-УИХ дээр ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ талаар яриагаа эхэлье?
-Аливаа улс орны ашигт малтмалын судалгааны ажил буюу геологийн хайгуулын ажлыг зохих төвшинд байнга хийх ёстой. Үүнд, улсын төсвөөс хөрөнгө гаргаж, хуулийн дагуу бололцоогоор хангах хэрэгтэй гэж бодож байна. Лиценз олгох асуудлыг нааштайгаар шийдэх хэрэгтэй байна. Уул уурхайн салбар аливаа орны хөгжлийн гол тулгуур байдаг. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийг зөвхөн нэг талыг баримтлалгүй өөрийн оронд үр ашигтайгаар боловсруулан гаргаж, нэн даруй хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.
-Ашигт малтмалтай оронд инфляци өндөр байдаг. Яагаад тэр вэ?
-Зөвхөн ашигт малтмалаар хязгаарлагдахгүй, бусад хүчин зүйлээс болж инфляци өндөр байж болдог. Манай орны хувьд ашигт малтмалыг боловсруулах үйлдвэрүүдийг төрөөс дэмжиж, барьж байгуулах нь зүйтэй болов уу. Ашигт малтмалаас олсон хөрөнгийг дэд бүтэц, боловсролын салбар зэрэг нийгэмд хэрэгтэй салбаруудад хөрөнгө оруулж, зөв хуваарилах нь зүйтэй. Ингэснээр бид ирээдүйнхээ өмнө нүүр бардам хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Харин намуудын амласан эх орны хишиг зэргээр мөнгийг бэлнээр тараах нь инфляцийг хөөрөгдөж сөрөг үр дүн авчрах нь бий. Бусад оронд ч гэсэн мөнгийг бэлнээр тараагаад инфляцийг хөөрөгдөж, ашигт малтмалаас олсон үр дүн гараагүй гашуун туршлага бий шүү дээ.
-Алтны нөөц улам бүр хумигдаж байгаа өнөөгийн нөхцөлд алт олборлох технологи ч улам нарийсч байна. Манайхан ийм технологиор алт олборлож чадаж байгаа юу?
-Ер нь манай орон алтны шороон ордыг ихээр ашиглаж байгаа. Хайгуулын ажлыг хийх боломжийг хуулиар хязгаарласан байдаг. Өмнө нь ашиглагдаж байсан олборлох технологи нь нэлээн сөрөг нөлөөтэй байсан. Шинэ технологи орж ирж байгаа учраас шинэ мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай. Мөн түүнчлэн манай орны хувьд хяналтыг сайжруулах хэрэгтэй байна.
-Хөдөлшгүй их нөөцтэй түүхий эдээ үнэд оруулах, нэмүү өртөг шингээх хамгийн сайн арга нь юу байж болох вэ?
-Тухайн ашигт малтмалын онцлогт тохируулж, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Үүнд, нэн тэргүүнд шинэ технологи нэвтрүүлэх, түүнийг дагаад шинэ боловсон хүчин бэлтгэх нь чухал. Түүнчлэн ашигт малтмалын бирж байгуулж, иргэд өөрсдөө хувь эзэмших, өвлүүлэх, зарах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байх.
-Оюутолгойн гэрээний талаар ямар бодолтой явна. Энэ төслийн ололт, дутагдал нь юу вэ?
-Энэ төсөл нь дэлхий дээр байгаа хамгийн том төслүүдийн нэг. Иймээс манай орон нэг талаар их хувьтай боловч нөгөө талаар энэ төсөлд нэн их хариуцлагатай хандах учиртай. Энэ төсөл манай орны хувьд алдаж болшгүй боломж шүү дээ. Үүнийг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгтэй. Төслийн ололт нь удаан яригдсан гэрээг хүчин төгөлдөр болгосонд байгаа. Ингэснээр олон мянган монгол залуучуудыг ажлын байраар хангаж, дотоодын үйлдвэр компаниудыг ажлаар хангасан. Харин дутагдал нь төсөл бүрэн хэрэгжиж эхлээгүй, мэргэшсэн боловсон хүчнээр дутмаг байна.
-Уул уурхайн салбарыг ямар зарчмаар хөгжүүлбэл илүү үр дүнтэй гэж үзэж байна?
-Олон улсын зах зээлийн зарчмаар өөрийн орны уул уурхайн салбарыг хөгжүүлж салбараас олсон ашгаас үндэсний хөгжлийн сан бүрдүүлэх нь чухал юм. Энэ санд төвлөрсөн хөрөнгийг улс оронд нэн хэрэгцээтэй байгаа салбарт хөрөнгө оруулж, иргэддээ шууд бус дэмжлэг үзүүлсэн нь үр дүнтэй байх гэж боддог.
-Монголын уул уурхайн салбарын ирээдүйг хэрхэн төсөөлж байна?
-Монгол орон уул уурхайн, ашигт малтмалаар элбэг баян шүү дээ. Иймээс зөв зохистой бодлогоор хангаж өгвөл Монголын уул уурхайн салбарт их боломж, ирээдүй бий.
-Танай нийгэмлэг уул уурхайн аюулгүйн ажиллагааг сурталчлан таниулахад зохих хувь нэмрээ оруулдаг. Энэ талаар?
-Тийм ээ. Бид үйл ажиллагаагаа явуулаад гурван жил болж байна. Энэ хугацаанд гишүүддээ болон нийт уул уурхайн салбарт аюулгүй ажиллагааны соёлыг нэвтрүүлэхэд чармайн ажилласан. Цаашид Монголын уул уурхайн компаниуд бидэнтэй нэгдэж, өнөөгийн уул уурхайн салбарт ус, агаар шиг хэрэгтэй аюулгүйн ажиллагааг нэвтрүүлэхэд хамтран ажиллаарай гэж уриалмаар байна.
-Ус агаар гэснээс энэ салбарт нөхөн сэргээлт хамгийн чухал. Манай улсад уул уурхайн салбарын нөхөн сэргээлт ямар төвшинд байгаа бол?
-Тийм шүү. Байгалийн зохистой төвшинг хэвээр нь хадгалж үлдэх нь хамгийн чухал асуудлуудын нэг. Манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хувьд нөхөн сэргээлтэнд ихээхэн анхаардаг. Харин дотоодын компаниуд энэ тал дээр хайхрамжгүй ханддаг нь миний дээр дурьсанчлан хяналт муу байгаатай холбоотой. Ер нь аль ч салбарт хяналтын тогтолцоог сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Б.Анхаа