хөгжлийн үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, өнгөрсөн онд арвин
их ургацын хуртай байлаа. Сангийн сайд С.Баярцогт Сэлэнгэ нутгаас энэ
жил ажил хөдөлмөр, амжилт бүтээлээрээ манлайлсан Улсын тэргүүний
тариаланч болон тариаланч хамт олонд шагналыг нь гардуулсан юм.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Сэлэнгэ аймаг энэ жил дунджаар 1 га-гаас 14 цн
үр тариа, 156,2 цн төмс, 168,5 цн хүнсний ногоо хурааж, улсын хэмжээгээр
хураан авсан үр тарианы 52,6 хувь, төмсний 26,8 хувь, хүнсний
ногооны 33,5 хувийг бэлтгэн Монгол Улсынхаа улаанбуудай, төмс, хүнсний
ногооны хэрэгцээг хангах нэр төртэй үүргээ амжилттай биелүүллээ.
Сэлэнгийн тариаланчид Атар газар эзэмшсэн 51 жилийн түүхэндээ хамгийн их
төмс, хүнсний ногоо хураан авсан өндөр амжилттайгаа 2010 оныг үдсэнийг
дурдаж тэдэнд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж
аваргын өргөмжлөлийг гардуулсан юм. Тус аймгаас энэ жил хамгийн олон
аваргууд төрсөн бөгөөд “Улсын тэргүүний тариаланч”-аар Шаамар сумын
тариаланч Цэрэвийн Даваасамбуу, Цагааннуур сумын механикжуулагч Сахилтын
Баатар нар тодорсон бол “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор Түшиг
сумын “Анхтамир” ХХК, Цагааннуур сумын “Баяндулаан-Уул” ХХК, Сайхан
сумын “Ургацын ундраа” ХХК шалгарсан юм.
Цэрэвийн Даваасамбуугийн хувьд өөрийн нөөц боломжоо ашиглан хөрсний
үржил шим, чийгийг хамгаалах зорилгоор талбайгаа био болон органик
бордоогоор бордох, усалгааны хэмнэлтэд технологийг үйлдвэрлэлд
нэвтрүүлэх зэрэг ажлуудыг байнга санаачлан гүйцэтгэсний үр дүнд улсын
дундаж ургацаас төмс 80-100 цн–ээр, хүнсний ногоо 60-250 цн–ээр тус тус
илүү хураан авсан байна. “Баяндулаан-Уул” ХХК-ний механикжуулагч
Сахилтын Баатар нь газар тариалангийн үйлдвэрлэлд 21 жил тасралтгүй
ажиллахдаа технологийн горимыг чанд мөрдөж арвин ургац хураан авах
нөхцлийг бүрдүүлж, сүүлийн 3 жилийн дунджаар трактороор жишмэл 1793 га,
комбайнаар 1086 га-гийн ажил гүйцэтгэж нийт 6297 тн ургац хураан авсан
амжилттайгаар “Улсын тэргүүний тариаланч” болсон байна.
“Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгарсан компаниудын хувьд
олон жил тасралгүй үйл ажиллагаа явуулж байгаа, өндөр туршлага бүхий,
улсын хэд хэдэн удаагийн аварга хамт олон юм. “Баяндулаан-Уул” ХХК нь
усалгаатай газар тариаланд таримлын нэр төрөл, сэлгээг олшруулан
үйлдвэрлэлийн нөхцөлд Монгол Улсад анх удаа 4 ээлжит сэлгээ бүхий дэлхий
нийтийн сонгодог технологийг нэвтрүүлэн сүүлийн 3 жилийн дундаж
үзүүлэлтээр нэгжээс 24.0 центнер буюу улсын дунджаас 10 цн-ээр илүү үр
тариа хураан авсан байна. Тус компани нь дэвшилтэд техникийн шинэчлэлийг
бүрэн хийсний дээр 34,4 мянган тонн үр тариа агуулахыг ашиглалтад
оруулж, 3 жилд шинээр 135 ажлын байрыг бий болгосон байна.
Түшиг сумын “Анхтамир” ХХК, Сайхан сумын “Ургацын ундраа” ХХК-ний хувьд ч
мөн адил эзэмшсэн талбайгаа бүрэн ашиглан сүүлийн 3 жилийн дундаж
үзүүлэлтээр нэгжээс 18,2-25,5 центнер улаанбуудай хураан авч улсын
дундаж үзүүлэлтийг 130-182 хувиар давуулсан амжилт үзүүлжээ.
Засгийн газрын бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ард иргэдээ чанартай
найдвартай дотоодын түүхий эдээр хангах, хүнсний аюулгүй байдлыг хангах
үйлсэд манай тариаланчдын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл ихээхэн чухал
бөгөөд энэхүү гаргасан ажилтаа улам бататгаж, улам их амжилт гаргаж,
газар тариалангийн салбарыг улам цааш нь хөгжүүлэхийн төлөө хамтран
ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт нийт тариаланчдад хүсэн ерөөж байлаа.