Өнөө шөнө европын хөлбөмбөгийн солилцоо наймааны цонх хаагдана. Өвлийн солилцооны цонх хаагдахаас өмнө том багуудын хооронд том солилцоо наймаа болох шинжтэй байна. Английн хөлбөмбөгт хамгийн анхаарал татаж байгаа солилцоо 21-р зууны гол өрсөлдөөн Ливерпүүл-Челси багийн хооронд өрнөж магадгүй нээ. Энэ зууны хамгийн хүчтэй өрсөлдөөнийг хийдэг багууд Британийн хөлбөмбөгийн түүхэнд рекорд тогтоох гэж байна. “Ливерпүүл”-ийн довтлогч Фернандо Торресийн төлөө Лондонгийн цэнхрүүд 35 саяыг санал болгосон ч улаанууд зөвшөөрөөгүй учраас шинээр 50 сая фунтыг санал болгосон сурагтай. 40 саяыг бэлнээр, нэмээд Николя Анелка гэсэн хувилбар багуудын хооронд яригдсан ч Франц довтлогч өөрөө зөвшөөрөхгүй байгаа аж. Тиймээс 40 сая дээр Даниел Старрижийг “Челси” өгөхөд бэлэн болжээ. Торрес өөрөө явах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэнээр энэхүү солилцоо биелэх боломжийг ихэсгэж байгаа юм. Испанийн довтлогч хямралд байгаа “Ливерпүүл”-ийг орхих хүслээ “Аваргуудын лиг”-т тоглох гэж тайлбарлаж байна. Тоглогч өөрөө ийм хүсэлтэй байгаа хойно баг яаж ч хичээгээд нэмэргүй учраас ахиухан мөнгө олохыг бодох нь зүйн хэрэг юм. “Ливерпүүл” солилцоогоор хэдийнэ Аяксаас Луйс Суарезийг 23 сая фунтээр аваад байгаагаас гадна Блакпүүлийн Чарли Адамыг 10 саяар авах саналыг тавиад байна. Хэрвээ Торрес “Челси”-д очихоор болвол түүний солилцооны мөнгөнөөс Эшли Яангийг авах хувилбар мөн яригдаж байгаа гэнэ. Залуу Англи жигүүрийн төлөө Ливэрпүүл Астон Вилла-д 18 саяыг санал болгох юм байна. Харин “Челси” Торресоос гадна Бенфикагийн Бразил хамгаалагч Давид Луйзийн төлөө 25,5 сая фунтын санал тавиад байгаа билээ.
Score studio.