АНУ-ын татвар төлөгчид босогчдыг санхүүжүүлэв үү?

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

АНУ-ын татвар төлөгчид босогчдыг санхүүжүүлэв үү?


Афганистанд байрлаж байгаа АНУ-ын цэргийн баазад нөөц хүргэх цувааг гэрээгээр хамгаалдаг хувийн компаниуд замаар аюулгүй өнгөрөхийн тулд зам дагуу таарч болох Талибан болон бусад босогч бүлгүүдэд олон сая ам.долларын “зам нэвтрүүлэх хахууль” төлдөг байж магадгүй тухай АНУ-ын Армийн шалгалтын хэсэг даваа гаригт мэдэгдлээ. Босогч бүлгүүдэд төлж байгаа мөнгийг дам дамандаа АНУ гаргаж байгаа нь АНУ өөрийн дайсныг санхүүжүүлж байна гэсэн үг бөгөөд энэ нь Афганистанд байрлаж байгаа АНУ-ын армийн 90,000 цэргээс ч олон гэрээт хамгаалалтынхантай хамтарч ажиллах хэрэг байгаа эсэх тухай асуудлыг хөндөхөд хүргэж байна. АНУ одоо Афганистанд 130,000 гэрээт хамгаалалт, аюулгүй байдлын ажилтантай гэрээ байгуулан өөрийн ажлыг гүйцэтгүүлж байна.

Нөхцөл байдлын талаар зургаан сарын хугацаатай судалгаа хийсэн тайланг зохиогчид нь “цочирдом дүр зураг харуулж байна” гэж дүгнэж байна. “Ийм тохиролцоо байгаа нь дан ганц Батлан хамгаалах департаментын систем доторх алдаатай байдлыг харуулаад зогсохгүй эцсийн дүндээ АНУ-ын Афганистанд гүйцэтгэх гэсэн стратегийн зорилтод саад учруулж байна” гэж Конгрессын Үндэсний аюулгүй байдал, Гадаад хэргийн хорооны дарга Массачусетс мужаас сонгогдсон Конгрессын гишүүн Жон Тиерней ярьж байна. АНУ Афганистанд янз бүрийн байгууллагатай гэрээтэй ажиллаж байгаа нь авлигын сүлжээг өөгшүүлж байгаа талаар удаан хугацааны туршид сэжиг таамаг гарсаар байсан хэдий ч зөвхөн энэ сарын эхээр Батлан хамгаалах департаментын дэд нарийн бичгийн дарга Мишел Флоурной, Армийн Генерал Дэвид Петраус нарын тушаалаар Афганистан дахь нөхцөл байдлыг шалгах ажлын хэсэг байгуулсан байна. Цагийн бүсийн хувьд Улаанбаатараас 12 цагийн хойно байдаг Вашингтонд Мягмар гаригт энэ асуудлаар шалгалтын дүнг хэлэлцэх юм байна. Жагсаалтанд дурдсан бараг бүх компаниуд Афганы том албан тушаалтнуудтай, тухайлбал Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай, батлан хамгаалахын сайд, бүсийн захирагч, Афганы армийн албан тушаалтнуудтай холбоотой байна.

Эдгээр компаниудын нэг болох “Host Nation Trucking” компани Афганистанд байрлаж байгаа АНУ-ын 200 орчим цэргийн баазуудад бараа бүтээгдэхүүн тээвэрлэж хүргэдэг бөгөөд сард 6,000-8,000 тээврийн цуваа зохион байгуулдаг гэнэ. АНУ-ын Арми “NHT” компанийг аюулгүй байдлын асуудлаа өөрсдөө зохицуулан шийдвэрлэ хэмээн 2.16 тэрбум ам.доллар төлсөн хэдий ч тус компани энэ мөнгийг яаж зарцуулсан байдалд ямар ч хяналт, ажиглалт хийгээгүй орхисон байжээ. Шалгалтаар “NHT” карго зөөлгөхийн тулд долоон компанитай гэрээ байгуулж ажилласнаас зөвхөн ганц нь өөрийн гэсэн ачааны машинуудтай байв. Бусад нь орон нутгийн Афган иргэд компаниудын машиныг түрээслэдэг байсан бөгөөд зарим нь бүр АНУ-ын далбаатай машиныг хүртэл түрээсэлж байсан байна. Ачааны машин тус бүр “замын төлбөр болгож дайран өнгөрсөн бүс нутгийн захирагч, цагдаагийн дарга, орон нутгийн цэргийн бүлэглэлд” 1,500 орчим ам.доллар төлдөг байна гэж тус тайланд дурджээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж