ЗГ-ыг огцруулсан нь эсэргүүцлийг өдөөв

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

ЗГ-ыг огцруулсан нь эсэргүүцлийг өдөөв

Египетийн ерөнхийлөгч Хосни Мубарак Засгийн гараа огцруулан улс орондоо тогтворгүй байдлыг гаргахгүй гэж мэдэгдлээ. Каирт армийн анги нэгтгэлийг оруулж, улс даяараа хөл хорио тогтоосон байна. Гэвч тэр нь дэглэмийн эсрэг тэмцэгчдийг шинэ эсэргүүцэлд гаргав. Тарир талбайд хэдэн зуун хүн жагсан Мубаракийг огцор гэж шаардлаа. Өмнөх өдөр нь хүмүүс нийслэл дэх эрх баригч намын төв байрыг галдан шатааж тоносон байв. Цэргүүд тоногч нараас Египетийн үндэсний музейг хамгаалж байна. Оросын жуулчлалын байгууллага оросуудын амрах дуртай бүсэд төлөөлөгчөө илгээн жуулчны товчоотой ажлаа зохицуулж байна. Амралтын бүсэд  одоогоор тайван байгаа ажээ.

Египетийн ерөнхийлөгч Хосни Мубарак бямба гаригийн шөнө телевизээр ард түмэндээ хандлаа. Тус оронд эсэргүүцлийн ажиллагаа эхэлснээс хойш тэрээр ийнхүү анх удаагаа олон нийтэд хандав. Засгийн газрыг тарааж шинээр байгуулж байгааг тэрээр хэллээ.

Египетийн тэргүүн эсэргүүцэл гаргагчидыг ойлгож байна гээд эрх чөлөө ба эмх замбраагүй үйлдлийн хооронд маш нимгэн зааг байгаа бөгөөд өөрийн зүгээс улс орондоо тогтворгүй байдлыг гаргуулахгүй гэжээ. Шинэ ерөнхий сайдыг нэрлэх хуралдаанаа бямба гаригийн орой хийхээр төлөвлөсөн байна.

Мубарак Засгийн гараа огцруулж байгааг зарлахдаа өөрийн огцрох талаар үг гаргаагүй байсан юм. Үүнийг эсэргүүцэл гаргагчид ойлгосон учир дахин эсэргүүцэл үргэлжилсэн ба мянга орчим хүмүүс Дотоод хэргийн яамны байрыг дайрахаар оролдов. Энэ тухай “Аль-Жазира” мэдээлсэн байна. Уг байрыг хамгаалж байсан цагдаа нар хариу гал нээжээ. ДХЯ-ны байрыг ард олон “тамлах газар” хэмээн нэрлэдэг ба эрх баригч дэглэмийн нэг гол бэлгэдэл гэж уг сувгийн тоймчид хэлэв.  “Аль-Жазира” сувгийн мэдээлснээр ат-Тахрир талбайд 50 мянга орчим хүмүүс цугларсан байжээ. Зөвхөн сүүлийн хоногт жагсагчдаас зуу орчим хүн алагдаж, 2000 орчим хүн шархадсан байна. Цуглаан Египетийн олон хотуудад болж байгаа.

Каир, Суэц ба Александри хотод 16:00 цагаас хөл хорионы цаг эхэлж байна. Засгийн газрын болон бусад байр байшинг хамгаалж байгаа арми иргэдэд хандан хөл хориог зөрчихгүй байх мөн тоногч нартай тэмцэхийг уриалжээ. Улсын телевизийн мэдээгээр Египетийн ажлын өдрийн эхлэл ням гаригт биржүүд ба банкууд ажиллахгүй гэнэ. Эдийн засаг нь энэ үймээнээс нэлээдгүй хохирол үзээд байгаа юм. Харин интернэтийн хамт хаагдсан байсан холбоо дахин ажиллаж эхэлсэн байна.

Сонгино ба пепси-кола

Мубаракийн мэдэгдэл гудамжинд байгаа хүмүүсийг тайвшруулсангүй харин ч шинэ эсэргүүцэлд өдлөө. Тэд шаардсан огцролт гарахгүйг ойлгосон ба улс орны байдлыг бужигнуулж байна гэж тэднийг үзсэнд нь дургүйцсэн байв. Мөн тэд бас ч үр дүнд хүрч Засгийн газрыг огцруулж чадлаа гэдгээ мэдэрсэн хэмээн BBC мэдээлж байна.
Бямба гаригийн үдээр Тахрир талбайд хэдэн зуун жагсагчид дахин цугларсан ба хажууд нь хэдэн танк харагдаж байлаа. Гэхдээ цэргийнхэн тэдэнтэй тулсангүй. Талбайгаас холгүй цагдаагийнхан парламент ба Засгийн газрын байрыг бүсэлжээ.
Өглөөгүүр  цагдаагийнхан жагсагчдыг нулимас асгаруулах хий, усан буу, бороохой ба резинэн сумны тусламжтайгаар хөөн тараав. Жагсагчид тэдний эсрэг чулуу, лонх, жорлонгийн цаасыг хүртэл шидэлж байв. Тагтнаас мөргөлдөөнийг ажиглаж байсан хүмүүс жагсагчдад сонгино ба лаазтай Pepsi хаян өгч байв. Саяхан сөрөг хүчний нэгэн сонин жагсагчдад зориулсан зөвлөгөөг гаргахдаа нулимас асгаруулах хийний эсрэг соодын ундаагаар нүдээ угааж, сонгино үнэрлэх ёстой гэж бичжээ.

Тонуулчид

Каирт жагсагчид эрх баригч Үндэсний ардчилсан намын төв байрыг шатаан тонож, компьютер, сандал, ширээ техник, жорлонгийн суултуурыг хүртэл зөөж байлаа. Намын байртай зэрэгцэн орших Египетийн музейг цэргийнхэн хамгаалалтдаа авсан байв. Нэгдүгээр сарын 28-нд тонуулчид музейн хоёр занданшуулсан шарилыг устгажээ. Тус орны ерөнхий археологч  Захи Хавасса үүнийг мэдэгджээ. Арми ба ухамсартай хүмүүс музейг хамгаалахаас өмнө энэ хэрэг гарсан байв. Мөн музейн кассыг тэд тоножээ. Тонуулчид музейг дайрах үеэр жагсагчид түүнийг  “амьд хана” болон хааж, тонуулчдаас барин тэднийг цэргийнхэнд шилжүүлэн өгсөн байлаа. Каирын музейд фараонууд ба тэдний гэр бүлийнхний 27 шарил байдаг ба тэдний дунд саяхан олдсон хатан хаан Хатшепсутын занданшуулсан шарил бий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж