хүсэл сонирхолд тань нийцсэн, таньд бодит үр ашиг өгөх ажлыг сонгох
эрхтэй. Өнөөдөр Монгол улсын хүний нөөцийн зах зээл дээр ажлын байрны
илүүдэл байна, Монголд ажилгүйдэл их байна гэх мэт яриа олны анхаарлыг
татдаг. Гэтэл банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк
байгуулагдсан цагаасаа хойш 16 жилийн хугацаанд хүний нөөцийн
менежментийн арвин туршлага хуримтлуулсан бөгөөд олон улсын жишигт
нийцсэн “Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян”-ыг зарлаад байна. Өөрөөр
хэлбэл та банк санхүүгийн салбарт ажиллах мэргэжил, дадлага туршлагатай
бол Голомт банкинд ажилд орох хүсэлт өгч сонгон шалгаруулалтын аянд
хамрагдах боломжтой ажээ. Голомт банкны гэр бүлд нэгдснээр та олон
төрлийн үр ашиг бүхий давуу талуудыг мэдрэхээс гадна ажлын болон хувийн
амьдралын тань зорилго, тэнцвэрт байдлыг дэмжих багц хөтөлбөрүүдэд
байнга хамрагдах боломжтой гэнэ. Ингээд энэхүү аяны талаар дэлгэрэнгүй
мэдээллийг Голомт банкны Хүний нөөцийн хэлтсийн захирал П.Батхүүгээс
тодруулснаа уншигч та бүхэндээ хүргэе.
-Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө Голомт банкнаас зохион
байгуулж байгаа хүний нөөцийн бүрдүүлэлтийн аяны талаар анхны ойлголтыг
авах мэдээллийг өгөхгүй юу?
Чадварлаг хүний нөөц бол байгууллагын хамгийн чухал капитал. Голомт банк
бол Монгол улсын банк санхүүгийн зах зээл дээр тэргүүлэгч хамгийн том
банк гэж явдаг. Энэ байр сууриа байнга хадгалахын тулд бид хүний нөөцийн
бодлогодоо ихээхэн анхаарал тавин ажилладаг. Энэ хүрээнд Монгол улсдаа
анх удаа “Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян ”-ыг хийхээр төлөвлөөд
амжилттай хэрэгжээд явж байна. Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аянаар банк
санхүүгийн салбарт ажиллах боломжтой бүхий л мэргэжлийн дагуу бид
шалгаруулалт хийж сонгогдсон хүмүүсээ байгууллагын соёл, ажлын онцлогийг
тусгасан өндөр түвшний сургалтанд хамруулсаны үндсэн дээр ажлын байранд
нь ажиллуулж эхэлнэ гэдгээрээ онцлогтой. Ач холбогдлын хувьд нэг
талаасаа манай банк бүрэн хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчинтэй болох,
нөгөө талаасаа тухайн хүнд ажил дээр гараад амжилттай ажиллах нөхцөл
боломжоор нь ханган өгч байгаа юм. Ямар ч хүн байгууллагын соёлоо
мэддэг, хамт олонтойгоо дасан зохицдог, ажлаа хэрхэн хийхээ, мэдэхгүй
зүйл гарвал хаанаас тусламж авахаа мэддэг, өрсөлдөхүйц цалин урамшууллын
системтэй газар ажиллахыг хүсэх нь ойлгомжтой. Энгийнээр ярьвал бид энэ
боломжийг энэ аянаараа олгож байгаа юм.
Олон улсын туршлагаас харвал АНУ, Япон, Солонгос, Герман зэрэг өндөр
хөгжилтэй орнуудын томоохон банк санхүүгийн байгууллагууд болон
корпарациуд энэхүү аяныг жилд 2-3 удаа зохион байгуулдаг. Нэг жишээг
дурдвал БНСУ-ын Шинхан банк хүний нөөцийн бүрдүүлэлтийн аяныг жил бүрийн
2 ба 7 саруудад зохион байгуулж хүний нөөцийн эргэлтээ сайжруулан өндөр
хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчнээр байгууллагаа тогтмол өргөтгөж
байна.
-Яагаад энэ аяныг зохион байгуулах болсон юм бол?
Монгол улс дэлхийн анхаарлын төвд ороод байна. Манай улсад орж ирэх
гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ ч асар ихээр нэмэгдэж байна. Үүнийг
дагаад банк санхүүгийн зах зээлд тэргүүлэгч гэдэг утгаараа Голомт банкны
үйл ажиллагааны цар хүрээ ч мөн адил гадааддаа, дотооддоо хурдтайгаар
өргөжиж байна л даа. Голомт банк олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө
оруулагчид, хувь нийлүүлэгчидтэй хамтран ажиллах хүрээгээ өргөтгөж
байгаа. Жишээлбэл Швецарын Кредит Свисс болон Арабын Нэгдсэн Эмират
Улсын Абу Даби хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран ажиллаж тухайн
байгууллагууд өөрийн төлөөллөө Голомт банкны төлөөлөн удирдах зөвлөлд
гишүүнээр элсүүлэн ажиллаж байна. Энэ байдлаар бид олон улсын тавцанд
өрсөлдөх менежментийн болоод капиталын нөхцөл бололцоогоо бүрдүүлэн
ажиллаж байна. Гадаад дахь корреспондент банкуудын маань тоо ч нэмэгдэж
байна. Дотоодын салбар сүлжээний тоо болоод үйлчилгээний цар хүрээ
өргөжиж байгаа зэрэг олон урамтай сайхан шалтгаануудын улмаас энэ аяныг
зохион байгуулах болсон юм.
Яагаад энгийн процессоороо хүний нөөцийн бүрдүүлэлтээ хийхгүй бүхэл
бүтэн бүрдүүлэлтийн аяныг хийж байгаа юм бэ гэхээр манай банк боловсон
хүчнийхээ чанарт ихээхэн анхаарал тавьдаг. Бид хүнээ сайн сонгож,
сонгосон хүнээ чадваржуулж зөв ажлын байран дээр нь тавьснаар тэр хүний
ажлаас авах сэтгэл ханамжийг дээшлүүлнэ гэж үздэг. Өөрөөр хэлбэл тэр хүн
өглөө бүр ажилдаа ирэхдээ тэмүүлэлтэй сэтгэл хангалуун байлгахыг бид
хичээн ажиллаж байна. Энэ шалтгааны улмаас жинхэнэ үр ашгаа өгөх урт
хугацааны аяныг зохион байгуулж байгаа юм.
-Голомт банк анх удаа энэ аяныг Монгол улсад зохион байгуулж байгаа
гэж хэллээ. Аяны зохион байгуулалт болоод хэн оролцох боломжтой талаар
мэдээлэхгүй юу?
Аяны үргэлжлэх хугацаа нь 2 сар бөгөөд жилд 2 удаа зохион байгуулагдах
төлөвлөгөөтэй байгаа. Энэ явцад Монгол улсдаа болоод гадаадад ажиллаж
суралцаж байгаа бүхий л чадварлаг хүмүүс аянд оролцох боломжтой. Та одоо
банк санхүүгийн салбарт ажилладаг ч байж болно, сургуулиа төгсөөд
амьдралын гараагаа эхлэх гэж байгаа ч байж болно, энэ салбарт хүчээ
үзэхийг хүсэж явдаг хүн ч байж болно, гадаадад суралцаад төгсөх гэж
байгаа хүн ч байж болно, энэ аян бол өөрийгөө сорихыг хүссэн бүхий л
хүмүүст нээлттэй гэдгийг онцлох байна. Аяны бас нэг онцлог гэвэл бид
мэдээллийг хамгийн нээлттэй болгож таны мэдэхийг хүссэн ажлын байрны
талаарх бүхий л мэдээллийг хамгийн амар хялбараар түргэн шуурхай олж
авах боломжийг олгож байгаад оршино. Үүнд ямар ямар ажлын байр байгаа,
энэ бүгдэд тавигдах шаардлага, хэрхэн хүссэн ажилдаа бүртгүүлэх гэх мэт
бусад бүхий л мэдээллийг асууж болно. Бид шалгаруулалтыг ажлын онцлогоос
нь шалтгаалж 4-5 үе шаттайгаар хийх бөгөөд амжилттай сонгогдсон
хүмүүстээ зориулж байгууллагын соёлдоо дасан зохицоход нь болон
мэргэжлийн үүднээс нь дэмжих багц сургалтыг зохион байгуулсны эцэст
тухайн хүнийг тохирох ажлын байранд нь тавина. Мэдээж ажил дээр гарсны
дараа ч тэр хүнд бүх талын тогтмол дэмжлэгийг үзүүлж явах болно.
-Ямар хугацаатайгаар энэ аяныг зохион байгуулж байгаа вэ?
Энэ аян нь 2011 оны 1-2 сард эхний удаа зохион байгуулагдаж 2011 оны 5-6
сард дахин зохион байгуулагдана. Голомт банк өргөжиж байгаатай
холбогдоод цаашдаа энэхүү хүний нөөцийн бүрдүүлэлтийн аяныг жил бүр
тогтмол зохион байгуулж байхаар төлөвлөөд байгаа.
-Голомт банк өөрөө манай мэргэжилтэй боловсон хүчний ажилд орохыг
хүсэж тэмүүлдэг Монголын тэргүүлэх цөөн байгууллагын нэг. Ийм том
байгууллагын хүний нөөцийн захирлын хувьд Монгол залуучуудын мэргэжил,
мэдлэг, ур чадварыг хэрхэн үнэлж байна вэ?
Монголын залуучууд чадваржиж байна. Зөвхөн мэргэжлийн үүднээсээ сайн
байгаад зогсохгүй харилцааны чадвар, хэлний түвшин зэргээрээ маш өндөр
чадвартай болж байна. Олон улсын хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчнүүд
ихээр төрөн гарч байна. Монгол улсын эдийн засгийн үзүүлэлтүүд нэмэгдэж
олон улсын анхаарлын төвд орж байгаатай холбогдон гадаадын томоохон
байгууллагуудад ажилладаг монгол залуус маань эх орондоо олноор эргэн
ирж байна.
-Монгол улсын боловсон хүчин харьцангуй чадварлаг болжээ гэлээ.
Танай байгууллага эдгээр чадварлаг хүмүүст бусад байгууллагуудаас илүү
ямар давуу талуудыг санал болгодог вэ?
Голомт банкны хамгийн том давуу тал бол манай байгууллагын соёл юм л
даа. Нөгөө талаасаа энэхүү аяныг зохион байгуулж байгаагаас хүртэл
харагдаж байгаа байх, манай байгууллага хүчирхэг боловсон хүчинтэй
гэдгээрээ онцлогтой. Банк санхүүгийн зах зээл дээр манай банкинд орохыг
хүссэн хүмүүсийн өрсөлдөөн их, тэр ч утгаараа бидний тавих босго шалгуур
ч өндөр байдаг. Иймээс манай байгууллагад орсон ямар ч хүн манай соёлд
нэвтрэн бидэнтэй хамт хөгжөөд явдаг. Манай зүгээс ч мөн хүнээ хөгжүүлэх
ажлыг тогтмол зохион байгуулдаг. Жишээлбэл бид хүмүүсээ чиглэл чиглэлээр
нь олон улсын сургалт болон мэргэжлийн курсуудэд байнга хамруулж тухайн
салбарын өөрчлөлт шинэчлэлттэй хөл нийлүүлэн алхахыг дэмжин ажилладаг.
Мөн банк санхүүгийн салбар жинхэнэ утгаараа хөгжиж чадсан барууны
орнуудын туршлага судлах зорилгоор тус улсуудад байх корреспонденьт
банкууд дээр ажлын байран дээрх дадлага хийх боломжийг ажилтнууддаа
олгодог.
Цалингаас гадна Total Reward Package буюу урамшууллын багц системийг
манай банк санал болгодог. Үүнд таны нийгмийн асуудлыг цогцоор шийдэх
банкны ажилтнуудад зориулсан хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнүүд, орон
сууцны хөнгөлөлттэй зээл, урамшуулал бонус зэрэг олон төрлийн
хөнгөлөлтийг дурдаж болно.
Бид ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ хамгийн сүүлийн үеийн арга технологи
болох 360 градус үнэлгээг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл таны ажлыг зөвхөн
дарга тань үнэлээд зогсохгүй таны хамт олон, таны харилцагч нар тань
хамт үнэлнэ гэсэн үг.
Манай банк Монгол улсад анх удаа ажилтнууддаа зориулсан Тэтгэврийн Ууган
Санг байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэ нь манай ажилтнуудад
зориулагдсан урт хугацаны давуу тал гэж бодож байна. Мөн одооноос эхлээд
зөвхөн манай хамт олон Голомт банкны хувьцааг эзэмших эрхтэй болж
байна. Энэ мэтчилэн олон давуу талуудыг дурдаж болно. Давтан хэлэхэд
манай хамгийн том давуу тал бол Голомт банкны соёл мөн.
-Гадаадад ажиллаж суралцаж байгаа хүмүүс ямар замаар энэ аянд хамрагдах боломжтой вэ?
Гадаад суралцаж ажиллаж байгаа хүмүүс маань энэхүү аянд оролцохдоо манай
банкны цахим хуудас болох www.golomtbank.com -руу орж бүхий л
мэдээллийг авч аянд оролцох боломжтой. Мөн бидэн рүү
hrgolomt@golomtbank.com хаягаар электрон шуудан илгээх эсвэл
hrgolomt@yahoo.com хаягаар орж манай банкны ажилтантай шууд мессенжерээр
харилцаж болно.
-Голомт банкны хүний нөөцийн бүрдүүлэлтийн аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл хаана хандах вэ?
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Голомт банкны төв дээр
буюу Бодь Цамхаг дээр ажлын өдрүүдийн 9-18 цагийн хооронд өөрийн биеэр
ирж мэдээлэл авах буюу 311530 утсаар 364 дотуур дугаарт холбогдож болно.
Мөн манай банкны цахим хуудас болох www.golomtbank.com -руу орж бүхий л
мэдээллийг авч аянд оролцох боломжтой. Мөн дээр хэлсэнчлэн бидэн рүү
hrgolomt@golomtbank.com хаягаар электрон шуудан илгээх эсвэл
hrgolomt@yahoo.com хаягаар орж манай банкны хүнтэй шууд мессенжерээр
харилцаж болно.
-Сүүлийн асуултыг таньд үлдээе
Бид энэ аянаараа нээлттэй ажлын байруудыг зарлаж байгаа. Та хуульч ч
бай, мэдээлэл технологийн хүн ч бай, банкны чиглэлээр ажилладаг ч бай ч
ер нь ажлын байр нээлттэй учир манай аянд оролцох бүрэн боломжтой.
Хэрвээ та өөрийгөө чадварлаг, эрч хүчтэй, багаар ажиллах чадвартай гэж
үзвэл энэ аян таны боломж байх болно. Өөрийгөө сориод үзээрэй. Мөн манай
банктай ажилтан зуучлах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой хүний
нөөцийн компаниудыг хамтран ажиллахыг урьж байна. Та бүхэндээ амжилт
хүсье.
Танд баярлалаа
Эх сурвалж: "Өнөөдөр сонин"
Г.Болормаа