Ургамлын тосоор ажилладаг машинаар 30 мянган км аялжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Ургамлын тосоор ажилладаг машинаар 30 мянган км аялжээ

Чилийн нэгэн гэр бүлийн хос АНУ-аас Чили улс хүртэлх 30 мянган км замыг 195 хоногт туулжээ. Өдөр тутмын La Tercera сонинд мэдээлснээр асуудлын гол нь тэд хоол хийхэд хэрэглэдэг жирийн ургамлын тосоор ажиллахаар моторт нь тохиргоо хийсэн автомашинаар ийм хол зам туулсанд оршиж байгаа юм.

Тэд 2009 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр АНУ-ын Калифорни муж улсаас ургамлын тосоор ажилладаг мотор бүхий 1995 оны Suburban машинаар аяллаа эхэлжээ. Ийнхүү аялсаар байгаад зургадугаар сарын 4-нд  Сантьяго хотод хүрэлцэн ирсэн байна. Oakland-д испани хэлний багшаар ажилладаг 31 настай Карлос Эрреро “Бид нарын гол зорилго бол байгаль орчинд ямар ч хор хөнөөл учруулалгүй аялал хийж болно гэдгийг нотлох гэсэн юм. Дизель түлшийн оронд ургамлын тос хэрэглэдэг машины мотор байгаль орчинд учруулдаг бохирдолтыг 90 хувь хүртэл бууруулж чадаж байгаа юм” хэмээн ярьжээ.

Карлос тайлбарлахдаа машиныг асаахад дизель түлш хэрэглэх шаардлагатай байдаг ба долоон минутын дараа био түлшээр ажиллаж эхэлдэг байна. Тэд Латин Америкийн 10-аад орны нутгаар дамжин аялж, зам зуур ямар төрлийн ургамлын тос хэрэглэж байгаагаас шалтгаалан машины утаа шарсан төмс, бүр хятад хоолны үнэр ч гаргаж байсныг сонирхуулан ярьсан аж. Зам зуураа нийт 2000 ширхэг л ургамлын тос хэрэглэсэн байна.

Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж