Вьетнам Улсын элчин сайд итгэмжлэх бичгээ өргөн барьлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Вьетнам Улсын элчин сайд итгэмжлэх бичгээ өргөн барьлаа

Өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суух Бүрэн эрхт Элчин сайдаар тохоон томилогдсон ноён Хоанг Туан Тхинь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхан Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Ерөнхийлөгч, уулзалтын эхэнд ноён Х.Т.Тхиньд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд нь баяр хүргээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түүнийг ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Монгол Улс, Зүүн Өмнөд Ази дахь гол түнш орнуудын нэг болсон БНСВУ-тай харилцах харилцаандаа чухал ач холбогдол өгч байдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд манай хоёр ард түмэн хүнд бэрх үед харилцан тусалж, хамтран ажиллаж, бие биеэ таньж мэдсэн хагас зууныг хамтдаа туулсан нь харилцааны гол ололт мөн хэмээн ярилаа. Монгол Улс Вьетнам Улсыг АСЕАН-тай хамтран ажиллах боломжит гүүр нь гэж үзэж байдгийг Ерөнхийлөгч дурьдаад бүс нутаг, АПЕК, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт, АСЕАН-ы үйл ажиллагаанд Монгол Улсын оролцоог бий болгох манай улсын санал санаачилгыг Вьетнам Улс цаашид ч дэмжинэ гэдэгт найдаж байгааг Ерөнхийлөгч дурьдав. Монгол, Вьетнамын хооронд худалдааны бараа солилцоо нэмэгдэн, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа тодорхой хэмжээнд явагдаж байгаа боловч худалдааг хоёр талын урсгалтай болгох, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь чухал гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр онцолсон юм.

Өнгөрсөн 5-р сард Москва хотноо болсон Ялалтын баярын 65 жилийн ойгоор тус улсын Ерөнхийлөгчтэй уулзаж ярилцсандаа ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөдсаяхан туркийн Истанбул хотноо болсон Азид итгэлцэл хамтын ажиллагааг бэхжүүлэх зөвлөлгөөний дээд хэмжээний уулзалтын үеэр Вьетнам Улс уг байгууллагад гишүүнээр элссэнд баяртай байгаагаа Ерөнхийлөгч илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ноён Х.Т.Тхиньд хандан, “Манай улсад суралцаж байсан Монгол зан заншил, уламжлал, түүх, соёлын өндөр мэдлэгтэй, монгол хэлээр маш сайхан ярьдаг ийм туршлагатай дипломатч манай оронд суух Элчин сайдаар томилогдон ирж буйд өндөр сэтгэгдэлтэй байгаагаа онцлов.
 Элчин сайд, ноён Х.Т.Тхинь нь МУИС, ХААИС-д тус тус суралцсан бөгөөд,  Москвагийн их сургуулийн Олон улсын эдийн засгийн харилцааны ангийг төгссөн байна. Тэрээр монгол, орос, англи, солонгос хэлтэй бөгөөд 1983 оноос эхлэн дипломат албанд тасралтгүй ажиллаж иржээ.    

Уулзалтын үеэр Элчин сайд, ноён Х.Т.Тхинь, “Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирж буйдаа баяртай байгаагаа хэлээд эртний баатарлаг түүхтэй, ахан дүүгийн барилдлагатай Монголын ард түмэн хүнд хэцүү цагт ямагт тусалж ирсэнд манай Вьетнамын ард түмэн талархаж явдаг юм. Бидний хувьд улс төрийн ямар ч асуудал байхгүй бөгөөд байгалийн баялгийн асар их нөөцтэй, ард түмэн нь хүсэл эрмэлзлэл дүүрэн ийм оронд миний бие элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байна. Хоёр орны хоорондын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дурьдсан салбаруудад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллах болно” хэмээн онцлон тэмдэглэсэн талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж