
Энэхүү урсгалыг Монголдоо анхлан нэвтрүүлэхээр санаа нэгдсэн хэсэг залуус ”Арга билэг” нэртэй хамтлаг байгуулж, ганцхан жилийн дотор анхны бие даасан тоглолт болон хоёр ч цомгоо гаргаж амжжээ. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард анхны бие даасан тоглолтоо “ Оршихуйн дуудлага” нэртэйгээр тайзнаа тоглохдоо тэд “этноджаз” урсгалын өвөрмөц хэмнэлийг гайхуулж чадсан байна. Монгол үндэсний хөгжим, джаз хөгжмийн хэмнэлийг хослуулан цогц болгож, өвөрмөц шинэ аялгууг туурвиж байгаа нь хөгжмийн арга, билгийг хослуулсан хэрэг юм байна. Хөгжмийн энэ өвөрмөц аялгууг дагасан бүжгийн хэмнэл нь мөн л ардын бүжгийг модерн бүжигтэй хослуулсан шинэ дэглэлтийг бий болгожээ.
Нэг настай энэ хамтлаг анхны цомгоо “Дээлт” нэрээр гаргаж, 20 гаруй шинэ бүтээлээ оруулжээ. Энэ цомогт нь багтсан “Гэмтэй дээ” хэмээх бүтээлийнх нь клип “ UBS music awards”-ын “Шилдэг график” номинацид тэргүүлжээ. Мөн “Cinebox” продакшны бүтээл “Дэв” хэмээх шинэ киноны “soundtrack”-ийг мэргэжлийн өндөр түвшинд хийсэн хэмээн хөгжим судлаачид үнэлсэн байна. Энэ киноны хөгжмийн бүтээлээр тусгай цомог гаргаж, кинотой холбоотой шинэ клипийг хийсэн байна. Түүнчлэн анхны цомогт нь орсон “ Саруул тал”, “Баяд”, “Тунгалаг Буянт” зэрэг зарим бүтээлийнхээ клипийг хийх ажилдаа ороод байгаа юм байна. Тэд зарим уран бүтээлээ уртын дууны “Шуранхай” хамтлагтай хамтран хийжээ.
“Арга билэг” хамтлагийн зарим гишүүн “Морин хуур” чуулгын уран бүтээлчид бол зарим нь Монголын шилдэг хөгжимчин гэсэн цолтой аж. Тэд дэлхийн олон орноор аялан тоглолт хийж явахдаа хөгжмийн урлагийн даяарчлалыг үндэсний хөгжимтэйгээ хослуулах санаагаа хэрэгжүүлэхээр шийдсэн байна.” Арга билэг” хамтлаг нь төгөлдөр хуурч, ятгач, морин хуурчид, цохивор хөгжимчид, мөн бүжигчдээс бүрддэг.Өнгөрсөн сард АНУ-ын тайзны гэрэл, дууны инженерүүд ирж сургалт явуулсны дараа “Арга билэг” хамтлагийг сонгож хамтарсан үзүүлэх тоглолт хийсэн нь БСШУЯ, Монголын урлагийн зөвлөл, хөгжим судлаачдаас өндөр үнэлгээ авчээ. Тус хамтлагийн анхны хоёр цомгийг танилцуулсан тайлан тоглолт энэ сарын 19-нд Улсын филармонийн концертын танхимд болох ажээ.
Д.ОЮУН