Баян-Өлгийн Ардчилсан намынхны суулт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.20-нд нийтлэгдсэн

Баян-Өлгийн Ардчилсан намынхны суулт үргэлжилж байна

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймагт ажиллаад иржээ. Баян-Өлгий аймгийн Ардчилсан намынхан аймгийн Засаг дарга С.Хавалыг огцруулахаар аймгийн төвийнхөө төв талбай дээр суулт зарласнаас хойш бүтэн зургаан сарын нүүр үзэж байна. Тэдний 2009 оны арванхоёрдугаар сарын 24-нд эхлүүлсэн суулт өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юм. Тиймээс Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат бодит байдалтай танилцах, мөн Ардчилсан намаас явуулж буй “Анхан шатаа сонсох аян”-ы хүрээнд алс хязгаар 1700 км-ийн цаана орших намынхныхаа ажил байдалтай танилцаж үгийг нь сонсох, Өлгийнхөнд Ардчилсан намаас явуулж буй бодлого шийдвэрийг хүргэх зэрэг ажлыг амжуулахаар алсыг зориод иржээ. Өлгийн ардчилсан намынхан энэ удаа генсекийг тун ч гомдолтой угтсан аж.

Тэд “Аймгийн Засаг дарга С.Хавалын чиг үүргээ биелүүлээгүй хууль зөрчсөн зэрэг асуудлууд баримт нотолгоогоор батлагдаж хууль хяналтын байгууллагад оччихоод байхад бүтэн зургаан сарын турш  намын төв байгууллагаас яагаад энэ асуудалд анхаарал тавьдаггүй юм. Дээгүүрээ хоёр нам хамтарч ажиллаж байгаа. Арай бие биеийнхээ хууль бус үйлдлийг нууж хамгаалж байгаа юм биш биз” гэхчлэн гоморхлын үгийг дайж байжээ. Үнэндээ тэд хахир өвлийн хүйтэн, хаврын хавсарганд хагас жилийн турш Баян-Өлгий аймагт тогтоод буй хууль бус үйлдлийг засаж залруулахын төлөө, энэ нутагт хууль тогтоол зүй журмаараа мөрдөгдөж жирийн ард иргэдэд төрийн бодлого, хайр хишиг зүй ёсоороо хүрдэг болохын төлөө тэмцэж буй юм. Тэднийг суулт зарлаад зургаан сар болох хугацаанд Засаг даргынх нь зүгээс дарамт шахалт ч чамгүй ирсэн бөгөөд гэр орныхонд нь хүртэл энэ байдал нөлөөлж буй аж. Тэдний суултыг зогсоохын төлөө сүүлдээ намын удирдлагуудад хэд хэдэн албан тушаал амлаж суултаа зогсоохыг хүртэл ятгаж байсан хэдий ч хүлээж аваагүй тул байдал улам л хэцүүхэн болж буй талаар ярьжээ. Баян-Өлгий аймгийн Ардчилсан намынхны хувьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард аймгийн ИТХ дахь МАХН-ын бүлэгт Засаг даргын хууль бус үйлдлүүдтэй эвлэрч чадахгүй гэдгээ мэдэгдэж түүнийг огцруулан оронд нь энэ нутгийн ард иргэдийн төлөө ажиллаж чадах хүнээ томилохыг шаардсан шаардлагыг хүргүүлсэн ч асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. Тиймээс энэ асуудлаар намын даргадаа болон Ерөнхий сайдад гурван удаа, Ерөнхийлөгчид хоёр ч удаа албан бичиг явуулсан  ч хариу ирээгүйд тэд их л гомдолтой байгаа аж. Харин нутгийн иргэд тэднийг дэмжиж 3000 гаруй иргэн аймгийн Засаг дарга С.Хавалыг огцруулахаар гарын үсгээ зурж дэмжиж байгаа ч энэ асуудлыг төр засгаас өнөөдрийг хүртэл шийдэхгүй хууль зөрчдөг Засаг даргыг хамгаалсаар ирсэн асуудалд гайхаж тасарч Баян-Өлгий аймагт Монголын төр, хууль үйлчилэхээ байсан юм болов уу гэж бодоход ч хүргээд буйгаа нуусангүй. Бүүр хамтарч төр барьж байгаа Ардчилсан нам хүртэл энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй байгааг тэд шүүмжилж байжээ. Ардчилсан намын генсек “ асуудалд хугацаа алдсан тал бий, гэвч намын зүгээс нөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй” гэдгийг учирласан байна. Гэсэн ч Д.Эрдэнэбат дарга нийслэлд очингуутаа энэ асуудалд анхаарал тавьж ажиллахаа амлажээ.  Аймгийн Ардчилсан намынхны зүгээс хэдийгээр аймгийн 70 жил болж ойгоо тэмдэглэхээр зэхэж байгаа ч тэмцлээ зогсоохгүй асуудал шийдэгдтэл үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэж аймгийнхаа ИТХ-д аймгийн Засаг дарга С.Хавалыг огцруулах талаар ээлжит бус хурлыг хуралдуулах тухай албан бичгийг хүргүүлжээ.Тэд ИТХ хуулийнхаа дагуу энэ асуудлаар 15 хоногийн дотор хуралдана гэдэгт найдаж байгаа хэдий ч ИТХ дахь МАХН-ын бүлэг олонхиороо хүч түрээд огцруулахгүй аваад үлдчихэж магадгүй хэмээн болгоомжилж байгаа учирэнэ бүхнийг зөвөөр шийдэх гарц нь хууль хяналтын байгууллага хэмээн үзэж байгаа бололтой.
Хаант засаглал тогтоосон Баян-Өлгий аймгийн Засаг даргад Монголын хууль үйлчлэхээ больжээ
Баян-Өлгий аймгийн Ардчилсан намынхан  аймгийн Засаг дарга  С.Хавалыг дараах хэд хэдэн үндэслэлээр огцрох ёстой гэж үзэж байгаа аж.

