Дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой болов

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой болов

Монгол Улс, Кувейт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар болон Кувейтын Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахт, Кувейт Улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Мохаммед Сабах Аль-Салем Аль-Сабах нар харилцан цахилгаан утас солилцов.

Монгол Улс, Кувейт Улсын хооронд 1975 оны 6 дугаар сарын 17-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Кувейт Улс нь Булангийн улс орнууд дотроос манай улстай албан ёсны харилцаа тогтоосон анхны орон юм.

Өнгөрсөн 35 жилийн хугацаанд Монгол, Кувейтын ард түмний харилцан ойлголцол бэхжиж, бие биеэ сайн мэддэг болсон төдийгүй, хоёр талын хооронд дээд хэмжээнд төлөөлөгчид тогтмол айлчилж байснаас гадна засгийн газрын гишүүний төвшинд төлөөлөгчид тогтмол солилцож байв. Цаашид улс төрийн төвшинд хүрсэн сайн харилцааг бэхжүүлэн, нийгэм, эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хоёр тал зорилт тавин ажиллаж байна.

Монгол Улс, Кувейт Улс 2009 онд байнгын Элчин сайдын яамаа харилцан нээхээр шийдвэрлэсний дагуу эдүгээ хоёр тал байнгын Элчин сайдын яамаа нээн ажиллуулж байгаа нь харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал үйл явдал болсон талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж