Төмөр замыг II хэлэлцүүлгээр шийднэ

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Төмөр замыг II хэлэлцүүлгээр шийднэ

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн үдээс өмнөх хуралдаанаар Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөл дээр Р.Раш гишүүнээр ахлуулсан Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг боловсруулалт хийж чуулганд оруулж ирсэн юм.

Ажлын хэсгийнхэн Засгийн газ­рын өргөн мэдүүлсэн төслийг үзэл баримт­лалын хувьд өөрчлөөгүй бөгөөд “засч сайжруулсан зүйл бай­гаа” гэв.
Шинэ барих төмөр замын чиглэл, царигийн талаар маргаантай байсан хэдий ч Засгийн газрын Үндсэн чиг­лэ­лийн дагуу чиглэлийн хувьд гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх санал дэмжигдэж, чуулганаар Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг үндсэнд нь дэмжлээ. Ийнхүү одоогийн байдлаар Тавантолгойгоос Зүүнбаян, Сайншандаас Чойбалсан хүртэл төмөр зам тавих чиглэлийг УИХ дэмжлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын ги­шүүн Л.Гүндалай Эрдэнэтээс Мө­рөн хүртэлх 400 км төмөр замыг та­вих арга байгаа эсэхийг салбарын сайд Х.Баттулгаас асуухад “Уул уур­хайтай холбоотой дэд бүтцээ барьс­ны дараагаар аялал жуулчлалын чиг­лэлээр иргэний тээврийн төмөр зам тавих боломжтой. Энэ нь тийм ч тул­гамдсан яаралтай шийдэх асуудал биш”  хэмээн хариулсан юм.

Гэвч энэ хариулт Л.Гүндалайд хан­галт­тай байсангүй бололтой дахин асуултаа давтсаар байсан тул сайд түүнд сэргэлэн байхыг зөвлөөд “Байн­гын хороон дээр санал оруулаад бат­луул­сан зарим гишүүн шиг бай л даа. Гишүүн Ц.Баярсайхан гэхэд л Таван­толгойгоос Сайншанд хүртэл 100 км хүртэл төмөр зам тавиулах санал оруулаад батлуулчихсан шүү дээ” хэмээн хариулснаар уг санал тэргүүн ээлжинд нэмж  тусгагдах боломжгүй болсон юм.

Өргөн царигтай төмөр зам ба­рихыг тууштай эсэргүүцэж байсан ги­шүү­дийн нэг нь Д.Тэрбишдагва байсан бөгөөд “20 жилээр хоцрогдсон технологийг дагах гэж байгаа нь буруу, өргөн цариг зардал ихтэй, үр ашиг муутай” хэмээн километр тутамд алдах тооцоог танилцуулж төмөр замын бодлого Үндсэн чиглэлээсээ өөр зүйл болчихоод байгаа талаар дахин шүүмжилж, ажлын хэсгийн тайлбар өгөх хүмүүст мэргэжлийн хүмүүсийг оруулж ирэх шаардлагатай байгааг анхааруулсан юм.

Харин ажлын хэсгийнхэн өргөн царигийг сонгосон учрыг улс хоорон­дын төмөр замын харилцаатай холбон тайлбарласан бөгөөд бүтээг­дэхүүнээ гаалиар гаргахдаа төмөр замын зөрөө­ний улмаас зөөж буулган, дахин ачих зардал байнга гаргахгүй гэх үндсэн шалтгаантай талаар хариулсан юм.
 
Төмөр зам барихдаа эхний ээлжинд уул уурхайн бүсийг сонгосон бөгөөд цаашид Хархорин Улаанбаатарыг тө­­мөр замаар холбох тухай төсөлд тусгасан байна.
Энэ хуралдаанаар хүмүүсийн со­нирх­­лыг хамгийн их татаж байсан асуудал буюу шинээр баригдах тө­мөр замын цариг ямар байхыг шийдэлгүй хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр шийдэхээр боллоо. Ийнхүү хоёр­­дугаар хэлэлцүүлэгт шилжүүлэх болс­ноо техникийн бичилтийн улмаас хэ­мээн албан ёсоор тайлбарласан юм.

Чуулганаар Байнгын хорооноос гарга­сан зарчмын зөрүүтэй сана­лыг дэмжин батлан дараагийн хэлэл­цүү­лэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байн­гын хороонд шилжүүлсэн бөгөөд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Төмөр за­мын талаар төрөөс баримтлах бод­логын талаар нэгдсэн санал бодолтой болж байгааг сайшаан гишүүдэд талар­хал илэрхийлсэн юм.

Үүний дараагаар Төсвийн тогт­вор­той байдлын тухай хуулийн хэлэл­цүүл­гийг хийж,  Засгийн газрын тус­гай сангийн тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэ­мэлт, өөрчлөлт оруулах тухай, Төс­вийн байгууллагын удирдлага, сан­хүү­жилтийн тухай хуульд нэ­мэлт, өөрчлөлт оруулахыг анхны хэлэл­цүүлгээр дэмжсэнээр УИХ-ын чуул­ганы үдээс өмнөх хуралдаан өндөр­лө­сөн юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж