
Лондон хотын зүүн дүүрэгт баригдаж буй 80 мянган хүний суудалтай Олимпийн цэнгэлдэхэд 2012 оны долдугаар сарын 27-нд болох олимпийн наадмын нээлтийн ажиллагааны уран сайхны найруулагчаар эрхэм Бойл ажиллах гэнэ. Тэрбээр “Борчуулын хорооллын саятан” киногоороо 2009 оны Америкийн кино академийн дээд шагнал гардуулах ёслолоос шилдэг найруулагчийн шагнал хүртсэн бөгөөд энэхүү кино нь нийт найман Оскарын эзэн болсон юм. Зуны олимпийн наадамд хувь нэмрээ оруулж, авьяас чадвараа зориулах болсон тухайд Дэнни Бойл “Энэ бол үнэхээрийн гайхалтай үүрэг хариуцлага. Тэд надад энэ ажлыг санал болгохдоо ‘Та энэ талаар нэг бодож үзэх үү’ гэж асуусан. Тэгэхэд нь би ‘Үгүй ээ, би үүнийг хийхийг хүсч байна’ гэж хариулсан” хэмээн бахархалтайгаар өгүүлжээ.
Хоёр жилийн өмнө дэлхий нийтийг гайхашруулж чадсан олимпийн түүхэн дэх хамгийн гайхалтай нээлтийн ажиллагааг Хятадын кино найруулагч Жан Имоу зохион байгуулж, дэлхийн нэг тэрбум үзэгчдийг цэнхэр дэлгэцийнх нь өмнө залж чадсан агуу нээлтийг Хятад хийсэн билээ. Харин Лондонгийн олимпийн зохион байгуулах хорооныхон үүнээс ч илүүг хүсч байгаагаа нэг бус удаа мэдэгдсэн юм. Дашрамд сонирхуулахад, Лондонгийн олимпийн зохион байгуулах хорооныхон олимп болон паралимпийн нээлт ба хаалтын ажиллагаанд нийт 60 сая ам.доллар төсөвлөөд байна.
С.Цэлмэг