Хүүхдийн мөнгө гацаанд орсон хэвээрээ

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгө гацаанд орсон хэвээрээ

Өнөөдөр хуралдсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдааны талаар бүлгийн  ахлагч Ч.Сайханбилэг мэдээлэл өглөө. Сэтгүүлчид түүнээс бүлгээр хэлэлцсэн асуудлуудаас гадна хүүхдийн мөнгийг хэзээ дахин олгож эхлэх, үүнд Ардчилсан нам ямар байрь суурьтай байгаа талаар сонирхож, хариулт авсан юм.  Тэрбээр хүүхдийн мөнгөний талаар “Бид хүүхдийн мөнгөний утгыг сайн ойлгож байгаа. Хөгжлийн сангаас олгож байгаа жилд бөөнөөр өгдөг мөнгө нь, хүүхдийн мөнгө өгч байх үеийн нийгэмд үзүүлж байсан үр дүнг үзүүлж чадахгүй байна. Хүүхэд гэдэг нэрээр өрхөд  орж буй сар бүрийн 20 мянган төгрөгийг олгож байхыг бид дэмжиж байгаа. Энэ зөвхөн бүлгийн шийдэх асуудал биш. Гэтэл Засгийн газрын байрь суурийг Хууль зүйн сайд тодорхойлоод “Хүүхдийн мөнгө байхгүй” гэж хатуу хэлж байгааг ойлгохгүй байна.  Засгийн газрын байрь суурийг Ерөнхий сайд, эсвэл Нийгэм хамгааллын сайд Т.Ганди, Сангийн сайд л илэрхийлэх ёстой. Олгогдож эхлэх нь зүйтэй гэсэн манай бүлгийн байрь суурь хатуу хэвээрээ. Энэ боломж төсөвт байгаа. Үүнийг Хүний хөгжил сангийн тухай хуультай холбох ч боломжтой. Хэрвээ энэ асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэж чадахгүй бол, Төсвийн тодотголын тухай хууль хамт явж байгаа тул төсвийн тодотголын тухай хууль гарах талаар итгэл үнэмшил алга байгааг хатуу мэдэгдье” хэмээлээ.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж