртайгаар мэдээлсэн нь түүх болон үлджээ.

Харамсалтай нь энэхүү үйл явдлаас хойш жил гаруйхны дараа буюу “Хувь нийлүүлэгчдийн гэрээ нууц тамгатай байжээ. Яагаад нууцлах болов. Энэ нууцыг УИХ-ын гишүүн Н.Батбаяр гишүүн дэлгээгүй бол бид мэдэхгүй өнгөрөх байж” гээд шуугиж эхэлсэн. Гайхалтай. Яагаад жил гаруйхны өмнө олон түмний нүдэн дээр дэлгээд байсан гэрээ одоо гэнэт нууцлагдсан болчихдог билээ. Оросын нэг цэцэн үг байдаг. “Харанхуй өрөөнд хар муур эрэх хэцүү. Тэр харанхуй өрөөнд хар муур байгаагүй бол олоход бүр ч хэцүү” гэж. Үнэн хэрэгтээ дэлгээтэй байгаа, хаанаас ч олоод үзэж болох уг гэрээг “Нууцалж байжээ” гэсэн шуугиан дэгдээхэд огт хэцүү байсангүй. Учир нь хамтарсан Засгийн газар УИХ-ын 2008 оны сонгуулиар амласнаа яг тэр чигээр нь биелүүлж чадаагүйд иргэд сэтгэл дундуур байгаа. Хэдийгээр Оюутолгойн гэ­­рээний урьдчилгаанд авс­наараа сан бүрдүүлж оргүйд орвол өгч байгаа ч саналаа өгсөн иргэдийн хүсэн хүлээсэн зүйлийн дэргэд юу ч биш. Ийнхүү олон нийтийн бухимдал, өнөөх Оюутолгойн үр өгөөж жирийн иргэн надад хамаагүй гэж үү гэсэн их хүлээлт, эргэлзээн дээр тоглолт хийж “Хувь нийлүүлэгчдийн гэрээ нууц байжээ” гэсэн цуу үг хүчтэй газар авчээ. “Нууц” гэсэн тамга тэмдгийн тухайд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зуруулах үеэр уг гэрээний эх англи хэл дээр бичигдсэн байсан. Түүнийг ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр харуулж байсан. Монголын тал уг гэрээний монгол орчуулга хэт модон хэллэгтэй, олон улсын гэ­рээний шаардлага хангахгүй  нь, дахиад хянах хэрэгтэй гэж үзээд үүнд багагүй хугацаа зарцуулсан байдаг. Дараа нь орчуулга дуусахад ХЗДХЯ, ГХЯ-наас орчуулгыг дахин хянаад албан ёсны болгон ёсчилно гэж хэд хонуулсан. Яг энэ үеэр л тухайн яаман дээр “Нууц” гэсэн тамгатай гэрээ явж байсныг “Нууц гэрээ” илрүүлэгчид “олзолсон” бай­гаа юм. Бичиг хэрэг хүлээн авах, шилжүүлэх явцад байдаг л энэхүү түр тэмдэг ихээр бодоход долоо хоногийн ху­гацаанд л ашиглагдсан бололтой. Түүнээс биш гарын үсэг зурсан хувилбарыг иргэн миний бие ч олоод үзэхэд хэцүү биш юм билээ. Хувь нийлүүлэгчдийн гэрээний “нууц” байсны “нууц” нь ердөө л энэ. Тэгэхээр хар муур өрөөнд байгаагүй нь тодорхой. Харин хар муурыг хайх явцдаа Ерөнхий сайд болон гэрээнд гарын үсэг зурсан гурван сайдыг “хөөрхөн чадах” гэж оролдсоноос хэтэрсэнгүй.

Цааш юу болсон нь бүр ч сонин.  Оюутолгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэнтэй хол­боотойгоор энэ дуулиан дэгдсэн.  Зөв дуулиан байсан бол өөр хэрэг. Харамсалтай нь дахиад л цуурхал, зөөлрүүлж хэлбэл ойлголтын зөрүү. хөрөнгө оруулалтын гэрээг анх байгуулах үед зардалд хөрөнгийг нь 5.1 тэрбум ам.доллар хэмээн тооцоолж баталсан. Үүнээс 1.1 тэрбум ам.долларыг нь 2000-2009 онд зарцуулсан хөрөнгө оруулалт гэж тооцжээ. Гэрээнд зааснаар түүний 34 хувийг  мөн л Монголын Засгийн газар гаргах ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээний 9.5-д ирэх таван жилд зарцуулах хөрөнгийн хэмжээг дөрвөн тэрбум ам.доллар байна гэж заасан байдаг. Энэ хэмжээ нь инфляци, тоног төхөөрөмжийн зардал зэргээс шалтгаалан 2010 оны арваннэгдүгээр сар гэхэд зургаан тэрбум ам.доллар бо­лон өсчээ. Яг энэ үед “Рио Тинто”-гоос “Айвенхоу Майнз”-тай то­хиролцоо хийс­нээр Оюутолгойн бүтээн бай­гуулалтад зарцуулах сан­хүүгийн эх үүсвэрийг 6.5 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэх болов. Өмч дагаж эрх мэдэл ирдгийн жишгээр уг тохиролцооны дагуу “Рио Тинто” компани өнгөрсөн оны аравдугаар сарын 18-нд шинээр арилжих хувьцааны борлуулалтад оролцохоор болов. Ингэснээр мөнөөх 6.5 тэрбум ам.долларын 4.4 тэрбум ам.дол­ларын санхүүжилт ба­тал­гаажих боломжтой бай­лаа. Тэр хоёр хоорондоо най­маа хийснээр Монголын талд ямар ч хохиролгүй. Харин ч төлөвлөсөн хугацаанаасаа хагас жилийн өмнө буюу 2012 оны эцсээр анхны бү­тээгдэхүүнээ үйлдвэрлэн гаргах боломжтой болсон. Үүнийг хамгийн сайн мэдэж байсан улс төрийн хүрээнийхнээс “Монголчууд 34 хувь биш долоон хувийг л эзэмших нь” гэсэн гүтгэлгийг тарааж эхэлсэн байдаг. Энэ тохиолдолд хөрөнгө оруу­лагчдын зүгээс хийх хамгийн эхний алхам нь бодит байдлыг үнэн зөвөөр ойлгуулах явдал. Үүнийгээ хийх гэхээр нь улстөрчид мэдэж байгаа гэдэг. “Тэгвэл мэдэж байгаа бол яагаад…?” гэхэд нь “Уучлаарай, бид улс төр хийж байна шүү дээ” гэдэг ажээ.

Дэлхийд данстай ком­панитай хамтран ажиллах гэрээ байгуулчихаад яаж ийм тайлбар хийгээд олон нийтийн сэтгэл санааг үймүүлээд явж чаддаг байна аа. Байгуулсан гэрээнийхээ дагуу ганц ч центийн хөрөнгө оруулалт хийж чадахгүй хэрнээ ядаж улс орныхоо нэр хүндийг бодоод гэрээг “самрахгүйгээр” улс төр хийж чадсангүй. Уг нь зөв төр бол хууль, эрх зүйн орчныг нь хангаж өгөөд л орхих байсан. Төр бизнест хэт оролцох, татвар шимтгэлээ хураахаас тэс өөр эрх ашиг хайж байдгийн нэг жишээ энэ болов. Уг нь дэлхийн аль ч өнцөг буланд ийм гэрээ байгуулсан тохиолдолд аль нэг талын ашиг сонирхлоор хувь хэмжээ өөрч­лөгдөх боломжгүй. Тол­гой компани хэчнээн хэмжээний хувьцаа гаргасан ч Монголын талын хувь буурахгүй гэдгийг “цээжээр” мэднэ. “Рио Тинто” тэнэг биш болохоор алдагдалтай байсан бол давуу эрхийн хувьцаа гаргахгүй шүү дээ. Давуу эрхийн хувьцаа нь тухайн компанийн өр төлбөр биш учраас амласан ногдол ашигаа хуваарилаагүй тохиолдолд хугацаа хожимдсон төлбөрийн асуудал үүсдэггүйгээрээ үнэ цаас гаргагчдад ашигтай байдаг. Харин ч манайхны энэхүү төөрөгдөл, дуулианы дараа монголчууд давуу эрхийн хувьцааны талаар мэдлэг, мэдээлэл муутай байдгийг мэдээд ашиг олох өөр тоглолтууд хийж болох юм.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж