Монгол Улсын 10000 мянга орчим иргэн Бүгд Найрамдах Чех Улсад хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.
Тус улсын Нийгмийн хамгааллын тухай хуулиар тэтгэврийн даатгалд даатгуулагчид цалингаасаа 6.5 хувь, ажил олгогч 21.5 хувь, нийт 28 хувийн шимтгэл, бусад төрлийн нийгмийн даатгалд болон татварт цалингийнхаа 32 хувь буюу нийтдээ 60 орчим хувийг шимтгэлд төлдөг байна. Чех улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд тэтгэврийн даатгалаас бусад төрлийн нийгмийн даатгал болох эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгалын сангаас олгох тэтгэмж, эмчилгээ, үйлчилгээний төлбөрийг оршин суух хугацаандаа Чех Улсын иргэний нэгэн адил эдлэх бүрэн эрхтэй байдаг аж.
Харин тэтгэврийн даатгалд төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах, эсвэл өндөр насанд хүрсэн хойноо төлсөн шимтгэлдээ ногдохуйц тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн үндэсгүй байжээ.
Чех улсад Монголоос 13500 орчим иргэн ажиллаж амьдардаг байсныг эдийн засгийн хямралын үед Чехийн Засгийн газар өөрийн иргэдийг ажилтай болгох үүднээс гадаадын иргэдэд 500 евро төлж нутаг буцаах шийдвэр гаргаж байжээ. Үүний улмаас Монголын 3500 иргэн буцаж ирсэн байна. Одоо ажиллаж байгаа иргэдийн 50 хувь нь хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж байна. Энэ хэлэлцээрийг хийснээр Монгол улсын иргэд Европын холбооны улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн нэгэн адил нийгмийн хамгаалалд орж, тэтгэвэр авах харилцаа нь нээгдэж байгаа юм.
Хуулийн төслийн талаар Байнгын хорооны гишүүдэд мэдээлэл хийсэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандигийн тайлбарласнаар, Чех улсад байгаа монгол иргэдээс энэ асуудлаар Монгол Улсын Элчин Сайдын Яамаар уламжлан хүсэлтээ удаа тавьж байсны дагуу Бүгд найрамдах Чех улмын холбогдох хууль тогтоомжийг судлан үзээд Монгол Улс, БНЧУ-ын нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг боловсруулсан байна. Хэлэлцээрийн төслийг тохиролцох эхний хэлэлцээг 2008 оны есдүгээр сард БНЧУ-ын Прага хотод, хоёр дахь хэлэлцээг 2009 оны есдүгээр сард Улаанбаатар хотод хийн тохиролцоонд хүрчээ.
Дээрх төсөлд хоёр улсад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, тэтгэврийг харилцан шилжүүлэн олгож байх зэрэг хэд хэдэн зарчмыг тусгасан байна. Энэхүү хэлэлцээр соёрхон батлагдвал хоёр орны иргэд нийгмийн даатгалын давхар даатгал төлөхгүй бөгөөд томилолтоор ажиллаж байгаагаас бусад тохиолдолд хоёр орны иргэд оршин суугаа орныхоо хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалд хамрагдаж, шимтгэл төлөх юм. Мөн хоёр орны хууль тогтоомжийн дагуу тэтгэврийн насанд хүрч, тэтгэвэр тогтоолгох нөхцөл болзлыг хангасан бол тухайн нөхцөл болзлыг хангасан улсаасаа тэтгэвэр тогтоолгон авах, эсвэл Монгол болон Чехийн тэтгэврийн даатгалд шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж тэтгэврээ тогтоолгоод, Монголын болон Чехийн талаас ногдох хэсгээ авах боломжтой болж байгаа юм.
Б.Энхмандах