Баримт-1

Аймгийн Засаг дарга 51 аж ахуйн нэгж байгууллага иргэдэд төвийн инженерийн шугам сүлжээ бүхий төв хэсгээс газар зохион байгууллалтын төлөвлөгөөнд ороогүй байхад  25830 м2 газрыг хууль зөрчиж олгосон нь аймгийн 2008 оны аудитын дүгнэлтээр батлагдсан. Тэр тусмаа тухайн байгууллагын дарга нарт байгууллагынх нь хашаанаас таслан авч эзэмшил газар олгосон гэнэ.

Баримт-2

Аймгийн засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын хууль бус томилгооноос болж улсад 20 орчим сая төгрөгийн хохирол учирчээ. Тэрбээр 2008 оны хоёрдугаар сард хууль бус сонгон шалгаруулалт явуулж БСГ, ЭМГ, Хүүхдийн төлөө үндэсний төв, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Биеийн тамир спортын хороо, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг байгууллагуудын даргаар нь өөрийн дотны хүмүүсээ томилжээ. Ийнхүү хууль бус үйл ажиллагаа хийснийг нь МУ-ын төрийн албаны зөвлөлийн 2008 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 23 дугаар тогтоолоор уг сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож дахин сонгон шалгаруулалт явуулах үийдвэр гаргаснаар хоёр байгууллагын дарга ажилдаа эргэн оржээ. Харин шүүхийн шийдвэрээр дээрх дөрвөн ажилтанын хоёр жилийн цалин болох 20 сая төгрөгийг төрийн сангаас гаргасан аж. Хууль бусаар томилогдогсдын нэг нь С.Хавалын ээжийн дүү болох Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Х.Сьезд өнөөг хүртэл хууль бус томилгоон дээрээ ажилласаар байгаа бөгөөд түүнийи ажилласан хоёр жилийн хугацаанд хэлтэс нь улсад хоёр жил дараалан сүүл мушгиж 25 сая төгрөгийн хохирол учирчээ. Тиймээс түүнд хариуцлага тооцох тухай аймгийн засаг дарга С.Хавалд хоёр ч удаа албан тоот ирсэн хэдий ч Х.Сьездэд хариуцлага тооцох нь бүү хэл өнгөрсөн гуравдугаар  сард зэрэг дэвийг нь нэмэхээр албан тушаал гаргасан байна. Ах дүү хамаатан саднаа зэрэг дэв ахиулахын тулд Монгол Улсын хууль тогтоомж, төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хүртэл үл тоомсорлож уландаа гишгэдэг аймгийн Засаг дарга Баян-Өлгийд л байгаа гэнэ.

Баримт-3

Засаг дарга С.Хавал хувийн компанийн захирлыг төрийн тамга дарж ажлаас чөлөөлсөн хуурамч захирамж гарган улсын мөнгийг ашиглах олгон хуйвалдсан байна. Энэ талаар Авилгатай тэмцэх газрын дүгнэлтэд:  Баян Өлгий аймгийн Засаг дарга С.Хавал нь 2009 оны арваннэгдүгээр сарын 4-нд аймгийн холбооны газрын дарга Х.Үзбенийн өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаатай нь холбогдуулан 2009 оны арванхоёрдугаар сарын 3-наас эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлөн1969 оны долдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн улсад тасралтгүй ажиллаж ирснийг тогтоосон ¹449 захирамжийг эрх мэдлээ ашиглан гаргасны улмаас улсад 1.616.272 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Баримт-4

Тухайн аймагт боловсон хүчний бодлого алдагдаж зөвхөн Засаг даргын эрх мэдлээр албан томилгоо, шийдэгддэг бөгөөд төрийн албан хаагчийн шалгалтыг хүртэл тэрээр хууль зөрчин явуулж байгааг аймгийн засаг дарга С.Хавалд Төрийн албаны зөвлөлөөс явуулсан албан тоотоос харж болно.
“….. Танай салбар зөвлөлөөс шалгалтанд тэнцсэн гэж ирүүлсэн 141 иргэний шалгалтын материалыг Төрийн албаны зөвлөл ажлын алба, мэргэжлийн шалгалтын төв комиссоос томилсон ажлын хэсэг нягтлан шалгаж сорилын шалгалтанд тэнцээгүй нэр бүхий 12 хүний оноог нэмж тэнцүүлсэн болон сорилд тэнцсэн 31 иргэнд 1 оноо 4 иргэнд 2 ба түүнээс дээш оноо нэмж нөөцийн жагсаалтын дараалал ахиулж албан тушаалд томилуулах боломжинд ойртуулсан засварласан зөрчлийг илрүүллээ. .. Энэ явуулсан нь Төрийн албаны тухай хуулийн ….Төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглах ….ыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамын Баян-Өлгийн аймгийн засаг даргад явуулсан 2009 оны зургадугаар сарын 5ны өдрийн 415-р тоотоос..

Дээрхи баримтаас харахад 47 иргэний баримтыг засварлаж ажилд авчээ. Эдгээр хүмүүсийн тоонд засаг дарга С.Хавалын эхнэр О.Бибигүл мөн багтаж байгааг тухайн албан тоотын хавсралтаас харж болох бөгөөд Засаг даргын хууль бус үйлдлээс болж 47 иргэн өнөөдөр гудамжинд лааз өшиглөн явна. Мөн 2010 оны 3 сард Аймгийн ЗДТГ нь төрийн албаны хуулийг бүдүүлгээр зөрчин 10-аад хүнийг ажилд авсаныг шалгуулахаар төрийн албаны нөөцөд байгаа зарим нэр бүхий иргэд өргөдөл гаргасан ч шийдвэрлээгүй байна. Хууль бусаар ажилд авсан хүмүүс нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн үр хүүхдүүд тэдний хамаатан садан найз нөхөд байгаа бөгөөдд шинээр гарсан албан тушаалд ЗДТГ-т танилцуулахгүйгээр ажилд авахыг хориглосон шийдвэр гаргаж бүрэн монополь эрхээ тогтоожээ.

Баримт-5

Улсын төсөвт тус аймагт царцаатай тэмцэх ажилд зориулан 2008-2009 онуудад 225.0 сая төгрөгийг олгожээ. Үүнийг аймгийн засаг дарга захирамж гарган сумдуудад хуваарилсан боловч хяналт тавиагүйгээс энэ мөнгө зохих ёсоор зарцуулагдаагүй талаар аудитын газрын дүгнэлт гарч одоо аймгийн цагдаагийн хэлтэст энэ хэргийг шалгаж байна.

Баримт-6

Өнгөрсөн өвөл Баян-Өлгий аймагт хэд хэдэн сум зуданд нэрвэгдэж багагүй хэмжээний мал хорогджээ. Тиймээс хөрш зэргэлдээ орших БНХУ-аас тус аймагт зудад нэрвэгдсэн малчдад зориулан 300.0 тн гурилаар буцалтгүй тусламж үзүүлсэн байна.Гэтэл хилээс Баян-Өлгий аймагт хүрэх замдаа 40.0 тн гурил алдагдсаныг тухайн үед онцгой комисст мэдээлж одоо Баян-Өлгий аймгийн прокурорт энэ хэрэг шалгагдаж байна. Гэвч шалгалтын явцад 30 тн гурил нь өөр газар хадгалагдаж байсан нэрээр ЗДТГ-т буцаж ирсэн бөгөөд ингэхдээ орос гурил болон ирж 10 тн гурил нь одоо болтол ор сураггүй яваа хэрэгт аймгийн иргэд Засаг даргыгаа буруутгаж байгаа аж.

Баримт-7

Аймгийн төв Өлгий хотод дөрвөн км зам тавихаар улсын төсвөөс 1.5 тэрбум төгрөг шийдэгдсэн билээ. Уг замыг хугацаандаа багтаан барьж чадаагүй багагүй будилсаныг өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан бөгөөд уг замыг барьсан компаниаар аймгийн засаг дарга С.Хавал өөрийн хаусруу 20 м хар зам татуулж албан тушаалаа урвуулан ашиглажээ. Энэ нь 3.5-аас дөрвөн сая төгрөгийн өртөгийг улсын төсвөөс гарсан байна. Мөн засаг дарга хувийн компанийнхаа татварыг нуун дарагдуулсан хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Баримт-8

2009 онд  Засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр тус аймагт хөнгөлттэй зээл болох 763.0 сая төгрөгийг хуваарилсаныг 83 аж ахуйн нэгж иргэдэд олгосны бараг бүгдийг аймгийн төвд хуваарилж аймгийн ИТХ-ын гишүүд тэдний гэр бүл ах дүүсд 300.0 саяыг нь олгожээ. Хөдөө 12 сумын зургаад нь ямар ч зээл олгоогүй бөгөөд Алтай суманд 10 сая төгрөгийн зээл олгосныг нь аймгийн засаг дарга С.Хавалын төрсөн дүүс авсан гэхчлэн зээлийн зорилго гажуудаж төрийн мөнгө засаг дарга ба түүний эрх мэдлийн төлөө зарцуулагдсаныг баримтаар харж болох юм.

Ийнхүү Баян-Өлгий аймгийн Засаг дарга С.Хавалын хууль зөрчсөн үйлдлүүдийн шүүх болон хууль цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа хэргийн зарим нэгээс дурдахад ийм байна. С.Хавал дарга 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлгээр бусад аймгийн засаг дарга нараа тэргүүлсэн хэдий ч аймаг нь ядуурал ба ажилгүйдлийн төвшнөөр дээгүүр байр эзэлж Ерөнхий дунд боловсролын сургуулийн үнэлгээ нь гэхэд сүүлийн гурван жил 21 аймгаас хамгийн сүүл мушгиж 21-д яваа бол эхийн эндэгдлээр улсад тэргүүлж өнгөрсөн жил л гэхэд таван эх эндсэн зэрэг харуусмаар хэргүүд шил дараалан гарах болжээ. Харин аудитынхаа дүгнэлтээр улсад тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдоод байгаа, Баян-Өлгий аймагт хаант засгийн бүрэн эрх мэдэл тогтоосон С.Хавал дарга 2006 онд өөрийн намаас сонгогдсон засаг дарга О.Хабсаторыг төсөвт 37 сая төгрөгийн хохирол учруулсан, эхийн эндэгдэл түүний үед гурав гарсан нь байж болшгүй үйлдэл хэмээн огцруулж байсан түүхтэй аж.
Ийм нэг эцэс төгсгөлгүй маргаан, тэмцэл Баян-Өлгий аймагт үргэлжлээд хагас жил болж байна. Казахстан улсад хаант засаг тогтсоны жишгээр С.Хавал дарга аймагтаа хаант засаглал тогтож байна уу гэж тус аймгийн иргэд гайхдаг болжээ.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж