Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

”Бэлэг” хөшөө

Саяхнаас сонинуудад “Өвөрхангайд “боссон” хөшөөнөөс болж иргэд нь ичиж байна”, “Хархориныхон бухимдалтай байна”, ““Боов” хөшөөг буулгахыг шаардлаа”, ““Боов чулуу”-г буулгахгүй бол БОАЖЯ-ны гадаа аваачиж тавина” гэх мэт сүрхий гарчигтай мэдээ нийтлэл гарч байна. Эдгээрт Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт шинээр “босгосон” бэлэг хөшөөг голдуу шүүмжилжээ.

Шүүмжлэлдээ тэд 35 сая төгрөгөөр босгосон гэх энэ бэлэг хөшөөний оронд талхны цех бариад өгчихсөн бол нутгийнханд хэрэгтэй ухааны юм бичицгээжээ. Нөгөө л бэлэнчлэх сэтгэлгээ. Та нар сууж л бай, бид мөнгө өгье, талхны цех бариад бэлэглэе гэж хэлүүлэх гээд байгаа юм байх.

Гэтэл үнэндээ хүний гараар бүтсэн Монголдоо ганцад тооцогдох эл хөшөөг үзэх гэж дотоод, гадаадын аянчин жуулчдын тоо нэмэгдэж, нутгийн иргэд аянчдад айраг, хуушуураа зарахаас авахуулаад хөшөөний жижиг хувилбарыг түлхүүрийн оосор энэ тэрхэн болгоод мөнгө тонших боломж нээгдэж байгаа юм.

Өвөрхангайчууд уг нь “бэлэг” хөшөөнөөс ичээд байхааргүйсэн. XVII зууны сүүлчээр халхын Өндөр гэгээн Занабазар Эрдэнэзуу хийд байгуулж, нүүдэлчдийн төдийгүй төв Азийн мөргөлчдийн цувааг одоогийн Хархорин руу татаж чадсан.  Энд ирж эргэл мөргөл хийгчид буян үйлдэн нүглээ ариусгахаас гадна зарим нэг нь сайн хань, сайхан үртэй болох далд сүсэгт итгэн хийдийн зүүн урд жалган дахь бяцхан шодой чулуунаас сэмхэн адис авдаг нь одоо ч энгийн заншил хэвээр байна. Цагтаа хийдийнхээ лам, банди нарын хуял тачаалыг номхотгон дарах зорилгоор босгосон шодой чулуу харин ч эсрэг менежмент болж, үр хүссэн, хань ижил мөрөөдсөн мөргөлчдийн шүтээн болсон нь яалт ч үгүй үнэн. Садарлахыг нүгэлд тооцдог Буддын шашин эмэгтэй хүний гоо сайхныг Дарь эхийн уран баримлуудаар, эр хүний чадал чансааг Бэлэг хад чулуугаар билэгдэн шүтэж ирсэн уламжлалтай.

Оюу толгойн лиценз эзэмшигч канад эр Фрийдланд хязгааргүй баялгийн аман дээр суусандаа сэтгэл ханалгүй НАСА-д багагүй ногоон төлж, ойр тойронд нь юу байгааг мэдэхээр тэр хавийн зургийг сансраас нарийвчлан татуулжээ. Тэр зурагт лицензийн талбайн хажууханд нэгэн газраас ер бусын өнгө гэрэл ялгарсан байсныг ажигласан мөнөөх канадын шунал хөдөлж, GPS-дээ сэмхэн хийж аваад өөр хэнд ч хэлэлгүй ганцаараа яваад очиж л дээ. Овоохон юмны үзүүрээс атгасан гэх шуналын гал асаасан нөхөр говийн эзгүй хээр мөнөөх координат дээр очтол монголчуудын 200 гаруй жилийн өмнө хийд барьж, байгалийн заяагдмал Бэлэг хадыг дээдлэн хадаг яндар уясан шүтээнийг хараад золтой л ухаан алдаагүй гэдэг.

Энэ бол Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байх Догшин хутагт Данзанравжаагийн босгосон Дэмчогийн хийд бөгөөд түүний аравнайлсан “Эр хүнд чадал чансаа, эм хүнд сайн хань сайхан үр заяах” шүтээн болсон “Бэлэг” хад юм. Тэр үед мэдээлэл харилцаа холбоо муутай байсан ч “Бэлэг” хадыг зорих мөргөлчид тасраагүй гэнэ лээ. Бүх юм хаалтай социализмын үед хүртэл залуучууд “Боов чамайг болдогсон бол боронзоор будаад богд уулын оройд босоогоор чинь тахих юмсан” хэмээн шүлэглэж байсан юм шүү.

Хархорины хуучин “шодой” чулуу тэр үедээ л хамгийн боловсронгуй технологиор хийсэн бүтээл байлаа. Гэтэл тэнд байрлаж байсан гадаадын цэргийн эрхтнүүд шодой чулууг зөөж байгаад голоор нь тастаж гэмтээсэн юм.  Харин түүх дурсгалаа сэргээх, жуулчдад харах нэг ч гэсэн үзмэр бий болгох сэтгэлтэй хэдэн залуу Хархорин суманд хэн ч харахад бараатай “Бэлэг” хөшөө босгосон нь үнэхээр урлагийн бүтээл болж чадсан байна. Тэр залуус төсвөөс тендерийн хөрөнгө луйвардаагүй, өөрсдийн хөрөнгөөр ийнхүү шинэ үзмэр бий болгосон байтал ад үзэх хэрэг юун. Тэд биш байлаа ч эрт орой хэн нэг нь босгох л байсан юм.

Манайд байгалиас заяасан бэлэг хад, эхийн умай хэд хэд бий. Бүгд л хадаг зүүлттэй, хүмүүс цуваастай, мөргөл залбираастай. Иймэрхүү “бэлэг” хад хөшөө дэлхийн олон оронд бий. Энэтхэг, Бельги, АНУ, Герман, тэр ч бүү хэл коммунист тогтолцоотой Хятадад бүр 2-3 байдаг юм шүү.

Иргэн Н.Амарсанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж