
Улсын Их Хурлаас 2006 оны тавдугаар сарын 5-ны өдөр Хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийг баталснаар манай улсын 0-18 насны бүх хүүхэд сар тутам тэтгэмж авч байсан. Харин ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх зорилгоор Хүний хөгжил сан байгуулах, түүнийг бүрдүүлэх, хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд уг сангаас хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталж, улмаар хүүхдэд тэтгэмж олгох эрх зүйн харилцааг зохицуулж байсан хуулийг хүчингүй болгосон.Гэвч гишүүд улсын хэмжээнд ядуурлын түвшин буурахгүй байгаа одоогийн нөхцөлд ийнхүү “хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг зогсоосон нь хүүхдийнхээ мөнгөөр амьжиргаагаа залгуулж байсан олон өрхийн амьдралд хүндээр тусч байна гэж үзсэний үндсэн дээр Монгол Улсын иргэн 0-18 насны бүх хүүхдэд амьжиргааны түвшин харгалзахгүйгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгож байх, уг тэтгэмжийн хэмжээг УИХ тогтоож байх хууль, тогтоолын төсөл санаачилжээ.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжид нийт өрхийн 0-18 насны бүх хүүхдийг хамруулснаар нийт өрхийн хүүхэд бүр тэгш хамрагдаж, улмаар хүн амын төрөлтийг дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж тэд үзэж байгаа аж. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 0-18 насны бүх хүүхдэд /932000/ амьжиргааны түвшин харгалзахгүйгээр сард 20 мянган төгрөг олгоход нийтдээ 223.680 сая төгрөг шаардагдах бөгөөд 2010 оны төсвийн тодотголд 111.840 сая төгрөг тусгах шаардлагатай байгаа юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.