Гүйж яваа хүн л унадаг

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Гүйж яваа хүн л унадаг

Улс төр, эдийн засгийн хүрээнд өнгөрсөн жилийн өдийд ямар асуудал
ширүүхэн өрнөж байсныг санацгаая. Наадмын өмнөх тэр халуухан өдрүүдэд
УИХ Оюутолгойн гэрээг яаравчлан баталчих гээд, иргэний хөдөлгөөн,
Монголын уул уурхайн инженерүүдийн холбооноос "Зангиагүй уулзалт" зохион
байгуулж "Битгий яараач" гэж гуйж байсан билээ.

Гэвч төр хүчтэйг харуулж тэд санасандаа хүрч өнгөрсөн аравдугаар сард
Оюутолгойн гэрээг баталсан. Харин өнөөдөр? Далан мянган төгрөг өгснийг
эс тооцвол иргэдийн амьжиргааг сайжруулж, их бүтээн байгуулалтын ажлаа
эхлүүлсэн нь харагдахгүй л байна. Хамгийн гол нь Монголын төр 34 хувийг
нь эзэмшиж байгаа гэх боловч олон улсын Хөрөнгийн бирж дээр "Айвенхоу
Майнз" компанийн хувьцааны үнэлгээ, эрэлт ямар байгааг хэн ч сонирхохгүй
байгаа нь ойлгомжгүй төдийгүй "Бид юу хийчихэв ээ" хэмээн дуу алдахад
хүргэлээ.

Уг нь бидний ирээдүй тэр компанийн хувьцааны үнэтэй салшгүй холбоотой
гэж байгаад баталсан санагдана. Тэгвэл өнөөдөр яг үүнтэй ижил бүрхэг
зүйл рүү л яваад, бүр яараад байгаа дүр зураг харагдаж байна. Бүтэн
жилийн хугацаанд зөвхөн ордын нэр өөрчлөгдсөнөөс улстөрчдийн амбиц,
гадныханд баялгаа бушуухан өгчихье гэх сэтгэлгээ өөрчлөгдсөнгүй.
Тавантолгойг бушуухан хэн нэгэнд өгье гэхээс биш болбол өөрсдөө л
ашиглачих юмсан гэсэн эрэлхийлэл хийхийг хүсэхгүй байгаа бололтой.

Монголчууд эзэмшээд зогсохгүй ашиглах, ажиллах ёстой гэсэн байр суурьтай
хэсэг ил ажиглагдаж байгаа нь "Монгол 999 үндэсний нэгдэл" байна. Тэд
өнгөрсөн тавдугаар сарын долоонд албан бусаар эвлэлдэн нэгдэж ТУЗ-өө
байгуулаад, тавдугаар сарын 28-ны өдөр албан ёсоор тамга тэмдгээ авч,
албан ёсны байгууллага болсон. Тэд Ухаа худагаас жилд таван сая тонн
нүүрс олборлох ажилд монголчууд оролцож болоод байна. Гэтэл үүнээс 4-6
дахин том нөөцтэй ордод яагаад энэ ажиллаж чадахгүй гэж" хэмээн асуугаад
байгаа юм.

Энэ "яагаад"-ын хариуг .хэн ч хэлж чадахгүй байна. Яагаад гэвэл хариулт
олдохгүй байгаа буюу монголчууд ажиллах боломжтой гэсэн үг.  Мөн
байгуулагдсанаасаа хойш өнгөрсөн нэг сарын хугацаанд Тэд Ухаа худагаас
жилд таван сая тонн нүүрс олборлох ажилд монголчууд оролцож болоод
байна. Гэтэл үүнээс 4-6 дахин том нөөцтэй ордод яагаад энэ ажиллаж
чадахгүй гэж" хэмээн асуугаад байгаа юм. Энэ "яагаад"-ын хариуг хэн ч
хэлж чадахгүй байна. Яагаад гэвэл хариулт олдохгүй байгаа буюу
монголчууд ажиллах боломжтой гэсэн үг.

