
УИХ-ын дэд дарга Н.Энхболд тэргүүтэй манай төлөөлөгчид ням гаригт Польшийн Ерөнхийлөгчийн сонгуулийн Варшав хотын 240 дүгээр тойрогт зочилж, сонгуулийн хэсгийн удирдлага, сонгогчидтой уулзаж ярилцан, санал өгч байгаа явцтай танилцав. Сонгуулийн хэсэгт зочлох үедээ төлөөлөгчид сонгуулийн хууль эрх зүйн зохицуулалт, улс төрийн намуудын оролцоо, хяналтын систем зэрэг асуудлыг сонирхож ярилцав. Монголын парламентын төлөөлөгчид нийслэл хотын сонгуулийн хэсэгт зочлон, сонгуулийн явцтай танилцаж байгаа нь хоёр орны найрсаг харилцааны илрэл гэж үзэж, Дэд даргыг хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа сонгуулийн хэсгийн удирдлага илэрхийллээ.
УИХ-ын дэд даргыг сонгуулийн хэсэгт зочлоход УИХ-ын гишүүн Д.Одбаяр, Д.Очирбат болон Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд О.Дамбийням, Польшийн Парламентын удирдах албан тушаалтнууд байлцав гэж УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс мэдээлэв.