Египетэд амьдарч байгаа монгол иргэдийн аюулгүй байдлын асуудлаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр хуралдав.
Ажлын хэсэг Египетэд өрнөж байгаа үйл явдлын цагийн байдал болон тус улсад оршин суугаа монгол иргэдийн талаар мэдээлэл солилцож, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, бүх боломжийг судлан цаашид авах арга хэмжээний талаар ярилцав.
Одоогийн байдлаар Каир хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны дипломат болон техник ажилтан, тэдний гэр бүл, Египет улсад сурч байгаа оюутан, тэдний гэр бүлийн гишүүн 47 иргэн, богино хугацааны сургалтад явсан, Луксор хотод байгаа манай 15 төрийн албан хаагчид ямар нэгэн халдлагад өртөөгүй байна.
Гадаад харилцааны яам Каир дахь Элчин сайдын яамтайгаа, Элчин сайдын яам оюутнууд болон Луксор хотод байгаа төрийн албан хаагчидтай байнга холбоотой байгаа бөгөөд тэднийг орон байр, зочид буудлаасаа онцын шаардлагагүй бол гарахгүй байх талаар зөвлөмж өгчээ.
Египетэд байгаа оюутнуудын Монгол дахь гэр бүлийн хүмүүс ажлын хэсгийн гишүүдийн 99018223, 99540190 дугаар утсанд хандаж мэдээлэл авч болно хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.