Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Жудаггүй хүн

Цагаан морин жилийн хувьсгалыг эхлүүлсэн “13-ын нэг” гэгддэг Ард түмний хянан шалгах хорооны дарга Д.Нинжийг МАХН-ын онц их хуралд сууж байх үеэр буюу өнгөрсөн пүрэв гаригт Мөрдөн байцаах газрынхан саатуулжээ. “Дааганаас бус даравгараасаа….” гэгчээр цаг үе хувьсан өөрчлөгдөж, ташаагаа тулж гудамжинд зогсч байгаад хаа хамаагүй зүйл ярьж бусдыг доромжилж улс төр хийдэг үе өнгөрсөн гэдгийг түүнд хэн нэгэн сануулах гэж ийм алхам хийлгэсэн юм шиг санагдана. Түүний зарим нөхөд нь хэтэрхий ойворгон, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй салхи шиг хүн гэж дүгнэсэн байдаг. “Ардчиллын анхны 13 партизан” дотроос хамгийн ядруухан амьдарч байгааг нь ч үүнтэй холбог ойлгож болох байх. Бараг бүгдээрээ шахам өнөөдөр намба суугаад ч юм уу, хувьдаа товсхийсэн аж ахуй эрхлээд, хүний дээр биш юм гэхэд доор орохооргүй амьдар ч байхад мань хүн л ойр зуурын жагсаал, эсэргүүцэл, хэрүүл тойроод явж харагддаг. Хэдхэн хоногийн өмнө С.Зоригийн үхэлд Ерөнийлөгч Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарыг буруутгаж, өөрийгөө хамгаалалтад авахыг хүсч байсан тэрбээр ийн баригдав. Бас “МАН-ынхан 500 мянган ам.долларын хахууль өгч, Дээд шүүхэд нэрээ бүртгүүлсэн тухай баримт бидэнд ирсэн” гэж “хашигрсан” нь түүнийг баривчлах шалтгаан болсон гэх яриа байна. Энэ бол түүний хувьд анхных биш. Магадгүй сүүлийнх нь ч биш байх. Уг нь анхны 13-ыг одоо ч “Мальш”, “Дарь”, “Нинж” гээд өвөрмөц нэртэй партизануудаар нь хүмүүс тэртэй тэргүй мэддэг. Харин Д.Нинж л эргэж тэдэнтэйгээ тэсрэлдээд, эсвэл нэгэн цагт өөрийг нь “жудаггүй хүн” гэж шоолж байсан хүнийг дагачихсан “ХУ намыг сэргээх тухай” ярьж яваа л хэрэгт унах гээд байх юм даа.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж