“Булган сүүлтэй” Ж.Чайлмерсийг Б.Лхагвасүрэн, Д.Одонгоо нараас асуугаач ээ

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

“Булган сүүлтэй” Ж.Чайлмерсийг Б.Лхагвасүрэн, Д.Одонгоо нараас асуугаач ээ

Монголбанк дахин хариуцлага алдаж, гадаадын хоёр иргэнд 69 сая ам.доллар алдчихаад, асуудлыг нааштайгаар эргэмэгц том хэрэг илрүүлчихсэн мэтээр хэвлэлийнхэнд мэдээлсэн. Тэгвэл уг үйл явдлын дараа буюу өчигдөр тус банкнаас олон улсын аудитын пүүсүүдэд хандаж “Монголбанкны санхүүгийн тайланд шалгалт хийх тендер зарласан байна. 
Тендерт тухайн аудит пүү­сийн мэргэжлийн ур чадвар, туршлага, төлбөр хураамжийг гол үзүүлэлт болгосон бөгөөд шалгарсан аудит пүүс  энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээс 2012 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны тайланд шалгалт хийх аж. Гадаадын өндөр ур чадвартай хөндлөнгийн аудитаар шалгуулсан гэж бардамнах дуртай тус банк ийнхүү олон улсын нээлттэй тендер зарлан сонгон шалгаруулж тайлангаа шалгуулдаг гэж харагдаж байна. Энэ нь ч зөв биз. Харин сонгон шалгаруулалтад ирүүлэх материалыг хүлээн авагчийн хаяг дээр “Авлигын хэрэгт нэр холбогдоод, хэрэг нь хэзээ мөдгүй прокурорт шилжлээ” хэмээн зарлагдаад байсан алдарт Г.Тогтохбаярын мэйл хаяг тэргүүтэн цохиж явахыг хараад цочив. “Анод” банкийг шалгах явцад  23 сая төгрөгийн авлига авсан Монголбанкны Дотоод аудитын газрын захирал Г.Тогтохбаяр юу ч болоогүй мэт ажлаа хийсээр байгаа нь сонин. “АТГ-аас тусгай ажлын хэсэг гаргаж шалгалаа”, “Эрүүгийн хуулийн 268.2-т зааснаар гэм буруутай нь нотлогдвол эд хөрөнгийг нь хурааж, 5-10 жилийн хорих ялаар шийтгэх нь” гэсэн мэдээллүүд хуучрах нь энэ үү. Эсвэл АТГ гэм бурууг нь нотлов уу. Тийм бол олон нийтэд зарлаж “хөөрхий”-г нэр төрийг нь сэргээж өгөх хэрэгтэй. АТГ ажлаа гүйцэт хийдэггүйгээс байгууллагынхаа болон үүрэгт ажлынхаа нэр хүндийг ч алдаж, шалгаж л байдаг юм, тэгсгээд сураг алдардаг гэсэн буруу ойлголтыг нийгэмд төрүүлж байна.

Харин Монголбанкны хувьд өмнө нь “Гандирс”-ын 50 сая ам.долларыг алдсанаа тухайн  жилийн тайландаа оруулаагүй байсан нь  гадны аудит хийлгээд ч итгэхэд бэрх болсны нэг илрэл. “Гандирс”-ын шүүх хурал болж байхад  Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэх гэтэл Төлбөр, тооцоо, бүртгэлийн газрын дарга М.Амгалангаас бусад нь гадаад томилолтоор “зугатчихсан” байсан гэдэг. Энэ жигтэй хэргийг одоо ч гэрчлэн хүн Монголбанкинд хангалттай бий. Нөгөөтэйгүүр “Алтандорнод”, Оросын Транс банкны 10 сая ам.долларын асуудал, “Гандирсын хэрэг” гэсэн холбоо гурван хэргийг шалгах ажлын хэсгүүдийг нэгтгэсэн нь шалгалтын ажлын явц, бүтцийг тарамдуулах гэсэн арга мэх гэж сэжиглэж болохоор байдаг. “Гандирс”-ын ажлын хэсгийн ахлагчаар тухайн үед Монголбанкны дэд ерөнхийлөгч байсан Б.Энххуяг,  Хяналтын газрын даргаар Ганбаатар нар ажиллаж байсан юм. Одоо Б.Энххуяг Монголд байгаа эсэхийг бүү мэд. Байгаа бол шалгагдах л ёстой. Харин Ганбаатар нь АНУ-д эрдэм мэдлэгээ дээшлүүлж яваа. Тухайн үед Бүртгэлийн газрын даргаар ажиллаж байсан Б.Лхагвасүрэн нь жилийн тайлангаа “бооход” Гандирсын хэргийг сугалж үлдсэн, ажилдаа хайнга хандсан хэмээн  буруутгагдаж ажлаа өгч байсан санагдах юм. Одоо тэрбээр Л.Пүрэвдорж ерөнхийлөгчийн буянаар Монголбанкиндаа эргэн ирж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн шигээ нүүр бардам сууж харагдана. Б.Лхагвасүрэн, Д.Одонгоо нараас одоо ч Монголоос оргон зайлсан луйварчин Ж.Чайлмерсийн талаар лавлахад илүүдэхгүй. Түүнчлэн саяхнаас илчлэгдсэн “М энд Пи” компани байгуулан бага, дунд орлоготой иргэдэд орон сууц барих төслийн нэрээр 69 сая ам.доллар луйвардсан хэрэгт Монголбанкны хяналтын болон бүртгэлийн газрын захирлууд юу харж, хянаж байсан талаар олон нийтэд нээлттэй мэдээлэх хэрэгтэй. Хэрэв Холбооны шүүх Монголбанкны талд шийдвэр гаргаагүй бол нуун дарагдуулаад өнгөрөх ч байсан юм билүү гэж эргэлзэх үндэслэл хангалттай бий.

У.Оргилмаа.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж