
Д.Цогтбаатар Сайд нарын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулж, хөтөлбөрийн хүрээнд хийгдэх өрсөлдөх чадварын судалгаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгч буйг онцлон тэмдэглэсэн бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ричард Баучертай уулзаж хөтөлбөрийн хүрээнд хийгдэх судалгаа, энэхүү судалгааг илүү гүнзгийрүүлж монголын эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр судалгаа хийх боломжийн талаар санал солилцов.
Мөн энэ өдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар БНФУ-ын Аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөнөөс зохион байгуулсан дугуй ширээний уулзалтад оролцов. Уг арга хэмжээнд францын 20 гаруй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон бөгөөд тэдгээрт Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, нөхцөл боломжийн талаар танилцуулж, сонирхсон аж ахуйн нэгжүүдтэй хоёр талын уулзалтууд хийсэн тухай Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.