Элчин сайд, ноён Ж.П.Дюмон нь Франц Улсын Дорно дахины хэл шинжлэлийн дээд сургуулийг дүүргэсэн бөгөөд Гадаад хэргийн тэргүүн зэргийн зөвлөх цолтой дорно дахинаар өндөр мэргэшсэн англи, хятад, орос, португали, вьетнам хэлний өндөр мэдлэгтэй мэргэжлийн дипломатч юм.
Тэрээр анх 1971-1975 онд Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотноо БНФУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж дипломат албан дахь амжилтынхаа гарааг эхэлжээ.
1975 оноос хойш Францын гадаад хэргийн яамны Гэрээ эрх, консулын газар, мөн Ази Номхон далайн газар, Гонконг дахь дэд консул, Францын Гадаад хэргийн яам- сайдын ажлын алба, Вашингтон дахь ЭСЯ-нд Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Хо Ши Миньд Ерөнхий Консул, Бразилийн Ресивд Ерөнхий консул, Гадаад хэргийн яамны Хэвлэл, мэдээллийн газар, мэдээллийн албаны даргын орлогч, Бельгийн Лиежд Ерөнхий Консул, Алжирт Ерөнхий Консул, Батлан хамгаалахын төрийн дээд шатны албан хаагч, Антий ба Гияны бүс дэх хамтын ажиллагаа хариуцсан төлөөлөгч Элчин сайд, Карибын Улсуудын Нийгэмлэгийн (AEC) болон Карибын хамтын нийгэмлэг (CARIKOM)-ийн дэргэдэх Францын төлөөлөгчөөр тус тус ажиллаж ирсэн бөгөөд 2009 оны 7 дугаар сараас БНФУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.