санаа нийлэх биз ээ. “Арван мянга” нэртэй нэгэн телевизийн нэвтрүүлгээр “10 000 төгрөг их мөнгө, бага мөнгө” гэж иргэд өөр өөрийн байр сууриа илэрхийлдэг. Өнөөдрийн байдлаар бага мөнгө гэх хүн бүр ч олшров. Иргэдийн үгийг Монголбанк сонсдоггүй юм байж. Харин “Стэнд бай” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгч, гол хандивлагч ОУВС-ийн үгийг тоох болов уу. Юаний, долларын, еврогийн ханшид сэтгэл зовнин толгой сэгсрэх эдийн засагчдаас төгрөгийн ханшийнхаа талаар ярих нь ховор болж. Энэ мөчид ОУВС-ийн төлөөлөгч, Монголын ажлын хэсгийн ахлагч Стивен Барнер өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан, Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг нартай уулзаж төгрөгийн ханш чинь унаж буйд сэтгэл зовниж буйгаа илэрхийллээ. Манай улс төрийн хоёр том хүчний удирдагчидтай гадны хандивлагч байгууллагынхан уулзах дуртай болоод байгаагийн учир нь зөв шийдвэр гаргахад зүглүүлж өгч магадгүй гэж горьдсоных биз ээ.
Манай эдийн засгийн хувьд худалдааны нөхцөлийн индекс, бодит хүүний зөрүү болон гадаад худалдааны эргэлт, гадаад цэвэр актив, Засгийн газрын зардлын ДНБ-д эзлэх хувь зэрэг үзүүлэлт төгрөгийн бодит ханшийн тэнцвэрт түвшинг тодорхойлох суурь хүчин зүйлүүд болдог. Мөн аливаа улс орны гадаад өрийн хэмжээ үндэсний валютын ханшдаа нөлөөлдөг ажээ. Тухайлбал, төлбөрийн тэнцлийн урсгал тооцооны алдагдал нь гадаад өрийг нэмэгдүүлдэг. Гэтэл өр нь гадаад худалдааны тэнцлээр нөхөгдөх ёстой. Энэ нь үндэсний валютын ханшийг сулруулах дарамт үүсгэдэг байна. Ханш суларснаар тухайн улсын экспортын гадаад зах зээл дээрх үнийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Урсгал тооцооны алдагдлаас үүссэн улсын өр нь гадаадын хөрөнгө оруулалтаар хэсэгчлэн санхүүждэг. Нөгөө талаас гадаад цэвэр актив нь тухайн улсын валютын нөөц гэдэг утгаараа гадаад цэвэр активын өсөлт нь үндэсний валютад итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлдэг. Засгийн газрын хэрэглээ богино хугацаанд нэмэгдэхэд экспортолдоггүй барааны эрэлт өсдөг. Учир нь хувийн хэрэглээг бодвол улсын хэрэглээнд экспортолдоггүй барааны эзлэх хувь өндөр байдаг. Экспортолдоггүй барааны эрэлт их байх нь тухайн бараа, бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж, эдийн засаг дахь ерөнхий үнийн түвшинг өсгөх тул үндэсний валютын бодит ханш чангарна гэж үздэг ажээ.
Монголбанк 2006 оноос Төв банкны үнэт цаасыг мөнгөний бодлогын гол хэрэгслээ болгон ашиглахаар судалж эхэлсэн бөгөөд 2007 оноос инфляцийг онилох мөнгөний бодлогын аргад шилжихээр зорилгоо тодорхойлсон байдаг. Улмаар 2008 оны гуравдугаар сараас тухайн үеийн удирдлагууд инфляцийн тооцоог үндэслэн дээрх арга хэмжээг огцом бус аядуу зөөлөн авч хэрэгжүүлсэн. Энэ бол инфляци 34 хувьд хүрч, дээр доргүй сандралдан, эдийн засгийн уур амьсгал, нөхцөл байдлын хүнд үе байв. Тухайн үед Монголбанкны удирдлагууд Эрсдэлийн удирдлагын албыг зөв зохион байгуулж ажилласан, Төв банкинд болон банкуудад заавал байлгах мөнгөний хэмжээг 0.5 хувиар нэмэгдүүлсэн зэрэг нь үр дүнгээ өгч инфляцийг бууруулж чадсан ч иргэдийн амьжиргаанд сайн нөлөө үзүүлсэн. Гэвч улстөрчдийн оролцоо уг арга хэмжээг дэмжсэнгүй. Харин ч эдийн засгийн хориг арга хэмжээ мэтээр дэвэргэн нийгэмд буруу ойлголт өгч байлаа.
Юутай ч Монголбанкны шинэ үеийн, тэр тусмаа 2007 оноос хойшхи удирдлагууд Мөнгөний бодлогын хувьсгал, шинэ эргэлт хийсэн гэж хэлж болно. Хэрэв тэд хэл амнаас айж, ийм зоригтой алхам хийж чадаагүй бол төгрөгийн ханш суларсаар эдийн засгийн шок үүсэх байсан.
Өнөөдөр Монголбанкны удирдлагууд яавал төгрөгийн ханшийг сайжруулах бодлогыг бодож чадаж байгаа ч хэрэгжүүлэхгүй байгаа нь анхаарал татаж байна. Магадгүй мэргэжлийн ур чадвар, зөв алхам хийхээсээ илүү Монголбанкны ерөнхийлөгчийн болон улстөрчдийн дохиог хүлээж сууна уу гэх дүр зураг харагдсаар байгаа нь харамсалтай. Гэвч төгрөгийн ханш эрчимтэй унавал манай “жижиг эдийн засаг”-ийг залгихад бэлэн байгааг бүү март.
У.Оргилмаа.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.