Монголын компаниуд хамтраад Засгийн газраар баталгаа гаргуулан 1РО хийж,
борлуулалтын гэрээгээр ашгаа барьцаалаад хөрөнгө босгох арга замыг л
яриад байгаа болохоос "Бид эзэмшье, ядаж оператор компаниар оролцъё"
гэсэн нэг ч санал дэвшүүлээгүй нь содон харагдсан. Тавантолгойг ашиглах
урьдчилсан төсөл ч гаргаж олон нийтэд танилцуулж амжлаа. Өнөөдөр тэд
"ТЭЗҮ-тэй Тавантолгой л үнэд хүрнэ. Битгийн яар" хэмээн сануулж байна.

Тавантолгойг ашиглахад яаравчлахгүй, нягталж хандахаас аргагүй хэд хэдэн
шалтгаан байна. Юуны өмнө бид Тавантолгойн жинхэнэ үнэ цэнийг өөрсдөө
сайн мэдэх хэрэгтэй. Гучин жил салхи оруулаагүй    1980-аад оны ТЭЗҮ
барьчихаад өнөө маргаашгүй гэрээ байгуулах тухай яриад байх юм. Хатуухан
хэлэхэд тэр үед төрсөн хүмүүсийн зарим нь үхчхээд байхад өнөөдөр тэр
гэрээтэй яаж зохицож ажиллах билээ. ТЭЗҮ-гүйгээр байгуулсан өмнөх гэрээ
Ашигт малтмалын тухай хуулийн 30 дугаар заалтыг зөрчсөн тухай яригдаж
Үндсэн хуулийн цэцийн хаалгыг тогшиж буй. Хууль тогтоогчид хууль зөрчсөн
хэрэгт унасан шившгийг Монголоос л олж харж болох байх.

Тиймээс Тавантолгойн ТЭЗҮ-ийг дэлхийн санхүүгийн аль ч байгууллага, олон
улсын хөрөнгийн бирж шууд хүлээн зөвшөөрөхгүй, мэргэжлийн өндөр түвшинд
гаргахад шаардагдах 12 сая ам.долларыг нь төлөөд ямар баялгийн тухай
ярьж байгаагаа эхлээд чин үнэнээр нь мэдэж байж шийдвэрээ гаргах
хэрэгтэй. Дараагийн асуудал "Шинь Хуа" группийнхэн гэж хэн бэ? Яагаад
Монголын төрийн итгэлийг тэгтлээ хүлээх болов. Нүүрс ухаад байдаг хүмүүс
үү гэтэл үгүй. Монголын нүүрсийг 18 доллараар аваад газар булж
хадгалаад сүүлд нь үнэ хүргэж зардаг л туршлагатай компани аж.

Өнөөдөр дэлхийн зах зээл дээр 70 ам.долларын орчимд хэлбэлзэж байгаа
нүүрсний ханш ирээдүйд хэд ч хүрсэн "Шинь Хуа"-гийн, орлого болно гэж
бодохоор харамсалтай биш гэж үү? Монголчууд өөрсдөө ашиглана гэхээр
хөрөнгийн хэмжээ, туршлагагүй хоёроор шалтаглаж, гадныхныг сонгоход
яаравчлах нь үндэслэл муутай шалтаг юм. Яг хэдий хэмжээний хөрөнгө
хэрэгтэйг мэдэхгүй байж байхгүй гэх нь утгагүй биз дээ. ТЭЗҮ гаргахад 12
сая ам.доллар, дэлхийн санхүүгийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн
туршлагатай менежмент хөлслөхөд 10 сая ам.доллар гэхчлэн бусад бүх
зардлаа тооцоолоод "Энэ хөрөнгийг өөрсдөө босгох боломж байна уу" хэмээн
монголчуудаасаа асуухад "Чадна" гэж нэгэн дуугаар хариулна гэдэгт итгэж
байна.

Харамсалтай нь ингэж асуухыг хүсэхгүй байгаа бололтой. Эсвэл үйлдвэрлэгч
бус хэрэглэгч орон байж манжийн дарлалд зовсон түүхээ санагалзаад
байгаа хэрэг үү. Гүйж яваа хүн л унадаг, мөлхөж яваа хүн унадаггүй гэж
Плиний гэгч нэгэн аугаа сэтгэгч хэлсэн байдаг. Энэ нь Монголоор "Яарвал
даарна" гэдэгтэй төстэй болов уу.

У.Оргилмаа
“Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж