Их Британи НӨТ-өө нэмж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Их Британи НӨТ-өө нэмж байна

Их Британийн Сангийн сайд Канцлер Жорж Озборн Их Британийн их өрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд нийгмийн халамжийн төсвийг эрс танаж, НӨТ-ийг 17.5 хувь байгааг 20 хувь болгож өсгөж байна. Хүүхдийн тэтгэмж, төсвийн ажилтнуудын цалинг царцааж, төсвийн үйлчилгээнд зарцуулж байгаа төсвийг 25 хувиар танана. Харин архи, тамхи, түлшний татварыг өсгөөгүй байна. Төсвөө парламентын гишүүдэд танилцуулахдаа Озборн “Өр бууруулахын тулд хатуу боловч шударга арга хэмжээ авах зайлшгүй хэрэгтэй байна” гэжээ. Харин Лейбор (хөдөлмөрийн) намынхан энэ арга хэмжээг “бодлогогүй”, “хүмүүсийг ажилгүй болгох арга хэмжээ” гэж үзэж байна.

Их Британийн засгийн газрын энэ алхмыг бизнесийн удирдагчид Их Британийн эдийн засгийн сэргэлтэнд шийдвэрлэх чухал мөч гэж үзэж байна. Харин олон зуун мянган ажлын байр үгүй болсноор нийгэм эдийн засагт сөрөг нөлөө гаргах вий хэмээн үйлдвэрчний эвлэлүүд болгоомжилж байна. Парламентын нийтийн танхимд арга хэмжээнийхээ талаар танилцуулахдаа Озборн сайд “Шийдмэг арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Гэхдээ үүнийг шударгаар хэрэгжүүлэх бөгөөд ачааны хүндийг эдийн засгийн нөхцөл байдал нь илүү сайн нийгмийн хэсгийнхэн үүрэх болно. Хүн бүр энэ ачаанаас үүрч төлбөрөө хийх болно. Гэхдээ нийгмийн орлого багатай хэсэг түүндээ харьцангуйгаар багыг төлөх болно” гэж ярьсан байна.

Их Британийн өрхүүд дунджаар жилд 400 паундын орлогоо алдах болно. Хамгийн ядуу иргэд 200 паундын орлогоо алдах бол баян иргэд 1,800 паундын орлого алдах болно гэж төсвийн тооцоололд дурдсан байна. Энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр Их Британи таван жилийн дотор их хэмжээний өрнөөс салж төсөв баланслах бөгөөд үүнийг татвар нэмж биш харин хэмнэлтийн аргаар хийж байгаагаараа онцлогтой байх болно. Үүний хамтаар тэрээр өмнөх Лейбор намын байгуулсан удаа дараагийн Засгийн газрууд үндэстний төсөв санхүүд бодлогогүй хандаж “Олон жилийн турш орлогоос нь хэт ихийг зарцуулж, улс орныг их хэмжээний өрөнд оруулснаас болж ийм арга хэмжээ авахад хүргэлээ”  гэж буруутгасан.

Жилд 40,000 паундаас дээш орлоготой өрхүүд татварын хөнгөлөлт эдлэхгүй, жилд 21,000 паундаас дээш цалинтай төсвийн албан хаагчийн цалинг хоёр жилээр царцаана, харин түүнээс бага цалинтай төсвийн албан хаагчийн цалинг 250 паундаар нэмэх ба энэ нэмэгдлийг ирэх хоёр жил хэвээр хадгалах юм байна.

“Work Foundation” сангийн ажилтан Уилл Хаттон Их Британийн Засгийн газарт төсвийн салбарын ажилтнуудын цалингийн талаар зөвлөмж өгдөг бөгөөд төсөв танах арга хэмжээний талаар “зэрлэг” хэмээн тодорхойлсон бөгөөд үүнээс болж хоёр намын хооронд үзэл бодлын томоохон зөрчил гарах болно гэж үзэж байна. НӨТ нэмэх арга хэмжээ нь ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хүчин төгөлдөр болох бөгөөд үүнээс жилд 13 тэрбум паундын орлого нэмж орох болно гэж үзэж байна. Үл хөдлөх хөрөнгийн орлогын татвар 28 хувь болж байна. Энэ татвар харин өнөөдрөөс хүчин төгөлдөр болно. Орон сууцны тэтгэмжийн дээд хэмжээ долоо хоногт 400 паунд байх болно. Үүнээс Их Британи жилд 1.8 тэрбум паунд хэмнэх болно гэж үзэж байна.

Т.Бадрах 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж