Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Зургадугаар сарын 22

Зургадугаар сарын 22-ны тэмдэглэлт өдөр

Дурсгал, гашуудлын өдөр
Оросын түүхэн дэх хамгийн гунигт өдөр. 1941 оны зургадугаар сарын 22-нд фашист Герман Зөвлөлтөд довтолсноор Агуу эх орны дайн эхэлжээ. Оросууд энэ өдөр дайн тулаан, өлсгөлөн гачигдал болон олзонд амь үрэгдэгсдээ дурсан гашууддаг. Олон оронд энэ өдөр төрийн далбаагаа буулгадаг ажээ.

Фашизмтай тэмцэх өдөр
 Хорватад  фашизмтай тэмцэх өдрийг (Dan antifašističke borbe) тэмдэглэж байна. Фашизмын эсрэг анхны партизаны отрядыг зохион байгуулагч Владимир Янич-Цапогийн чандар байрлах Загреб хотын Мирогой гэх оршуулгын газрын үүд.
Европт анхных болох фашизмын эсрэг партизаны отряд Хорватийн Брезовица тосгонд 1941 оны зургадугаар сарын 22-нд байгуулагдсан юм. Отрядын дарга ахмад Владимир Янич-Цапо, Vladimir Janjić Capo, 79 партизантайгаар фашистуудтай тулалдаж эхэлсэн байна. Партизаны хөдөлгөөн Югославт маш хүчтэй байсан ба түүний хагас сая дайчдынх нь 230 мянган хүн хорватууд байсан юм. Энэ өдөр Хорватийн ерөнхийлөгч ард түмэндээ хандан ард түмнийхээ фашизмтай тэмцэхэд оруулсан хувь нэмрийг сануулан дурсдаг.

Өдрийн ишлэл
"Ер нь бол эргэлдэж л байгаа! (Eppur si muove!)"
 (Энэ үгийг 1633 оны зургадугаар сарын 22-нд Дэлхий нарыг тойрон эргэлддэг гэсэн нүгэлтэй санаасаа Шашны шүүх инквизицийн өмнө татгалзсанаа батлаад шүүхээр нь өршөөгдөн гарч явахдаа Галилео Галилей хэлсэн гэх домог байдаг)
Галилео Галилей Ватиканы инквизицийн шүүх дээр. Зураач Жозеф-Николя Робер-Флёри, 1847

Бусад ишлэлээс: “Талийгаач, Флоренцийн Винченцо Галилейн хүү, Галилео би, 70 насандаа шүүхэд өөрөө ирээд христийн бүх ертөнцийн нүглийг шүүгч өндөр гэгээнтэн, эрхэм дээдэс ширээт ламтанууд, ерөнхий инквизиторууд та нарын өмнө өвдөг сөгдөн… татгалзасанаа илэрхийлээд дээр хэлэгдсэн буруу номлолд автсанаа зүхэн занаж байна…” (Галилео үүнийгээ инквизиторуудын өмнө өдвөг сөгдөн хэлжээ.)

Үйл явдал
1555 ОН: Их Моголын эзэнт улсыг үндэслэгч Бабур хааны том хүү Хумаюн (1508–1556) 1530 онд хаан ширээнд заларснаасаа хойш бага дүү нартайгаа арван жилийн турш сөргөлдөн хаан ширээгээ алдсан байсан бол өөрийн зөвлөх Байрам-ханы зөвлөгөөгөөр Сирханда хотын дэргэд өөрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч Сикандар-шахын давуу хүчнийг бут цохижээ. Үүнээс сарын дараа тэрээр Делид дахин хаан ширээндээ суусан юм. Дараагийн жилийн нэгдүгээр сарын 24-нд Хумаюн өөрийн номын сангийн дээвэр дээрх уулзалтын саравчнаас шатаар бууж яваад уран толгойгоороо чулуу мөргөжээ. Гурав хоногийн дараа тэрээр аллах бурхандаа очихоор хорвоог орхисон гэдэг.

1767 ОН: Немцийн сонгодог гуманизмын сод төлөөлөгч Вильгелм фон Гумбольдт 1767 оны энэ өдөр Потсдам хотноо төржээ. Тэрээр оюун санаа ба хувь хүнийн  онцлогийг нээж, уран сайхны бүтээл мэт бүрэн бүтэн зохицолтойгоор хүмүүнлэгийг  бүрэлдүүлэхэд түүхийн үүрэг оршино гэсэн үзэл бодолтой байлаа. Мөн тэрээр хэлийн бие даасан гүн ухааны чиглэл болгон гаргаж ирсэн гавъяатай. Гумбольдт нь хэлийг зогсонги зүйл биш харин оюун ухааныг бүрэлдүүлэгч, уран бүтээлийн тасралтгүй үйлдэл гэж тооцож байсан бөгөөд тэр нь хэл судлалын хөгжилд асар их нөлөөг үзүүлсэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж