Хотын захирагч мөнгө төлнө гэж амалжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Хотын захирагч мөнгө төлнө гэж амалжээ

Бангладешийн өмнөд хэсэгт оршдог Читтадон хотын захирагч Крикетийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр гудамжинд гуйлга гуйхгүй байвал өдөр бүр тогтмол “цалин” олгоно гэж хотынхоо гуйлгачдад хандан ням гаригт амалжээ. Крикетийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 19-нээс дөрөвдүгээр сарын хоёр нь хүртэл тус хотод зохион байгуулагдах бөгөөд Бангладеш улс Энэтхэг болон Шри Ланка улстай хамтран зохион байгуулж байгаа аж.

Хотын захирагч Манзур Аламын яриснаар тус хотын  300 гуйлгачин өдөр бүр 150 такас/1,5 евро/  хүлээн авах ба “Бид гудамжинд гуйлга гуйсан хүн битгий харагдаасай гэж хүсч байгаа юм. Ядахдаа тэмцээн явагдах хоёр сар орчмын хугацаанд тэмцээнийг сонирхон үзэхээр ирэх ирэх жуулчдын нүдэнд гуйлга гуйсан хүн бүү өртөөсэй гэж хүсч байна. Энэ тэмцээн Бангладешийн нэр хүндийг өргөхөд чухал ач холбогдолтой юм” гэж хэвлэлийнхэнд мэдээлсэн байна.

Алам захирагч хотын гуйлгачдын төлөөллийг хүлээн авч уулзахаар тохиролцоод байгаа ба тэд нарт зориулан бас цэвэрхэн хувцас, хоол ундны зүйл өгөхөөр төлөвлөж байгаа ажээ.

“Бид асуудлыг хүнлэг байдлаар шийдэхийг зорьж байгаа юм. Тэд нарын ихэнх нь хөдөлмөрийн чадваргүй, тахир дутуу бас гэр бүлтэй, сургуулийн насны хүүхдүүдтэй хүмүүс юм. Тийм ч учраас ийм арга хэмжээ авахад хүрч байна” гэж тайлбарласан байна.

2005 онд гаргасан тоо баримтаар Бангладеш улсад 700000 гудамжны гуйлгачин байдаг ба тэд нарт орон нутгийн засаг захиргаанаас өдөр бүр 100 такас олгож иржээ.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж