
Монголд хайгуулын ажил тийм ч их хийгдээгүй ч Монголыг ашигт малтмалын арвин нөөцтэй гэж үздэг. Өнгөрсөн жил Монголын ураны нөөцийг өмнөхөөс нь 69 хувиар шинэчлэн тогтоосон бөгөөд 62,000 тонн ураны нөөцтэй гэж үзэж байгаатай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчид тус улсын ерөнхий сайд С.Батболдод ар араасаа бараалхаж байна. Өнгөрсөн жил Оросын Холбооны Улсын ерөнхий сайд Владимир Путин Монгол улсад айлчлахдаа ураны салбарт илүү нягт хамтран ажиллах талаар ярилцаад явсан.
Монгол Хятадад ойрхон байрлаж байгаа нь томоохон уул уурхайн хөрөнгө оруулагчдын сонирхлыг илүү татаж байна. Хятадын хилд ойрхон байгаа нь чухал давуу тал гэж Рио Тинто компанийн захирал Том Албанез онцлон дурдаж байв.
“Цар хэмжээ, ангилалаараа Оюу Толгойн орд бол нэгдүгээр зэрэглэлийнх хэдий ч цаашид нэмж хайгуул хийх боломж байгаа. Цаг нь ирэхээр Оюу Толгой дэлхийн төвшний уурхайн бүс болох болно. Түүнээс гадна ирээдүйд дэлхийн түүхий эдийн эрэлт хэрэгцээг тодорхойлох Хятадын зах зээлд ойрхон байгаа нь Оюу Толгойг үнэхээр дэлхийн хэмжээний бизнесийн боломж болгож байна” гэж тэр ярьж байв.
Монголын хөрөнгийн бирж өдөрт ердөө 100,000 ам.долларын арилжаа хийдэг тул Монголын компаниуд өөрийн дотоодын зах зээл дээрээс хөрөнгө босгоход асуудалтай тулгардаг. Лондон, Хонг Конгийн хөрөнгийн биржүүдээс гадна Нью-Йоркийн Насдак мөн Монголыг сонирхож байгаа бөгөөд Монголын албаны хүмүүстэй уулзаж ярилцсан байна. Улаанбаатар хотод байгаа Монголын Засгийн газар Таван Толгойн нүүрсний уурхайд мөн хөрөнгө оруулалт татахыг чармайж байгаа бөгөөд энэ талаархи яриа хэлэлцээ үргэлжилсээр байна. Таван толгойн ордын төслийн өртөг хоёр тэрбум ам.доллар хүрч магадгүй гэж судлаачид тооцоолж байна гэж “Bloomberg” агентлаг мэдээлээ.
Т.Бадрах