Шилдэг бүтээлийг 1000 ам.доллараар шагнана

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Шилдэг бүтээлийг 1000 ам.доллараар шагнана

Монголын уран зургийн галлерейд маргааш 10.00 цагт “Залуу уран бүтээлчдийн улсын II уралдаан”-д оролцогчдын уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно. Тус уралдааныг  БНСУ-ын Тэжон хотын Олон улсын соёлын харилцааны нийгэмлэг, Тэжон хотын соёлын төв, Монголын урчуудын эвлэл, Дүрслэх Урлагийн Дээд Сургууль, МУЭ-ийн дэргэдэх Залуу Уран Бүтээлчдийн Нэгдэл хамтран зохион байгуулж байгаа ажээ. Уралдаанд  зөвхөн 18-35 насны уран бүтээлчид  өөрийн хүссэн, чөлөөтэй сэдвээр уран зураг , тосон, усан, зураасан зураг ба уран бичлэг, уран баримал болон сийлбэр, керамик, бусад төрөл  буюу инстолляци, видео арт төрлүүдээр бүтээсэн нэг бүтээлээр  өрсөлджээ. Монголын залуу уран бүтээлчдийг олон улсад сурталчлан таниулах, бүтээлийг нь хөхүүлэн дэмжих, уламжлалт соёл, ёс заншлыг хадгалах зэрэгт хувь нэмэр оруулах зорилготой уралдааныг UPC ХХК, ПИЖА 2001 ХХК, Монголын уран зургийн галерей ивээн тэтгэн оролцожээ.

Маргааш болох тус үзэсгэлэнгийн нээлтийн үеэр  “Залуу уран бүтээлчдийн улсын II уралдаан”-ы шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно. Гранпри нэг уран бүтээлчийг шалгаруулан өргөмжлөл, 1000 ам.доллараар  урамшуулах бол дэд шагналд өргөмжлөл, ангилал тус бүрт нэг бүтээлийг 500 ам.доллараар, мөн тусгай байр эзэлсэн хоёр уран бүтээлчийг тодруулж урамшуулах юм байна. Үзэсгэлэн зургадугаар сарын 22-26-ны хооронд Монголын уран зургийн галлерейд үргэлжилнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж