Н.Энхбаярын хөөрөх цэг

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын хөөрөх цэг

Н.Энхбаярын хөөрөх цэг

Намбарын Энхбаяр. Үе, үеийн улстөрчид дундаас өөрийгөө өргөмжлүүлсэн шиг өргөмжлүүлж, өөлүүлэх шиг өөлүүлсэн улстөрч бол яах аргагүй Намбарын Энхбаяр. Цаг үе бүр түүний хувьд “хит” он жил, өдөр хоногууд байж ирсэн.  Н.Энхбаяр хэмээх энэ хүнтэй  Монголын улс төр  тэртээ  1996 оноос эхлэн холбогдож байжээ. Тэрбээр  1997 онд Монгол ардын хувьсгалт намын Ерөний нарийн бичгийн дарга  болсон  тэр цагаас өнөөдрийг хүртэл  зөвхөн өөрийнхөө он жилүүдийг бүтээж яваа гэхэд хилсдэхгүй.   Хэн хүнд олдоод байдаггүй тусгаар тогтносон улсын төр барих онцгой эрх бүхий албан тушаал бүхэн  түүний нэрийн өмнө тодотгол  болон бичигддэг. Ийм том байж чадаагүй олон улстөрчийн хувьд тэр бол цаг мөнхөд атаархам амьд “домог”. Өнөөдөр ч тэрбээр Монгол  ардын хувьсгалт  намын даргын суудлыг  14 жилийн дараа  нэхэн авч чадлаа.

Нэхэл хатуу түүний улс төрийн тэмцэл өдгөө  хаа хүрээд зогсохыг хэн ч төсөөлөх аргагүй боллоо. Түүнд олон зүйл ивээс болж хөл дор нь  шороо мэт гишгэгдэв. Монгол Ардын намын  удирдагчдын  увайгүй айдас  Н.Энхбаяр гэсэн ганц хүн рүү чиглүүлсэн улс төр түүнд дахин босохын утга учир  бо­­лов.  Хэрэв МАН-ынхан ин­гэж түүн рүү дайраагүй бол  тэрбээр ийн тэмцэж чадах байсан эсэх нь эргэлзээтэй юм. Харин өнөөдөр бол…Түүний шинэ улс төрөөр уриалга хийсэн хөөрөх цэг эхлэв.

Ерөнхийлөгч асан На­цагийн Багабандиас 2000 онд намын даргын суудлыг авахад түүнийг  ардчилсан хүчний дарангуйлалд өртөж, нэр хүндээрээ нийгмийн “шал арчсан”, доройтож суларсан  Монгол ардын хувьсгалт нам тоссон билээ. Тэр улс төрд орж ирмэгцээ   Ардчилсан хол­боо эвслийг задалж  дөрвийн дөрвөн Засгийн газрыг огцруулан  улс төрийн тоглоомоо эхлүүлж байсан.  Тэрхүү Ардчилсан хол­­боо эвслийн өөр  хоо­рондоо өдөөсөн  арчаагүй тоглолтод хамгийн их хүч өгсөн хүн бол яах аргагүй Намбарын Энхбаяр. Монгол ардын хувьсгалт намыг улс төрийн тавцнаас “арчих” сонголт хийчихээд   байсан сонгогчдыг 100 хувь  эргүүлж парламентад үнэмлэхүй олонхи болгож чадсан билээ. МАХН түүхэнд ховорхон  тохиох  72  суудлыг  2000-2004 оны  парламентад  авч, түүнд нь өдгөө Н.Энхбаярын өөдөөс өрвөлзөгч бүхэн яг тэр он жилүүдэд  бүгд улс тө­рийн карьераа эхэлж бай­сан.  Ардчилсан холбоо эвс­лийн Засгийн газруудыг ээлж дараалан огцруулсан нь өнөөдрийн улс төрийн бохир аргачлалыг эхлүүлсэн ч энэ бол Н.Энхбаярын МАХН-ын төлөө хийсэн  тэмцэл байсан гэж болно. Тэрбээр сөрөг хүчин шиг сөрөг хүчнийг тэр үед бий болгосон. Өнөөдрийн хамтарсан Засгийн газар шиг ийм хоёр эрх ашгийн тэнц­вэр бүхий хяналтгүй, шүүмжлэлгүй, хаалттай гүй­цэтгэх засаглалыг Н.Энхбаяр гэдэг хүн тогтоогоогүй. Энэ нь түүний Монголын улс төрд бий болгосон нэг онцгой дүр.

Нэр хүндгүй, үнэлэмжгүй болчихсон МАХН-ыг тэрбээр тухайн цаг үед аварч,  одоогийн Ар­дын намын бааз суурийг бүтээж өгсөн. Гэвч өнөөдөр түүний эл гавьяаг намынх нь нөхөд нэг ч удаа дурссангүй.

Намынхаа төлөө хийсэн увайгүй үйлдэл бүхнийг нь өөрсдөөсөө зайлуулж, зөвхөн Н.Энхбаяр гэдэг хувь хүний нурууг бөгтийлгөх баримт болгон ашиглаж байна. Бүхэл бүтэн 14 жилийн турш тугаа хийж, тугаа өргүүлж ирсэн нэгдүгээр хүнээ тэд гудамжинд  хөөн гаргасныг ард түмэн харж байна.

Энэ үед тэрбээр Ардын намыг бус Монгол ардын хувьсгалт намыг сонгосноороо өөрийн хөөрөх цэгийг дахин эхлүүллээ. Анхны улс төрөө ялагдсан намын бүлгийн даргаас эхлүүлсэн шигээ өнөөдөр намдаа цөөнх болсон жирийн иргэдийн хүсэл дээр, парламентад ганц суудалтай ялагдсан намын даргаас дахин эхлэв. Монголын улс төрөөр 1996-2000 онд өөрийн дураар тоглосон шигээ энэ цагийн улстөрчид төдийгүй улс төрийн намаар дахин тоглох тийм хүчтэй тэмцлийг “амилуулж” буй нь энэ. Улстөрч хүний хувьд 53 нас тэтгэвэртээ гарах бус улс төрийн шинэ амбицийн төлөө тэмцэх халуун залуун нас гэдгийг тэрбээр нотлов. Нотолгоо нь Монгол ардын хувьсгалт намын дарга. Нотолгоо нь ирэх өдрүүдэд Ардын намын удирдлагын зүгээс өөрийнх нь эсрэг хийх үнэ хүндгүй улс төрийн тэмцэл. Нотолгоо нь Н.Энхбаярт итгэл өгөхөөс хэзээ ч цуцахгүй хөдөө орон нутгийн иргэд. Хөл сайтай улстөрч хол явдаг гэдгийг батлах ирээдүй цагийн үр дүн.

Монгол Улсын хэмжээнд 150  гаруй мянган гишүүнтэй, бүхэл бүтэн 90 жилийн түүхтэй, засгийг атгах олон жилийн туршлагатай ийм том намыг өмнөө чичрүүлэх түүний улс төрийн хөөрөх цэг ийн эхэлж байна.

Тэр 1996 онд улс төрийн карьераа “0”-ээс эхэлсэн шигээ өнөөдөр ч бас “0”-ээс эхэллээ. Ц.Шинэбаяр, Н.Удвал, С.Молор-Эрдэнэ, Ю.Атар гэсэн цөөн хэдэн “балчир” улстөрчдийг тэр өнгөрсөн дөрвөн сарын турш дасгалжуулсан. Тэд бол түүний хувьд улс төрийн “0” ангилалд багтах багийн нөхөд. Бүхэл бүтэн 14 жилийн дараа дахин шинээр эхлүүлж байгаа Намбарын Энхбаярын улс төрийн тэмцэл ийнхүү МАХН-ын онц их хурлаар, түүхийн шинэ хуудсыг эргүүлснээр эхлэв.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өдгөө 69 настай. Харин Н.Энхбаяр 53-тай. Тэгэхээр тэрбээр цаашид бүхэл бүтэн 15 жил Монголын улс төрийг, тэр дундаа Ардын намыг “айлгаж” амьдрах нь тодорхой. Бас түүний төлөө хундага өргөх дараа, дараагийн улстөрчдийг багтаа нэгтгэхийг хүссэн их тэмцэл нь ийн эхлэв. Муу, сайн холилдсон олон үйлийн эзэн болсон түүний карьерийн өндөрлөгийг эцэст нь цөөхөн хүнийг л золигт гаргаасай гэж хүсье. Учир нь өдгөө Н.Энхбаярыг айлгах бус Н.Энхбаяраас айсан их улс төр эхэлж байгаа нь энэ юм.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:  Улс төрийн тойм" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж