Уул уурхай урагш алхаж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Уул уурхай урагш алхаж байна

Зөвхөн бид. Эсвэл тэдэнд /хөрөнгө оруулагчид/ ашигтай хувилбар бус харилцан ашигтай, тавь, тавин хувийн сэтгэл ханамжит хувилбарын дэлхийн жишгийг “Давос” бидэнд санал болгох нь.  
Оюутолгойн гэрээг байгуулах гэж хоёр ч парламентын нүүрийг үзсэн бид байгуулсан хойно нь муу гэрээ болсон талаар бишгүй шуугидаг. Өнөө хэр нь энэ шуугиан намжаагүй төдийгүй хамтран ажиллахаар болж өлсгөлөнгөө зогсоосон иргэний хөдөлгөөнүүдийнхэн ч эрхэм гишүүдэд шахалт үзүүлсэн хэвээр байна. Тэрхүү шуугиантай зэрэгцээд Тавантолгойг эргэлтэд оруулах, ашиглалтын гэрээ хийх асуудлыг Засгийн газар боловсруулж эхэлсэн нь асуудалд өөр, өөрсдийнхөөрөө дүгнэлт хийх боломжийг хэзээний олгов. Харин өнгөрөгч долоо хоногийн сүүлийн өдрүүдэд хаалттай болсон “Эрдэс баялгийн салбараа зохистой хөгжүүлэх нь” дугуй ширээний уулзалт, ярилцлагыг тэднийг нэгэн ширээний ард сууцгаан асуудлаа хэлэлцэх боломж олголоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан "Давос"-ын эдийн засгийн форум байгууллагаас Монголд зохион байгуулсан энэхүү уулзалтын үр дүнд цаашид асуудлыг нэг нь шийдээд, нөгөө нь хардаад байх бус хамтран ярилцаж, санал бодлоо солилцох, учирсан бэрхшээлээс хэрхэн гарах гарцыг хайснаар өндөр ач холбогдол бүхий уулзалт болж өндөрлөв. Засгийн газар хийгээд хөрөнгө оруулагчид. Тэднийг эрс няцааж буй иргэний нийгмийн төлөөллийнхөн ижил төвшинд зэрэгцэн асуудлаа харилцан ярилцсан нь өөрөө ололт байсан гэдгийг ч хэлэх нь зүйтэй. Гэхдээ энэхүү дугуй ширээний уулзалтын гол зорилго нь Оюутолгойн гэрээний сайн эсвэл муу эсэхэд оршоогүй. Тэр талаар дүгнэлт ч гаргаагүй юм. Харин цаашид уул уурхайг түшиглэн хөгжих зорилт тавьж буй Монгол Улсад ихээхэн ач холбогдол бүхий уул уурхайн салбарт хөрөнгө оруулах олон улсын загвар гэрээ байгуулахад чиглэж байв. Тиймээс Засгийн газар, хөрөнгө оруулагчид болон иргэний хөдөлгөөнүүд, эрдэмтдийн төлөөлөл оролцон уул уурхайн салбарт хөрөнгө оруулах гэрээний ололт дутагдлыг ярилцжээ.

Монгол Улс дэлхийд дээгүүрт орох нөөц бүхий орд газруудтай. Түүндээ түшиглэн хөгжихөөр хэд, хэдэн орд газрын олборлолтын гэрээг байгуулан ажиллаж буй өөрсдийн гэсэн тодорхой туршлага хараахан байхгүйгээс гадаадын улс, орнуудыг гэрээг хуулбарлах нь нийтлэг жишиг. Харин улс бүхэн өөрийн онцлог, өөрсдийн хөрсөнд буусан хууль, хүн амтай. Тэр бүгд хоорондоо харилцан уялдах нь төдийлөн ховор. Нөгөөтэйгүүр бидний хуулбарлаж буй гэрээнүүд бидэн үү, эсвэл хөрөнгө оруулагч нарт ашигтай юу гээд хэнд ашигтай нь эргэлзээтэй байх жишээтэй. Товчхондоо загвар гэрээ дэлхийд алга.  Тиймээс загвар гэрээг байгуулахаар санал гаргасан нь дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Үүнийг ч бататгаж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Глобал аж үйлдвэрийн төвийн дэд дарга Алекс Уонг “Монголд болж буй энэ хурлаар бүхий л дэлхий дахинд мөрдөх хэмжээний гэрээг боловсруулах учраас урт удаан хугацаанд нарийн хэлэлцэж, ярилцаж таарна. Энэ загвар гэрээг гаргахын тулд 1.5-2 жилийн хугацаа шаардагдана. Урьд өмнө гарч байсан гэрээнүүдийг судалж, сайн муу бүх талыг нь тусгаж, туршлага дээр нь суурилах болно” гэдгийг яриандаа онцолж байлаа.  
Тэгвэл Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт олон улсын байгууллагыг Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагааны "Салбараа нарийн мэддэг. Алт ухдаггүй ч хэлсэн үг бүр нь алт шиг хүмүүс"  гэж тодотгож байлаа. Харин Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Загвар гэрээ чухал байх. Гэхдээ нэг гэрээн дээр суурилаад бусад оронд загвар болгоод ашиглах тийм гэрээ байх уу, үгүй юу” гэдгийг хэлсэн нь чихний хажуугаар өнгөрсөнгүй. Түүний хэлсэн “чухал байх” гэсэн үг Засгийн газар, тэр дундаа салбарын сайд нь загвар гэрээ байгуулахын эсрэг байна уу гэх эргэлзээг үлдээж амжив. Түүний хэвлэлд өгсөн яриандаа дурдсанчлан дэлхий дээрх алмазын хамгийн том ордын 50 хувийг төр нь эзэмшиж буй. Харин дэлхийд дээгүүрт тооцогдох Оюутолгойн ордоос бид 34 хувийг авч буй нь хангалтгүй гэх олон хүмүүс буй ч Д.Зоригт сайд хамгийн боломжтой хувилбар гэдгийг наснаасаа олон хэлдэг. Иймэрхүү хол зөрүү эзэмшлийн хувь, түүнийг өөр, өөрсдийнхөөрөө өмгөөлөх үгнээс болж бид алдахыг үгүйсгэхгүй. Африк л гэхэд эрдэс баялгаараа дэлхийг гайхшруулдаг ч нийт хүн амын хувьд ядуурал газар авсан, дэлхийн томоохон компаниудтай өрсөлдөх үндэсний компанигүй байгаа нь харилцан ашиггүйгээр баялгаа олборлуулж байгаагийн бодит жишээ. Тиймээс л ийм байдалд хүрэхгүйн тулд загвар гэрээ байх нь “чухал байх” бус “чухал” асуудал гэдэг нь аргагүй үнэн.   Хэрэв олон улсын алдаа оноог сайтар судалж түүнээс сэргийлсэн, хөрөнгө оруулагчдад ч ашигтай гэрээний загварыг боловсруулчихвал үгүйдээ түүний жишиг ёсоор Монгол Улс хоёр идэхгүй хоосон хонохгүй урагш алхана.  Мэдээж, энэхүү гэрээг хатуу мөрдөх ёстой гэж эндүүрэх хэрэггүй. Харин үүнийг боловсруулж гаргахын тулд бүхий л талын байр суурийг, аль аль талд нь тохиолддог сайн, муу талыг нь тусгасан байх учраас хамгийн ашигтай үр нөлөө, мөрдлөгийг нь тусгасан ерөнхий загвар байх болно гэдгээрээ л өнөөдөр бидэнд ус агаар мэт хэрэгтэй.

Хэрэв Таван толгойн хэлэлцээр дэлхийн бусад орны олон туршлага, түүхтэй нийлээд загвар гэрээ байгуулах үйл явцад ашиг тусаа өгөх нь лавтай. Тиймээс л цаашид хөрөнгө оруулагч нарт хамгаа алдаад, гүйцэтгэх засаглалынхныг зүхэн жагсахгүй байхын тулд загвар гэрээг байгуулснаараа бид хожино. Харин Засгийн газар Оюултолгойн гэрээг байдаг чадлаараа хамгаалахын оронд цаашид алдахгүйн үүднээс эл асуудалд хоёргүй сэтгэлээр хандах нь чухал гэлтэй. Тариан талбайгаа хамгаалахгүй бол шувуу суухдаа л сууна гэдэгчлэн асуудалд өөрсдийгөө өмгөөлөх байр сууриас хандвал алдаа гарах нь ойлгомжтой. Тиймээс 1,5-2 жил зарцуулах загвар гэрээг байгуулахын тулд сайн, муугаа хэлэлцэж, дэмжигчийн зүгээс бус оройлон тоглогчийн өндөрлөгөөс цаашид хандахыг цаг хугацаа Засгийн газарт тулгаж байна. Үнэхээр өнгөрөгч долоо хоног уул уурхайн салбарынхны хувьд урагш нэг алхсан ахиц байлаа.

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж